“Парламент 25” шатрын тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2015.09.13-нд нийтлэгдсэн

“Парламент 25” шатрын тэмцээн боллоо

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулагдах "Парламент 25" шатрын тэмцээн өнөөдөр /2015.09.12/ Төрийн ордонд боллоо. 

Улсын Их Хурлын Тамгын газраас Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатрын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн арга хэмжээний хүрээнд анх удаа уг тэмцээнийг зохион байгуулсан юм.

Тэмцээнийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж, нийт оролцогчдод Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг дэвшүүлсэн.

Энэхүү “Парламент 25” шатрын тэмцээн хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцогчдын оюуны спортын чансааг сорих, сэтгэн бодох чадавхийг хөгжүүлэх зорилготой юм.

“Парламент 25” шатрын тэмцээнийг Нийслэлийн шатрын холбооны гүйцэтгэх захирал Х.Болдбаатар удирдан явууллаа. Тэмцээн Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын үе үеийн гишүүд болон Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд гэсэн 2 ангиллаар явагдаж, тус бүр тойргийн журмаар 8 өрөг тоглож дүнгээ гаргав.  

Гишүүдийн ангилалд эцсийн дүнгээр спортын мастер Д.Ламжав нэгдүгээр байрт шалгарсан бол Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Н.Түвшинтөгс, С.Билэгсайхан нарын гишүүд удааллаа.

Харин Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулагдсан шатрын тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн референт Г.Алтан-Оч тэргүүлж, удаах байруудад Ч.Чулуунбаатар,  Г.Чулуун, Б.Дэмэддорж, П.Амаржаргал нар тус тус шалгарав.

Улсын Их Хурлын гишүүдийн дунд явагдсан шатрын тэмцээний эхний 5 байр эзэлсэн гишүүдэд Улсын Их Хурлын даргын өргөмжлөл, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын дунд явагдсан тэмцээний эхний 5 байр эзэлсэн оролцогчдод Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын  өргөмжлөлийг гардууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж