Булган аймаг хогний асуудлаа хялбархан шийджээ

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

Булган аймаг хогний асуудлаа хялбархан шийджээ

Булган аймаг “ Ногоон хөгжлийн хөтөлбөр” -ийн хүрээнд орчны болон агаарын бохирдолыг бууруулах ажлыг шат дараатай хийжээ. Түүний нэг нь аймгийн төвийн нэгдүгээр хорооны айл өрхөд  болон орон сууцны  байрны гадаа, нийтийн эзэмшлийн газруудад хог ангилан ялгаж хийх савыг үнэгүй тарааж байршуулсан  байна. Энэ ажилд 2013 онд 129 сая 500 мянган төгрөг зарцуулжээ. Иргэдийн ангилан ялгаж хийсэн хогыг  боловсруулах үйлдвэрт ачиж  зарим нь бүтээгдэхүүн болж үлдсэн хэсгийг лантфилийн аргаар дарж устгадаг байна. Хаягдал хуванцар савыг шахаж  үртэслэж хайлуулаад дараа нь хэвэнд оруулж төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж эхэлсэн байна. Иргэд ч хогоо ангилан ялгаж хийж хэвшсэн байна. Уг хогийн савыг гэр хорооллын айлуудын хашааны гаднаас авч болохоор байрлуулжээ. Ингэснээр гудамжинд хогоо гаргаж хаях явдал үгүй болж иргэд хогоо ачуулах гэж бухимдах шаардлаггүй болжээ. Хог ачсны төлбөрт  нэг айлаас сард 1500 төгрөгийн төлбөр хураадаг. Цаашид бүх багуудад хог ангилан ялгах ажлыг хийхээр төлөвлөсөн тухай Хот тохижилтын ангийн дарга Л.Чимгээ ярьж байв. Хог боловсруулах үйлдвэрээ аймгийн төвийн урд хэсэгт байгуулсан байна.

   

 Хог боловсруулах үйлдвэр нь одоогоор Хот тохижилтын ангийн  харьяанд ажиллаж  байна. Хаягдал хуванцар саваа хайлуулж машины дугуйны ивээс, цэцэрлэгт хүрээлэнгийн сандал, траншейны таг зэргийг хийж туршсан байна. Дархан-Уул аймгийн хог боловсруулах үйлдвэрээс туршлага судалж бусад шинэ бүтээгдэхүүний хэв хийх аргыг судалж байгаа ажээ. Хэв хийхэд  төмөр, олон төрлийн эрэг боолт хэрэгтэйг үйлдвэрийнхэн хэлж байсан. Тэд эхний ээлжинд бүтээгдэхүүнээ Булганыхандаа борлуулж үйлдвэрийнхээ үйл ажиллагааны зардалыг нөхнө гэв. Булган аймаг “Ногоон хот” болох зорилт тавьсан. Энэ зорилгын хүрээнд аймгийн төвийнхөө 14 хувийг ногоон байгууламжаар бүрдүүлсэн байв. 4-5 том цэцэрлэгт хүрээлэнтэй. Айл өрх албан байгууллага бүрт утаагүй зуух, шахмал түлш хэрэглэх уриалга гаргаж  үйлдвэр байгуулаад байгаа тухай Хөгжлийн бодлогийн хэлтсийн дарга А.Ганболд ярьсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүх суманд хогны машин, хог боловсруулах үйлдвэрт ухдаг, түрдэг,булдаг  тракторууд авч өгчээ. Сумын байгаль хамгаалагч нар мотоцикльтой болсон зэргээр  хөрөнгө оруулалтыг хийжээ. Хог боловсруулах үйлдвэрийг бусад аймагуудад жишиг болгох хэрэгтэйг БОНН- ийн сайд асан С.Оюун сайшааж байжээ.

    

ЭХ сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж