Жилд 40 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана

Хуучирсан мэдээ: 2015.09.15-нд нийтлэгдсэн

Жилд 40 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана

Чингис бондоос 500 сая төгрөгийн зээл авч, жилд 40 тэрбум төгрөгийн ашиг олох ноосны үйлдвэрийг Өвөрхангай аймгийн Арвайхээрт байгуулжээ. Нийт таван тэрбум төгрөгийн өртөгтэй боссон "Ноос Ирээдүй"  үйлдвэр өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оржээ. Тус үйлдвэр өдөрт 13-15 тонн ноос угаах, 250-270 килограмм ноос самнаж, боловсруулах техник, технологийн хүчин чадалтайгаар ажиллаж байна. Одоохондоо хагас боловсруулсан бүтээгдэхүүн гаргаж, 70 хувийг нь урд, хөршид, үлдсэн 30 хувийг нь дотооддын хивс, сүлжмэлийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг гэв. Харин түүхий эдийн тухайд зах зээлийн ханшаар тооцон авдаг. Тухайлбал, хонины ноосыг килограмм тутмыг 750 төгрөгөөр худалдан авч, угаагаад 2500 төгрөгөөр хагас боловсруулсан ноосоо бусдад худалдаалдаг байна.

Жилд таван мянган тонн ноос угааж,  самнах хүчин чадалтай тус үйлдвэрийн дөнгөж 70 орчим хувь л ашиглалтад оржээ. Тодруулбал орон нутгийн 250 иргэнийг ажлын байртай болгохоос одоогоор 160 иргэн нь ажилтай болсон байна. Энэ нь эх орондоо жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлээд зогсохгүй, орон нутгийн иргэдийн сарын орлогт ч бодитой хувь нэмэр оруулж буйг албаныхан үнэллээ. Зээлийн гэрээ ёсоор сард 34 сая төгрөгийг төлж, 2018 онд төслийн зээлээ "Ноос Ирээдүй" компани хаана.

Цаашид технологоо сайжруулж, үйлдвэрээ өргөтгөн оёмол хөнжил, малгай ороол буюу сүлжмэл эдлэлийг үйлдвэрлэж, зах зээлд гаргах төлөвлөгөөг "Ноос Ирээдүй"-ийнхэн зорьжээ. Товчхондоо 2018 он гэхэд энэ үйлдвэр сумын төв шиг жижиг хотхон болон өргөжинө гэсэн итгэлтэй байна. Одоо хамгийн гол нь түүхий эдээ Өвөрхангай, Төв, Архангай, Баянхонгор, Дундговь зэргээр аймгуудаас авдаг тээврийн боловсронгуй системтэй болох саналаа "Ноос Ирээдүй" үйлдвэрийнхэн Аж үйлдвэрийн сайдад уламжиллалаа. Учир нь ойролцоох хоршоодын ноос, ноолуур, тэмээний ноос тус үйлдвэрийг алгасаж, Улаанбаатар хот руу түүхий эдээ зөөдөг тухай үйлдвэрийнхэн онцолсон юм.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж