Уншигчдад тав дахь жилдээ өнгө будаг, гэрэл сүүдэр, мэдээ, нийтлэл алагласан өвөрмөц дугааруудаа барьж буй фото мэдээллийн “Гранд” сэтгүүлийн баяр үргэлжилж байна. Хөл дээрээ бат зогсч, цэх алхах болсон таван насны өдрүүдээ тэд тун өвөрмөц өнгөрүүлж байна. Үүний нэг нь өнгөрсөн бямба гаригт болсон “Мэргэжлээ зөв сонгоё” зорилтот, хүмүүнлэгийн өдөрлөг байв.
Нийслэлийн СХД-ийн 65-р бүрэн дунд сургуулийн ахлах ангийн 80 гаруй сурагчийг хамруулсан “Мэргэжлээ зөв сонгоцгооё” зорилтот өдөрлөгийн хүрээнд тус сэтгүүлийн хамт олон тэдгээр сурагчдад ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгоход нь тусалж, хэрэгцээт мэдээллээр хангах, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх агуулгаар өдрийн турш сонирхолтой аялал өрнүүлсэн юм.
Сэтгүүлийн таван жилийн босгон дээр байгуулсан “Гранд хүмүүс” сан эл хөтөлбөрийг санаачилж, өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд нийт оролцсон сурагчдын дунд эссе бичлэгийн уралдаан зарлан, шалгарсан хоёр сурагчид их, дээд сургуульд суралцах 2-4 жилийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.
Амьдралд онцолж нэрлэж болох цаг хугацааны нэгэн чухал эргүүлэг мэргэжлээ зөв сонгохоос эхэлдэг. Тийм ч учраас “Гранд” сэтгүүл, “Гранд хүмүүс” сангийнхан хүмүүнлэгийн зорилтот төслийнхөө эхний ажлыг Ерөнхий боловсролын сурагчдын төгсөх ангийн хүүхдүүдээс эхэлж, тэдэнд мэргэжлээ хэрхэн сонгох тухай гарц олоход нь туслахаар сонгосон нь энэ юм.
Өдөрлөг маш сонирхолтой, үр өгөөжтэй, онцгой хөтөлбөртэй өрнөсөн тул нэг бүрчлэн сонирхуулахыг хүслээ. “Мэргэжлээ зөв сонгох” зорилго тээсэн төгсөх ангийн сурагчид бүтэн нэг өдрийн аялал хийсэн бөгөөд өдөрлөгийн эхэнд тэд багт хуваагдан, өдрийн турш хамтрах багтаа уриа, нэр сонгохоос ажлаа эхэлсэн юм.
Сурагчид хөтөлбөрийн дагуу “Өртөөчилсөн аялал”-д гарч, “Мэдээллийн төв”-өөс гараагаа эхлэн, мөрөөдлийн мод чимж, “Би хэн бэ” зан чанар тодорхойлох болон мэргэжилтэй холбоотой тоглоомын өртөөгөөр аялав. Ингээд өдөрлөгийн үндсэн хэсэг болох хотын аялал эхэлж, ахлах ангийн 80 гаруй сурагч “Хар хорин хүрээ” хороолол, “ТВ5 телевиз”-ийн үйл ажиллагаатай танилцаж, барилгын инженер, сэтгүүлчидтэй чөлөөтэй ярилцан, барилга-хот байгуулалт, сэтгүүлзүйн салбарын талаар сонирхсон асуултынхаа хариуг олж авсан юм.
Сурагчдын аялал “KFC”-д хамтдаа үдийн цай уусны дараа үргэлжилж, Чингисийн талбайд дурсгалын зураг татуулсны дараа “Рояал” академийг зорилоо. Тус академид болсон уулзалт хүүхдүүдийн сонирхлыг татсан, хамгийн нээлттэй яриа өрнүүлсэн хэсэг байсан бөгөөд “Шинэ үе” продакшны ахлагч Н.Ариунболд ахлах ангийн сурагчдын анхаарлыг татсан тун сонирхолтой яриа өрнүүлж, тэдэнд мэргэжлээ зөв сонгох тухай үнэтэй зөвлөгөө өгсөн юм.
Өдрийг хамтдаа өнгөрүүлж, өөрсдийнхөө ирээдүйгээр аялах мэт сэтгэгдэл тээсэн сурагчид гэртээ харихыг яарахгүй байлаа. Гэсэн ч аялал маань нэг өдрөөр төлөвлөгдсөн тул бүгд өдөрлөгийн явцаа дүгнэсэн оройн тойрогтоо оролцож, ирээдүйн мэргэжлийнхээ тухай эссэ бичих уралдаанд өөрсдийгөө сойсноор гол зорилгоо биелүүлэн, зорилго-хүсэл-мөрөөдлөөр халгин цалгисан, мартагдашгүй бямба гаригийг үдсэн юм.
Хүүхэд бүр мөрөөдөлтэй. Гэхдээ тэднийг мөрөөдөлдөө зорилготойгоор хүрч очуулахын тулд бид гэрэл болж гийгүүлэх ёстой. Ийм ч үүднээс амьдралынхаа хамгийн чухал алхмыг хийх гэж байгаа ахлах ангийн сурагчдад хөтөч болох үүднээс “Гранд” сэтгүүлийн хамт олон “Мэргэжлээ зөв сонгоцгооё” зорилтот төслийг эхлүүлсэн юм.
Олон хүүхдэд итгэл, ирээдүй бэлэглэх их ажлын эхлэл, чин сэтгэлийн энэхүү уулзалт, арга хэмжээг зохион байгуулахад “Гранд” сэтгүүлийн шилдгээр нэрлэгдэж байсан урлаг, соёл, улс төр, спортын салбарын зарим алдартнууд, уран бүтээлийн “Язгуур” нэгдэл, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгоход тусалсан "Хар хорин хүрээ” хороолол, “ТВ5 телевиз”, “Шинэ үе” продакшн болон "APU" ХХК-ийн "Маамуу" брэнд сүү, "Арвайн үндэс" компанийн "Үндэс" цэвэр ус, "KFC" компани гээд олон байгууллага, хүмүүс нэгджээ.
Хүнд тусалъя гэвэл ганцаасаа, дэмжье гэвэл чадахаасаа гэдэг. “Гранд хүмүүс” сангийнхан тун удахгүй энэхүү өдөрлөгт хамрагдсан сурагчдаас судалгаа авч, эссэ бичлэгийн уралдаан, тэдний ур чадварыг харгалзан үзэж, хоёр сурагчийн их, дээд сургуульд суралцах хугацаанд төлбөрийн тэтгэлэг үзүүлнэ.
Сурагч, оюутнуудыг дэмжих сайн үйлсэд та бүхэн нэгдэж, сангийн албан ёсны дансанд хандив өргөж болох юм. /Хаан банк 5079151736/
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
“GRAND AWARDS” 5 ЖИЛИЙН ОЙН ШАЛГАРУУЛАЛТ БОЛНО
-Ёслол хүндэтгэлийн ажиллагаа 2015 оны аравдугаар сарын 07-нд ДБЭТ-т болно-
Фото мэдээллийн “Гранд” сэтгүүл 2010 оны аравдугаар сарын 12-нд анх худалдаанд гарсан цагаас хойш 5 жилийн хугацаанд хүн төвтэй сэтгүүлзүйг мэргэжлийн ёс зүй, нийгмийн хариуцлагатайгаар хөгжүүлэхийг гол зорилго, үнэт зүйлээ болгон ажилласаар өнөөдрийг хүрлээ. Сэтгүүлзүйн ёс зүй гэдэг нь шударга үнэн байх, ямар нэг үндэслэлгүйгээр бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байхыг хэлнэ. Сэтгүүлзүйн нийгмийн хариуцлага гэдэг нь нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлс, зүй бус явдлыг ямар нэг хувийн амбиц, эрх ашгийн зөрчилгүйгээр зоригтойгоор илчлэн бичих, олон нийтийн санаа бодлыг зөв зүгт чиглүүлэх, нийгмийн сэтгэлзүйг залуурдах явдал гэж бид хувьдаа үздэг. Чухам эдгээрийг эш үндэс болгон таван жил тасралтгүй хөдөлмөрлөсөн манай хамт олон энэ онд 5 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд Монголын №1 сэтгүүл хэмээх үнэлэмжийг мэргэжлийн хүрээнийхэн болон уншигчдаасаа авсан билээ.
Сэтгүүлийн нэрийн хуудас, үнэт зүйлийн маань илэрхийлэл болсон нэг зүйл бол “Гранд пийпл” ёслол хүндэтгэлийн ажиллагаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр зохион байгуулсаар ирсэн энэхүү ёслолын ажиллагаа маань мөн л 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
“Оюуны дээд хэлбэр бол шогийн мэдрэмж, сэтгэлийн дээд хэлбэр бол хүмүүнлэг үйл хэрэг”. Энэ бол “Гранд пийпл” ёслол хүндэтгэлийн ажиллагааны маань уриа. Хэрэв би амжилтанд хүрсэн бол, хэрэв надад бусдад өгч чадах өчүүхэн ч атугай зүйл байвал түүнийгээ бусадтай хуваалцъя. Энэ нь эд материалын хэлбэрээр байж болно, оюун санааны өглөг ч байж болно. Чухам хүнлэг сэтгэл, хүмүүнлэг үйл л хүн гэгч амьтны хүн болж төрсний гавьяа, бахархал юм гэж бид үздэг ээ. Энэ үзэл санааг олон нийтэд төлөвшүүлж, нийгмийн хариуцлагыг дэмжиж, хүмүүнлэг үйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлахын тулд “Гранд пийпл” ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулсаар ирлээ. Ингэхдээ салбартаа амжилт гаргаж, өөрийн амжилтаас бусадтай хуваалцах хэмжээнд хүрсэн эрхмүүдэд чухам хүнлэг үйл хэргийнх нь тулд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэн өргөмжлөх нь олон нийтэд нөлөөлөх зөв зам гэж бид үзсэн юм.
Хэн нэгэн бусдын төлөө сайн үйл хийсний төлөө талархан сайшаах нь хүний сайхан ёс. Чухам тэр эрхэм хүмүүсээр дамжуулан хүнлэг сэтгэл, хүмүүнлэг үйл хэрэг нь хүний амьдралын хамгийн сайхан гавьяа, утга учир болохыг олон нийтэд ойлгуулах нь сэтгүүлзүйн нэг эрхэм үүрэг юм. Тиймдээ ч “Гранд пийпл” ёслол хүндэтгэлийн ажиллагаа хэмээн бахархалтайгаар нэрийдэж, нэр төр бүхий хүнлэг эрхмүүдийг тодруулж, өргөмжилсөөр ирсэн юм.
Урлаг, соёл, улс төр, бизнес, спорт, нийгэм соёл гэсэн 6 салбарт амжилт гаргахдаа чухамдаа нийгмийн хариуцлагаа үл умартан ажиллаж, хөдөлмөрлөж яваа эрхмүүдийг “Гранд пийпл” ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулах комисс нэр дэвшүүлж, шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулдаг уламжлалтай.
Ёслол хүндэтгэлийн ажиллагаа 2015 оны аравдугаар сарын 07-нд ДБЭТ-т болно.
Б.ТУЛГА