Дэлхий нүүрcнээс татгалзаж байна

Хуучирсан мэдээ: 2015.09.15-нд нийтлэгдсэн

Дэлхий нүүрcнээс татгалзаж байна

Тавантолгойг тойрсон улс төрийн тэмцэл үргэлжилж, газрын доороо 6.4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй уг орд үнэгүйдэхэд тун ойртсоор.  Уг нь үнэ хүрч, хүн тоож байх үед нь орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулсан бол улсаараа хөрөнгө мөнгөний гачаалд ороод суухгүй байх боломж Монгол Улсад хангалттай байсан. Харамсалтай нь, одоо бүх юм “байсан” гэдэг өнгөрсөн цаг дээр бичигдэх болжээ.   

Биднийг тогоон дотроо хэмлэлдэж байх зуур дэлхий нүүрснээс татгалзаж буйгаа зарласаар л байна. Дөрвөн жилийн өмнө эрчим хүчний салбарт Монгол шинэ тоглогч хэмээн цоллуулж явсан үетэй харьцуулахад манай улсын экспорт оны эхний улирлын байдлаар 6.4 сая тонн болтлоо буурсан нь ч үүний нэг илрэл биз. Дотоодын хэрүүл тэмцлээс гадна  нүүрсний үнийн уналтад дэлхийн чиг хандлага мөн Хятадын эдийн засгийн удаашрал нөлөөлж буйг албаны хүмүүс тодотгож байгаа ч цаашдаа Монгол нүүрсээ зарж, хөрөнгөжих эсэх нь улам л эргэлзээтэй болсоор байна. Хэрэв нүүрсний хэрэглээнээс татгалзах дэлхий нийтийн уриалгыг Хятад хүлээж авбал яах вэ. “Амандаа орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхээд” гаргасан монголчууд үхтлээ харамлаад байгаа тэр их нүүрсээ газарт “булаад” ядуу чигээрээ үлдэх үү?

Энэ мэт олон асуулт “Дэлхий нүүрснээс татгалзав” гэх гадаадын хэвлэлүүдээр тасралтгүй гарсаар байгаа мэдээтэй зэрэгцэн тавигдаж байгаа юм. Нүүрсний салбарын хамгийн том тоглогч нь Хятад. 

Хятад одоохондоо Монголын нүүрсийг сонирхсон хэвээр байгаа. Гэвч, тус улс цаашдаа нүүрсний хэрэглээгээ хумих бодлого барьж эхэлсэн талаар дундад  улсын хэвлэлээр мэр сэр гарах болсон. Харин барууныхан нүүрсний хэрэглээнээс татгалзаж, хөрөнгө оруулалтаа хумиж байгаагаа ил тодоор зарлаж, төсөл мөнгөө ч татаж эхэлжээ.

ЕСБХБанк: Нүүрсний төслийг санхүүжүүлэхгүй

Дэлхийн эдийн засгийн тэргүүлэх гүрнүүд дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд дэлхий даяар агаарын бохирдол, хүлэмжийн хийг үүсгэж буй нүүрсний цахилгаан станцуудын агаарт ялгаруулж буй хорт хийг багасгах зорилгоор ийм төрлийн цахилгаан станцуудын тоог цөөлөх чиглэлд эрчимтэй ажиллаж байгаа юм.

Тухайлбал, сүүлийн  хоёр  жилийн хугацаанд АНУ, Европ тэргүүтэй орнуудын төв банк, санхүүгийн байгууллагууд сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй технологийг дэмжих, нүүрсний цахилгаан станцуудад хөрөнгө оруулалт хийхгүй болсоноо албан ёсоор мэдэгдсэн билээ. Учир нь цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний байгальд ээлтэй шинэ эх үүсвэр хэрэглэх бодлого нь баруунд сонгогчдын дэмжлэгийг авах  улстөрийн гол сэдэв болж байгаа төдийгүй, шинжлэх ухаан, технологийн дэвшил ч мөн үүнд чиглэж байна.

Энэ оны зургадугаар сард Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан гэгддэг Норвегийн хөрөнгө оруулалтын сан  нь нүүрсний салбарт цаашид хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ мэдэгдсэний дараа Европын банкууд Энэтхэг, Малайз зэрэг орнуудад хэрэгжүүлэхээр зэхэж байсан нүүрсний цахилгаан станцын төслөөсөө татгалзаж буйгаа зарлалаа.

2013 оны зургадугаар сард Америкийн ерөнхийлөгч Барак Обама “Америкийн Эксим банк нүүрсний цахилгаан станцад цаашид хөрөнгө оруулалт хийхгүй” хэмээн мэдэгдсэний дараа 2014 оны аравдугаар сараас Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци гэх хоёр том санхүүгийн институт АНУ-ын уг бодлогыг хүлээж авч мөрдлөг болгохоо зарласан юм. Харин үүний дараа дэлхий даяар том төслүүдэд санхүүжилт олгодог томоохон бодлогын банк болох Европын сэргээн босголт, хөгжлийн банк нүүрсний цахилгаан станцуудад хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ өнгөрсөн наймдугаар сар мэдэгдлээ.

Түүнчлэн энэ оны зургадугаар сард Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан гэгддэг Норвегийн хөрөнгө оруулалтын сан  нь нүүрсний салбарт цаашид хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ мэдэгдсэний дараа Европын банкууд Энэтхэг, Малайз зэрэг орнуудад хэрэгжүүлэхээр зэхэж байсан нүүрсний цахилгаан станцын төслөөсөө татгалзаж буйгаа зарлалаа.  

Норвегийн сангийн энэхүү шахалт, шаардлага нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийн том компаниуд болох “Рио Тинто”, “BHP Billiton”, “Vale, Anglo American” зэрэгт нөлөөлж эхэлжээ. Тэд нүүрсний салбарт оруулсан болон оруулахаар төлөвлөж байсан хөрөнгө оруулалтуудаа эргэн харахад хүрч байна. Тус сангаас эдгээр том компаниудад нүүрсний салбарт оруулсан хөрөнгө оруулалтаа ойрын таван жилийн дотор 50-70 хувь хүртэл бууруулах, цаашид нэмэгдүүлэхгүй байхыг шаардаж байгаа бөгөөд энэхүү шаардлагыг хангаж байгаа нөхцөлд бусад төслүүдэд нь санхүүжилт хийнэ гэдгээ мэдэгджээ.

Монголд нүүрсний бодлого бий юу?

Дэлхий нийтээр нүүрсний хэрэглээнээс татгалзаж, улс орнууд байгальд ээлтэй, хямд цахилгааны эх үүсвэрийг чухалчлах болсон.  Хэдийгээр цөмийн эрчим хүчний аюулыг дэлхий мэдэх ч, эдийн засгийн хувьд багагүй ач холбогдолтой, хямд цахилгаан үйлдвэрлэдэг автомын цахилгаан станцуудынхаа тоог улс орнууд нэмсээр байгаа юм. Тэд энэ салбарт шинэ технологийг санал болгож, илүү аюулгүй, найдвартай цөмийн эрчим хүчний үйлдвэрлэгчийг барьж байна.

Дэлхийн нийтийн барьж байгаа чиг хандлагаас Монгол тэс өөр бодлого хэрэгжүүлж буй. Нүүрсээ хав дарах нь ирээдүйд хэрэгтэй гэх “гэнэн” ойлголтоосоо салаагүй эх орончдын буянаар ч юм уу, гайгаар ч гэх үү, Монгол Улс нүүрстэйгээ үлдэж байна. Дахиад таван жил, арван жил өнгөрвөл дэлхийн нүүрснээс тэр чигтээ татгалзаж, үнэгүй өгье гэхнээ тоож авах хүн олдохгүй болох нь. Өнөөдрийн боломж маргааш дахин олдохгүй гэдэг. Ирээдүйд эдийн засгийн баталгаатай, хөгжилтэй Монголыг үлдээхийн тулд өнөөдөр “хоосон” хонох нь утгагүй хэрэг. Мөнгөгүй улсын ирээдүй мөнгөгүйн зовлонгоо л амсана шүү дээ.

Төсвийн дөрөвний нэгийг бүрдүүлж ирсэн нүүрсний салбар өнөөдөр дампуурлаа зарлахад ойртжээ. Нүүрсний салбар бие даасан хуультай, бие даасан бодлоготой байх ёстой. Гэвч, тэр бодлого байна уу. Бодлогогүй салбарыг хэн ч “бодлоготой”-гоор  хорлож болох биш үү.

 Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж