Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Цэцэн билэгт ерөөлч

Бархасын Эрдэнэбаатартай говийн сайхан хангай, Дэлгэрхангайн уулын арханд санамсаргүй уулзлаа. Гангийн наранд хүрэнтэж борлосон энэ малчин эр юү харснаа цэцлэн ерөөдөг билэг танхай нэгэн аж.  Ерээд оны эхээр Өмнөговь аймагт ерөөлчдийн улсын уралдаан болох тухай радиогоор сонсчихоод “Ерөөгөөд үзвэл яадаг юм бол” гэсэн сониуч зан хөдөлсөн гэнэ. Сайндаа л айл гэрийн найран дээр амьтан хүний шаардсанаар  бэлгэтэй хэдэн үг хэлж байсан Эрдэнэбаатарт Улсын уралдаанд үзэлцэнэ гэдэг дэндүү ахадсан ажил шиг санагдсан ч Дэлгэрхангайн Толийн булаг дахь нутгаас хуучин “Планет”-аа асаан Өмнөговийг зориод давхичихаж.

Тоосоо ч гөвөлгүй яваад орчиход уралдаан эхлэх болж радиогоор нэрийг сонссон  нэр цуутнууд суудлаа эзэлсэн байж. Хөдөөх эрийг сонжсон, сонирхсон, бассан, эргэлзсэн харцаар угтсан эрхмүүд хэрэг зоригийг асуугаад “Энэ хүүхэд ерөөх гэж иржээ” гэлцэн гайхацгаан бүртгэж авчээ. Уралдаанд оролцогчид даваа бүрд  сэдвээ сугалдаг. Тэр сэдвээ хэдэн минут бодсоны эцэст шууд цэцлэн ерөөх учиртай. Энэ тухай нь асуухад Б. Эрдэнэбаатар “Ер нь Бодол ихэдвэл дэмий. Шууд хэлчих нь амар юм билээ, Над анхны тэмцээнд “Доллор” гэсэн сэдэв таарсан. Би ямар Доллор барьж үзсэн биш, Доллороор наймаа арилжаа хийсэн ч биш. Тэгээд л ойр зуурын мэдээлэл, сонссон дуулснаа эвлүүлээд ерөөсөн. Танхим чив чимээгүй болоод шүүгчид их анхаараад эхлэхээр илт зориг орсон, дуугаа ч эгзэгтэй үед чангаруулаад л… Нэг мэдсэн дөчөөд минут ерөөчихсөн байсан. Тэгээд дүн гарахад алтан медаль зүүдэг байгаа. Санаанд ормооргүй явдал болсон л доо” гэж байна.

Шууд цэцлэн ерөөдөг гэхээр хүмүүс сорих гээд “Үүнийг ерөөчих, түүнийг ч ерөө” гэж шахдаг. Үзэгдэх байдлыг бол хараад ерөөчихнө. Дотоод мөн чанарыг гэхээр тодорхой мэдээлэлгүй бол яаж, юү гэж хэлэх юм билээ. Ерөөхөд бас учир байх нь.

…Зээ

Асар тэнгэр сансрын
Алс орон зайнаас
Анивчих олон ододын
Алив нэгэн цэгээс
Алтан нартай эрхсүүдийн
Амьдрал хайрласан гаригаас
Амраг мөнгөн сартай
Ачит буурал дэлхийгээс
Эх сайхан байгалийн
Эрүүл онгон хөрснөөс
Их хөвчин Монголын
Инэлханы нутгаас.. гээд л Эрдэнэбаатар ерөөлөө эхэлнэ.  Дуу нь өндөрсөж намсаад л, амьсгаа авалгүй хэсэг урсгаад л, аргагүй л цэцлэн ерөөнө. Ёстой хэлэх шиг болно доо.

… Зээ

Эрт цагийн түүхэнд
Чинхан гэжбичигдсэн
Эдүгээ бидний үедээ
Дэлгэрхангай гэж нэрлэгдсэн
Хангай цэнхэр уулыг
Хоймор голлон тахьсан
Хадаг номин говийг
Хаалга дэлгэн урьсан
Өндөр сүрлэг хангай
Өргөж тахиж ирсэн
Өрмөн шаргал говийг
Өмгөөлж хамгаалж явсан
Бүгээн цагаан  адуу
Унага дагуулан хатирсан
Бүдэг саарал зэрэглээнд
Байдал ингэж тодорсон
Байц өндөр уул
Бараа сүртэй хайрхан… гээд Дэлгэрхангай уулаа хэдэн арван минут цэцлэн ерөөх жишээний.  Тэр нүд, шүд, чих, хамар, эмээл, дөрөө, мөнгө, ааруул, өрөм …гээд юү харснаа ерөөнө. Тэдгээр ерөөл  урын санд нь байгаа ч соронзон хальсанд бичээгүй л бол дахиад тэр чигээр нь ерөөх боломжгүй. Энэ бол цэцлэн ерөөгчдийн онцлог.

…Зээ

Анд найзууд уулзаж уудаг
Анги олноороо нийлж уудаг
Айл хөршөөн дайлж уудаг
Ах дүү саднууд золгож уудаг
Машин аваад мялааж уудаг
Медаль аваад дүрж уудаг
Тэрэг аваад тэмдэглэж уудаг
Тэмцээнд ороод танилцаж уудаг
Өртөг үний нь төлж уудаг
Өөрсдөө мөнгөгүй бол зээлж уудаг
Ганц нэг шилээр нь дамнаж уудаг
Гуйж түүгээд ядарч уудаг
Хээгээ бараад нэхэж уудаг
Хэнээ тусаад эрж уудаг
Шөнө дөлөөр хэсч уудаг
Шагийн архи сурж уудаг
Солио тусаад эрж уудаг
Согтоод унатлаа донтож уудаг
Шараан тайлах гээд
Салгалж уудаг
Сэргэж босоод дахиж уудаг
Санаа алдаад гутарч уудаг
Сайхан байна гээд сагсуурч уудаг
.Дөрөв таваараа дарвиж уудаг
Дотно нөхөд гээд доргиж уудаг… гээд архичны дүр төрх, хор уршгийг нүдэнд харагдтал ерөөнө. Ер нь Бархасын Эрдэнэбаатарыг ерөөл хэлүүлээд байя гэвэл хэдэн ч өдрийг авч мэднэ. Дундговь аймгийн Дэлгэрхангай сум алдартан, гавьяатан олонтой. Тэдний араас Ерөөлч магтаалчдын улсын уралдааны алт, мөнгөн медалиар энгэрээ дүүргэсэн, “Монгол улсын дэд өргөмжлөлт ерөөлч” цол хэргэмтэй цэцэн билэгт малчин эр Бархасын Эрдэнэбаатар авьяасаараа аархан төрөн гарч ирсэн юм.

Авьяас билгийн тэнгэр түүнийг үргэлж ивээж цэцэн цэлмэг үг нь үеийн үед цээжнээс нь урсан байх болтугай.

С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж