Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МҮЭХ/ салбар бүрийн иргэдийн төлөөллийг хамруулсан тайван жагсаалыг Чингисийн талбайд зохион байгуулж байна. Өнөөдрийн жагсаалд эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр гээд салбар бүрийн төлөөлөл, орон нутгийн иргэд ч ирж оролцож байгаа юм.
МҮЭХ-ны мэдээлж буйгаар өдөр тутмын хүнсний хэрэглээ гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны үнэ 13-69 хувиар өссөн.
Орон сууцны үнэ л гэхэд жилийн жилд дор хаяж 50 хувиар өссөн тооцоог тэд гарган дурьдав. Тухайлбал, 2013 онтой харьцуулахад цахилгааны үнийг оруулахгүйгээр тооцоход нийслэлд нэг өрөө байрны сарын төлбөр 55.8 хувиар, хоёр өрөө байрны төлбөр 56.4 хувиар, гурван өрөө байрны зардал 86.1 хувиар тус тус нэмэгдсэн гэв. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутны 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр дунджаар 25 хувиар өссөнийг дурьдсан юм.
Тиймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт туссан хямралыг хохирол багатай даван туулах, бага орлоготой ажиллагчдын татварын хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлсний худалдан авах чадварыг сэргээх асуудлуудаар Засгийн газрын зүгээс хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг МҮЭХ-ныхон шаардаж байгаа юм байна.
Жагсаалд нийслэлийн дүүргүүд, аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн төлөөлөл оролцож, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байгаа аж.
Тэд Засгийн газраас нэн тэргүүнд иргэдийг сайхан амьдруулах олон төрлийн амлалтаа эргэн санахыг шаардаж байна. Дээрээс нь:
-Үйлдвэрлэл үйлчилгээний уналтыг бууруулах, өсөлтийг дэмжихийн тулд төрөөс тогтоодог эрчим хүч, дулааны суурь зардлуудыг зохистой түвшинд байлгах
-Гадаад зах зээлийн нөхцөлтэй уялдуулан дотоодын бензин, түлш шатахууны үнийг бууруулах
-Ажлын байрыг шинээр бий болгохын тулд татвар, хөрөнгө оруулалт, зээл, эргэлтийн хөрөнгөөр дэмжин эрэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах
-Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.
Жагсаалд оролцогчдын зүгээс УИХ, Засгийн газарт тодорхой мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж буй юм. Шаардлага, мэдэгдэлдээ ийнхүү тусгажээ.
БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД