2015 оны 9-р сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-ын Далиан хотод Дэлхийн Эдийн Засгийн Зуны Чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдсан билээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт нар Монгол Улсын “Бодь Интернэшнл” ХХК болон БНХАУ-ын “Пауэрчайна Ресурсэс” ХХК нарын Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлд хамтран хөрөнгө оруулах Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн хүрээнд 1 тэрбум гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалтаар, 600 МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц, 70 км урттай хос хэлхээт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, жилд 3 сая тн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхайг барьж байгуулахаар төлөвлөжээ.
Тус станц нь Улаанбаатар хотоос 120 км зайд орших Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн баригдах тул газар зүйн байршил, дэд бүтцэд ойр, уул уурхайн олборлолтын нэн тааламжтай нөхцөлтэй юм. Иймд Монгол Улсад хамгийн өртөг багатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэх боломжтойг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Цахилгаан станцын барилгын ажил 2016 онд эхлэх бөгөөд 2019 оноос жилд 1.6 тэрбум кВт.цаг, 2022 оноос 3.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ. Ингэснээр Монгол Улс гадаадаас эрчим хүч импортлох шаардлагагүй бөгөөд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлт хэрэгцээг дотооддоо бүрэн хангах найдвартай эх үүсвэртэй болох ач холбогдолтойг албаныхан өндрөөр үнэлж байна.
Хятадын хөрөнгө оруулагч тал болох “Пауэрчайна Ресурсэс” ХХК нь БНХАУ-ын төрийн өмчит “Пауэрчайна” (Powerchina) корпорацийн гадаадад хөрөнгө оруулалт хийх эрх бүхий салбар компани юм.
2013 оны байдлаар “Пауэрчайна” корпораци нь БНХАУ-ын усан цахилгаан станцын нийт хүчин чадлын 70%, дулааны цахилгаан станцын нийт хүчин чадлын 48.7%-ийг дангаараа хийж гүйцэтгэсэн, 200,000 гаруй ажилтантай, дэлхийн 71 улс дахь 148 салбараараа дамжуулан 728 төсөл хэрэгжүүлжээ. Тус корпораци нь зураг төсөл, төлөвлөлт, судалгаа, барилга угсралт, дэд бүтэц, усан цахилгаан станц, дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан дамжуулах шугам, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага юм.
Монголын талын хөрөнгө оруулагч “Бодь Интернэшнл” ХХК нь 1993 оноос хойш тасралтгүй 22 жилийн турш банк санхүү, хэвлэл мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн удирдлага, барилга угсралт, барилгын удирдлага, уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн томоохон компаниудын нэг билээ.
Төслийг хэрэгжүүлэгч “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь төслийн судалгааны ажлыг 2011 оноос эхлүүлсэн бөгөөд холбогдох инженер геологи, гидрогеологи, байгаль орчин, техник эдийн засгийн иж бүрэн, цогц судалгааг дэлхийд нэр хүндтэй Германы RWE, БНСУ-ын Samsung Engineering зэрэг мэргэжлийн компаниудтай хамтран гүйцэтгэж төслийг эхлүүлэхэд бэлэн болгоод байна.