“Ганга нуурын чуулган-2015” аялал, жуулчлалын өдрүүд есдүгээр сарын 6-7-нд Алтан-Овооны бэлд болж өнгөрлөө.
Сүхбаатар аймгийн ЗДТГ, “Соёл, яруу найргийн академи”, “Нью Жуулчин Турс”компани хамтран зохион байгуулсан "Ганга нуурын чуулган"-ы хамгийн өрнөл хэсэг нь тэмээн тэрэгтэй нүүдэл байсан юм.
Угсраа тоонотой гэр ачаалж тулгаа орой дээр нь залсан нүүдэл сумын төвөөс хөдлөн шинэ нутагт буун буутлаа мартсанг минь сануулж, бахархалыг минь огшоож байлаа.
Саахалт айлаас дутуу тэмээ, тэргээ гуйж байгаад нүүж байсан тэр сайхан цаг үедээ очоод ирэх шиг л санагдав.
Сумын иргэд үнэхээр идэвхийлэн оролцож замын дунд нүүдэл тосох, шинэ нутагт угтах үйл ажиллагааг ч зохион байгуулсан байлаа. Тэрэгний ачаа татах, гэрийн тавилгыг ном журмын дагуу тэргэнд ачих, үдэж байгаа хүмүүсийн цацал өргөх, угтаж байгаа хүмүүсийн мэнд солих, идээ ундаагаа барих, шинэ нутагт буугаад газар сонгох, гэрээ барих, тавилгаа байрлуулах, шавар зуухаа барихаас эхлээд бүх зүйлийг яг ном журмын дагуу сэргээн үзүүлж чадлаа.
Нүүдэллэх гайхамшигтай соёл маань буцан сэргэж айл болгон тэмээн тэргээрээ нүүдэг болох болтугай.
Г.АНЖИГАЙ