Монголчууд бид өнөөдөр хүнд суртлыг биеэрээ мэдэрч байгаа билээ. Төрийн байгууллага хүнд сурталтай гэж маш олон хүмүүс өнөөдөр хэлж байна. Тэгвэл хүнд суртал гэж юу юм бэ? Хүн бүр өөр өөрсдийн амьдралын туршлагадаа тулгуурлан, хүнд суртлын талаар тодорхой ойлголт, төсөөлөлтэй биз ээ.
Миний бие өнөөдрийн нийтлэлээрээ шинээр ажилд орж байгаа ажиллагсад, ялангуяа залуу, шинэ төгсөгч нарт тулгардаг, бидний олж хардаггүй хүнд суртлын талаар дэлгэхийг хүслээ. Байгууллагад ажиллаж байгаа хуучин ажиллагсад, шинээр орж байгаа ажилтнаар кофе, цайгаа зөөлгөж, шинэ ажилтныг бичиг цаас канондоход “зардаг”. Ингэж байж шинэ ажилтан байгууллагын бизнесийн процессийг ойлгож, дасан зохицдог гэж үздэг. Энэ бол өнөөгийн нийгэмд нийтлэг, жирийн л үзэгдэл. Ингээд шинэ ажилтан маань кофе, цай зөөх, бичиг цаас канондохоос ажлын гараагаа эхэлдэг. Дараа нь байгууллагын үйл ажиллагааны талаар бүрэн мэдээлэлгүй, ажлаа хийхэд шаардлагатай мэдээллийг аваагүй учраас мэдээж удирдах албан тушаалтан, хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ асуудаг. “Чи энэ ажлыг хийх гэж цалин авдаг юм байгаа биз дээ”, “Би завгүй байна, өөрөө учраа ол” гэх мэт дургүйцэлтэй тулгараагүй хүн ховор биз дээ. Ингээд хойшид тэднээс асуухаасаа ч зүрхшээж, өөрийн “бор зүрхээрээ”, мэдрэмжээрээ ажлаа хийдэг. Магадгүй хэдэн жилийн дараа нөгөө шинэ ажилтан маань “хал цэрэг” болж, шинээр ажилд орсон хүнд мөн л ийм байдлаар хандаж, ийм нэгэн соёл өнөөгийн нийгэмд маань бий болоод байна. Манай нэг найз охин co-worker-нхоо тухай ярихдаа яг дээрхи түүхийг надад өгүүлсэн юм. Үнэнийг хэлэхэд надад ч бас ийм асуудал тулгарч л байсан.
Энэ бол шинэ ажилтны хувьд байгууллага дээр нэн тэргүүнд тулгардаг хүнд суртлын тод жишээ юм. Энэ хүнд суртал маш их хор уршгийг дагуулж байдаг. Яагаад гээч?
Шинэ ажилтан байгууллагын үйл ажиллагааны талаар бүрэн мэдээлэлгүй, өөрийн хийж байгаа ажил нь байгууллагад ямар хувь нэмэр оруулдгийг мэдэхгүй, өөрийн үнэ цэнээ мэдрэхгүй, ажлын утга учраа бүрэн ойлгохгүй (товчхондоо юу хийгээд байгаа зорилгоо ойлгохгүй) бол доорхи сөрөг үр дагаврыг дагуулдаг. Үүнд:
Ажилтан өөрийн ажлын зорилгоо мэдэхгүй учраас, байгууллагад ямар хувь нэмэр оруулахаа мэдэхгүй, эргэлзэнэ. Өөрөөр хэлбэл, ажлын гүйцэтгэл нь сул байна.
Өөртөө итгэх итгэл нь буурч, улмаар сэтгэл ханамжгүй болно. Ингэснээр цаашид тогтвор суурьшилтай ажиллах нь эргэлзээтэй болно.
Өнөө маргаашаа аргацааж, хүний хий гэсэн ажлыг гүйцэтгэх төдийгөөр ажлын агуулгаа тодорхойлно.
Шинэ санаачлага, бүтээлч байдал буурна
Сурсан мэдсэнээ мартаж, байгууллагад тогтсон хэв маягт “дасан зохицоно”.
Олон улсад амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бүх ажиллагсаддаа өөрсдийнх нь хийж байгаа ажлын утга учир, байгууллагын зорилгодоо хүрэхэд тэд ямар хувь нэмэр оруулж байгааг ойлгоход нь маш их анхаарал тавьж ажилладаг. Саяхан миний уулзсан нэр хүнд бүхий нэгэн бизнесийн зөвлөх өөрийнхөө тухай ингэж ярьсан юм. Тэрээр япон улсын нэгэн байгууллагад 1 сарын хугацаатай судалгаа хийхээр очсон юм байна л даа. Гэтэл тухайн байгууллагаас түүнд байгууллагын үнэт зүйл, зорилго, зорилтууд, бизнесийн процесс, түүний хийх ажил нь байгууллагын аль процесстой холбогдох, яагаад чухал гэдгийг маш сайн тайлбарлаж өгсөн байна. Уг байгууллагын зүгээс бүх ажиллагсдад ингэж тайлбарлаж өгөх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм байна л даа. Ингээд тэр зөвлөх өөрийн болоод ажлынхаа үнэ цэнийг ойлгож, амжилттай ажилласан бөгөөд, одоо Монгол Улсдаа нөлөө бүхий бизнесийн зөвлөхөөр ажиллаж байна.
Эцэст нь байгууллагууд шинэ ажилтнаа дасан зохицох, цаашид бүх ажиллагсдаа байгууллагадаа оруулж байгаа үнэ цэнээ ойлгоход нь анхаарал хандуулдаг байгаасай гэж хүсч байна. Байгууллага зөв соёлтой, үр бүтээлтэй ажиллахад ажилтан бүрийн оруулж чадах энгийн бөгөөд эхний алхам бол шинэ ажилтандаа байгууллагаа маш сайн танилцуулж, ажлаа ойлгоход нь тусалж дэмжих юм шүү.
Эх сурвалж: biznetwork.mn