Монголын оюутны холбооноос /МОХ/ нийтийн тээврээр оюутныг үнэгүй зорчуулах эрхийг нь хязгаарласан гэх шалтгаанаар Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албан тушаалтныг шүүхэд өгсөн хэмээн мэдээллээ. Тэдний зүгээс “Оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх нь хууль журмын хүрээнд баталгаажсан байдаг. Гэтэл өдөрт хоёр удаа л автобусанд суухад үнэгүй, бусад тохиолдолд мөнгөөр явах болсон нь хууль журмыг зөрчсөн үйлдэл” гэж үзэж байна.
Мөн МОХ-ны зүгээс одоо хэрэглэж байгаа U Money карт нь тухайн оюутны нэр, овгийн бүртгэлгүй. Тиймээс цахим картыг дамлан борлуулах эрсдэлийг үүсгэж байгаа гэв. Энэ мэтчилэн оюутнуудын эрх ашигт харшилсан, хуулиар заасан эрхэнд нь халдаж байгаа гэж үзэн хотын даргыг шүүхэд өгснөө өнөөдөр мэдээлсэн юм.
Б.ЗАЯА