&#34Л.Гурченко бид хоёр бие, биедээ татагдсан ч больцгоосон&#34

Хуучирсан мэдээ: 2015.09.15-нд нийтлэгдсэн

&#34Л.Гурченко бид хоёр бие, биедээ татагдсан ч больцгоосон&#34

Ирэх сард 80 насны босго алхах гэж буй ЗХУ-ын ардын жүжигчин А.Жигарханян өөрөөсөө үе мултарсан залуухан бүсгүйн төлөө 40 шахам жил ханилсан эхнэр Татьянагаасаа гэрлэлтээ цуцлуулсан гэсэн мэдээлэл хэдэн хоногийн өмнө хойд хөршийн хэвлэлээр цацагдаж шуугиан тарив. Гэхнээ нь мань эр албан ёсны эхнэртэйгээ аль “уже” амьдрахаа больсон байжээ. Албан ёсны эхнэр Татьяангийнх нь нэр бүртгэлд л хамт бичигдсэн болохоос олон жилийн өмнө АНУ-ыг зорьж, тэндээ одоо болтол амьдарч байгаа юм байна. Манай баатар харин Виталина Цимбалюк-Романовский хэмээх 34 настай бүсгүйтэй хамт амьдарч байгаа аж. Төгөлдөр хуурч мэргэжилтэй энэ бүсгүй 2008 онд А.Жигаханяны даргалдаг Москвагийн драмын театрт хөгжимчнөөр орсон байна. Улмаар Армен Борисовчичтой романс үүсгэж, өдгөө тус театрынхаа хөгжмийн салбарын захирлаар ажиллах болжээ.   

Үе мултарсан залуу бүсгүйтэй хамт амьдарч байгаа болохоор нь түүнийг “шар сэмжилсэн” гэж бодуузай. Хэргийн гол учир нь хүүхнүүд өөрсдөө тун ч талтай байдагт юм. Тэрбээр туулсан амьдрал, улирсан баларсан хайрын романсуудынхаа талаар ийнхүү ярьж байна.  “Жүжигчдийн эхнэр, нууц амраг, найз бүсгүйчүүд нь тэдний уналт, сэргэлтэд ямар их нөлөөлдөг гэж санана. Үнэндээ амьдрал их хурлын танхимын биш, гал тогооны өрөөний ширээний ард шийдэгддэг юм шүү дээ. Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн хонгилд зогсч байхад минь нэг өвөгжөөр хүн “Чи армян хүн үү” гэж асууж билээ.

17 настай, хүсэл тэмүүлээс өөр юу ч мэдэхгүй хүү байхдаа тэр том сургуульд элсэхээр зориглон очоод байсан нь тэр үед юм. Тийм гэсэн хариултыг сонссоныхоо дараа тэрбээр “Залуу минь чамд зөвлөхөд энд цагаа битгий алд. Бушуухан Ереван руу гэртээ харь. Тэнд театрын урлагийн гайхалтай сайн сургууль байдаг юм” гэж хэлж билээ. Огтоос танихгүй хүн байсан ч би зөвлөгөөг нь дагасаан. Москваг зорьсон миний анхны аялал нэг иймэрхүү байдлаар өндөрлөсөн түүхтэй. Сүүлд энэ талаар “Тэр ухаантай хүн надад сайныг хүсч тийм зөвлөгөө өгсөн байж таараа” гэж бодохыг хичээдэг болсон ч одоо хүртэл тэр явдлыг санахаар сэтгэлд нэг л сонин гомдол төрөөд байдаг юм. Ингээд би Ереванд очиж тэндхийн театр урлагийн сургуульд орлоо.

Гэтэл дөнгөж хоёрдугаар курст байхад минь Армяны орос театраас урилга ирэх нь тэр. Тэгээд дорхноо л тэдний хамгийн гол жүжигчдийнх нь нэг боллоо. Байнга гол дүрд тоглож, өөр жүжигчин бол амьдралдаа 100 хувь сэтгэл хангалуун байхаар л байлаа. Гэвч миний сэтгэл Москва руу тэмүүлсээр… Яаж ч бодсон Москва илүү агуу шүү дээ. Тэнд шинэ, шинэ театрууд зохион байгуулагдаж байгаа сураг дуулдаад л. Тэгээд манай тэнд аялан тоглолтоор ирээд л. Би тэдний дунд нь орсон байна гэж мөрөөдөөн сууна. Сүүлдээ Москва явсан бүх найзаасаа тэдгээр театруудын нэгэнд орон тоо олж өгөхийг гуйдаг болов.

Генерал болохыг мөрөөддөггүй цэргийг хэн сайн цэрэг гэх вэ дээ. Гэтэл би урлагийн гол цөм нь болсон Москва руу явахыг өөртөө хориглож байсан үе бас бий. Жаахан хүүхэд байхдаа сонссон үгсийг дотроо “Чи армян хүн юм байна… тиймээс яв даа, гэртээ харь” гэж ойлгож явсан үе болохоор тэгж хориглоод байсан хэрэг. Үнэндээ нэг алдартай эмэгтэй хүн байгаагүй бол өөрийн сайн дураар Москва явах шийдвэрийг хэзээ ч гаргахгүй байсан байх. Ереванд Москвагаас жүжигчид их ирдэг байлаа. Үнэндээ дан ганц цалин харж амьдрах хүнд учир бүх л жүжигчид аль болох томилолт авахыг хичээж, аялан тоглолтод багтчихыг хичээдэг байсан үе л дээ. Кинонд тоглох нь ч илүү мөнгө олох нэг арга болж байсан гэдгийг нуухгүй. Тэр үед олон жүжигчид энэ л шалтгаанаар кинонд тоглодог байлаа. Яг энэ үед манай театрт Эдвард Радзинскийн “Хайрын тухай 104 хуудас” гэдэг найраглалаас сэдэвлэсэн жүжиг тавигдаж, гол дүрд нь “Ленком”-ын од жүжигчин Ольга Яковлева урилгаар ирж тоглодог юм байна.

Тэрбээр миний Ричард III-ын дүрийг хэрхэн бүтээхийг үзээд танилцахаар шийджээ. Үнэн хэрэгтээ би түүнд зөвхөн жүжигчний хувиар таалагдсан ч юм биш байж. Бид Севан нуур руу хамт явж, би түүнийг Кавказчууд хамгийн хүндтэй зочиндоо барьдаг ишхван загасаар дайлж… тэр байтугай л юм болсон доо. Би эргэн тойрон дахь өндөр уулсыг заагаад “Чи харж байна уу, эд бүгд минийх. Би дөнгөж 30-хан настай, долоон жүжгийн гол дүрд тоглосон. Зарлалын самбарын хамгийн эхэнд миний нэр байдаг” гэх зэргээр онгирсон юм. Гэтэл тэр инээмсэглээд “тэгээд цаашаа яах вэ” гэж асуусныг санаж байна. Үнэндээ би энэ асуултад хариулж чадахгүй байсан. Аз болоход Яковлева хариулт хүлээлгүй ярианы сэдвийг өөрчилж билээ.

Удалгүй тэр Москва явж, би бахь байдгаараа үлдсэн. Гэтэл тэр Москвад очоод найруулагч Анатолий Эфрост миний тухай ярьсан юм байж. Ингээд би “Ленком”-д ирж, хувь заяа шийдэгдэж байгаа юм.         
    
Людмила Гурченкотой гэрлэж болох байлаа

“Ленком”-оос гарсны дараа. Станислав Говорухины “Цагаан дэлбэрэлт” хэмээх кинонд тоглож байхдаа Люся Гурченкотой танилцаж билээ. Түүн шиг сонирхолтой эмэгтэйтэй өмнө нь би хэзээ ч учирч байгаагүй гэдгээ шууд л ойлгосон юм даг. Жүжигчний хувьд ч тэр, хувийн харилцааны хувьд ч тэр. “Усан дээр гал асахыг тэр бүр харж чадахгүй” гэдэг үг байдаг шүү дээ. Тэр яг л тийм байсан. Тэгээд би жагсаалтдаа нэмсэн. Түүнтэй уулзах үргэлж сонирхолтой байдаг байлаа. Тэрбээр нөхөр болох хүнээ ийм байх ёстой гэж ярина, дараа нь огт өөр хүнийг төсөөлнө. Гэвч харамсалтай нь сүүлдээ салж дууссан даа. 

Х.БАТСАЙХАН

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж