Америкийн нэгдсэн улсын төрийн томоохон байгууллагуудын дотоод сүлжээ, мэдээллийн баазад хакерууд халдан тодорхой хэмжээний мэдээллийг хулгайлах явдал удаа дараа давтагдаж байгаа билээ. Үүнд Вашингтон Хятадын талыг эрс буруутгаж, албан мэдэгдлүүдийг хийж байсан юм. Харин Хятадын зүгээс уг цахим халдлагуудад буруутай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй юм.
Өнгөрсөн баасан гаригт л гэхэд АНУ-ын засаг захиргааны зүгээс Хятадын талыг үндэслэлгүйгээр кибер халдлагад буруутгасныг Хятадын тагнуулын албаны өндөр дээд тушаалтан эрс буруушааж, энэхүү хардлага сэрдлэгээ зогсоохыг шаардсан юм. Хакерууд АНУ-ын зэвсэглэлийн сүүлийн үеийн системийн талаарх мэдээлэлд Хятадын хакерууд нэвтэрсэн хэмээн Пентагоны шинжлэх ухааны зөвлөлийн бэлтгэсэн тайланд дурьдсан талаар “Washington Post” сонинд нийтэлжээ. Америкийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем, цэргийн хөлөг онгоцуудыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх хөтөлбөрүүд зэрэг 20 шахам төслийн мэдээллийг хакерууд олж авсан тухай бичсэн байна. Шинжээчдийн анхааруулж байгаагаар хакеруудын дайралтын үр дүнд Хятад улс хамгийн сүүлийн үеийн олон технологийг ашиглах боломжтой болсон бөгөөд энэ нь Хятадын зэвсэглэлийн хөгжлийг эрс хурдасгах төдийгүй ирээдүйд болж болзошгүй мөргөлдөөнд АНУ-ын давуу талыг бууруулж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Мөн өнгөрсөн оны тавдугаар сард АНУ-ын шүүхээс Хятадын таван офицерийг худалдааны нууц мэдээллийг хулгайлснаас гадна цахим халдлага үйлдэж эдийн засагт заналхийлсэн хэргээр буруутгасан юм. Түүнчлэн АНУ-ын Хууль зүйн яамнаас Хятадын засгийн газар нь АНУ-ын компаниудын технологи болон инноваци зэргийг хулгайлахаар оролдсон гэж үзэж, мөн зарим ажилчдыг ч хууль бусаар булаан авсан гэж үзсэн юм. 2002 оноос хойш халдлагад өртсөн гэж үзэж байгаа АНУ-ын зургаан компани нь нарны сэргээгдэх эрчим хүч, металл үйлдвэрлэл болон цөмийн эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд аж. Тэднээс гадна хэдэн зуун хохирогч компани байгаа гэж АНУ-ын хууль зүйн яамнаас онцолсон байсан юм.
Хятадын Гадаад хэргийг яамны хэвлэлийн төлөөлөгч Хонг Лэй өдөр тутмын сонинд өгсөн мэдээлэлдээ “Хятад, Америк хоёр улсын хамтын ажиллагааг кибер халдлагын хэргүүд хөндийрүүлэх учиргүй. Бид кибер аюулгүй байдлыг хангах тал дээр хамтран ажиллах нь зүйтэй. Бид энх тайван, аюулгүй, нээлттэй хамтын ажиллагааг эхлүүлснээр АНУ-ын зүгээс Хятадын эсрэг үндэслэлгүй дайралт хийхээ зогсооно гэж найдаж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Харин Обамагийн засаг захиргаа үндэсний аюулгүй байдал болон худалдааны асуудал хариуцсан албаны хүмүүсийн цахим хаяг болон мэдээллийн бааз руу сүүлийн таван жилд Хятадын хакерууд удаа дараа хууль бусаар нэвтэрч мэдээлэл хулгайлсан хэмээн буруутгаж, кибер халдлага үйлдсэн хятадын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж магадгүй болоод байгаа юм.
Эдгээр асуудлуудтай холбогдуулан БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д удахгүй хийхээр товлосон айлчлалаа цуцалж магадгүй болоод байна.
БНХАУ-ын дарга Си энэ сарын сүүлээр АНУ-д дээд хэмжээний уулзалтад оролцож, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаар төлөвлөөд байгаа билээ.
Дашрамд сануулахад, АНУ Хятадын харилцаа Өмнөд Хятадын тэнгис дэх арлын маргаан, Хятад улсын шинээр байгуулсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг хэд хэдэн асуудлуудаас үүдэн нэлээд хүйтрээд байгаа юм.
Н.ЦЭНД