10 хувиа 5 хоногт төлнө

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

“Буянт Ухаа-2” хороололд орох хүсэлтэй иргэдийн захиалгыг Төрийн орон сууцны корпорацид /ТОСК/ өнгөрөгч даваа гаригаас бүртгэж эхэлсэн. Бүртгэлийн ажиллагаа одоо ч гэсэн үргэлжилж байна.

Эхний ээлжинд “Буянт Ухаа-1” хорооллын журмыг хангасан ч сугалаанд шалгараагүй иргэдэд давуу эрх олгож бүртгэсэн гэдгийг ТОСК-иас мэдээллээ. Өмнө нь журмын нөхцөл хангасан ч сугалаагаар шалгараагүй 4300 гаруй иргэн байгаа аж. Эдгээр иргэдэд давуу эрхтэйгээр бүртгэл явуулжээ. Захиалга эхэлснээс хойш гурван хоногийн хугацаанд “Буянт-Ухаа 2” хороололд байр авах хүсэлтэй 700 орчим иргэн хандаж, үүнээс 420 гаруй иргэд байрны захиалгаа өгчээ.

“Буянт Ухаа-2” хорооллын хувьд эхний ээлжинд 1620 айлын захиалгыг авч, барилгыг 10 дугаар сарын 31-нд улсын комисст хүлээлгэн өгөх юм. Харин үлдсэн орон сууцны барилгыг 2016 оны тавдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Иргэд юун дээр анхаарах вэ?

-Урьдчилгаа төлбөрөө тав хоногийн дотор өгнө-

ТОСК-ийн мэдээлснээр “Буянт Ухаа-1”-т шалгарсан ч сугалаагаар сонгогдож чадаагүй иргэд эхнээсээ байрны сонголтоо хийж эхэлжээ. Энэ сарын 11-ний байдлаар л гэхэд 60 орчим хүн захиалгаа өгч, байраа сонгосон байна. Байраа сонгосон иргэдэд урьдчилгаа төлбөр болох 10 хувиа тав хоногийн дотор төлөх мэдэгдэл өгч байгаа аж. Иргэд энэ мэдэгдлийг авсан даруйд тав хоногийн дотор урьдчилгаа төлбөр болох 10 хувиа банкинд төлөх ёстой юм. Хэрвээ хугацаандаа урьдчилгаа төлбөрөө төлөхгүй бол орон сууцны эрх нь хаагдаж дараагийн хүнд шилжинэ гэдгийг албаныхан анхаарууллаа.

“Буянт Ухаа-2” хорооллын бүртгэлд гарсан бас нэгэн өөрчлөлт бий. Өмнө нь “Буянт Ухаа-1” хороололд бүртгүүлэхэд төрийн албанд ажилладаг, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудад гээд тодорхой статус бүхий иргэдэд квот олгож байсан. Тэгвэл энэ удаад эдгээр статусаас гаднах иргэдэд боломж олгож нээлттэй захиалга хийлгэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, иргэн та төрийн албанд ажилладаггүй, залуу гэр бүлийн тоонд орохгүй байлаа ч “Буянт Ухаа-2” хороололд бүртгүүлэх эрх нээлттэй юм.

ТОСК-иас өгч буй гол сануулга нь иргэд банкнаас зээл авах боломжтой эсэхээ судалж мэдсэний дараа бүртгүүлэхээр ирэх хэрэгтэй гэв. Ингэхийн тулд иргэн та аль нэг банкны зээлийн эдийн засагчаас зөвлөгөө авч, орон сууцны зээлд хамрагдах боломжтой эсэхээ мэдэх, ипотекийн зээлийн журам, шалгуурыг уншиж танилцах хэрэгтэй гэдгийг сануулж байна.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж