Чуулганыг сунгах шалтгаан одоогоор байхгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Чуулганыг сунгах шалтгаан одоогоор байхгүй

Ц.Шаравдорж: Чуулганыг сунгах шалтгаан одоогоор байхгүй

УИХ-ын хаврын чуулганыг хэзээ өндөрлүүлэх талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос тодруууллаа.

-УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулиар хаврын чуулганыг долдугаар сарын 1-нд завсарлуулах ёстой. Тэр хугацаанд амжиж чуулганыг өндөрлүүлж амжих уу. Эсвэл хугацаа сунгах болов уу?

-Дэгийн тухай хуулиар долдугаар сарын 1-нд хаврын чуулганыг өндөрлүүлэх ёстой. Хэрэв шаардлагатай бол УИХ-ын дарга цааш нь долоо хоног сунгах эрхтэй. Гэхдээ яг одоогийн байдлаар чуулганыг хугацаанд нь завсарлуулахын төлөө бүхий л ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Чуулганыг хугацаанд нь завсарлуулах учраас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороод дээр хуулиудаа хурдан хэлэлцүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авах ёстой гэсэн яриа хийгээд явж байна. Тийм учраас чуулган хугацаандаа өндөрлөх байх гэж Тамгын газар итгэж байгаа. Ер нь чуулганыг сунгана гэдэг бол нэг талаас тийм таатай ажил биш. Нөгөө талаас УИХ-ын гишүүд ихээхэн ачаалалтай ажилладаг, ядардаг учраас амралт хэрэгтэй шүү дээ. Тиймээс цагтаа завсарлахын төлөө гишүүд ч чармайж байгаа гэж хэлэх байна.

– Завсарлахаас өмнө хэлэлцвэл зохих  ямар томоохон хуулийн төсөл үлдээд байгаа вэ?

-Ерөнхийдөө хамгийн том төсөл гэвэл Сонгуулийн тухай хууль байна. Сонгуулийн хуулийг энэ чуулганаар хэлэлцэж батлах ёстой гэдгийн төлөө явж байна. УИХ дахь хоёр намын бүлэг сонгуулийнхаа систем дээр тохирч байгаа юм шиг байна. Харин пропорциональ, мажоритарийн харьцаа, хувь процент хэд байх вэ гэдэг дээр жаахан яриа байгаа. Хуулийг батлах шаардлагыг харгалзаад хоёр намын бүлэг үүнийгээ тохирчих байх гэж бодож байна.

-Тэрнээс өөр чуулган завсарлахад саад болох шалтгаан байхгүй юү?

-Өөр шалтгаан байхгүй. Долдугаар сарын 1-нээс өмнө хуулиа батлах байх. Улс орны хэмжээний янз янзын асуудлаар тодорхой шийдвэр гаргах асуудал бий. Гэхдээ хууль тогтоох үйл ажиллагааны хувьд шалтгаан байхгүй.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж