Бөөр нь гэрийн хоёр багана мэт
Хэдэн жилийн өмнө намайг ажил дээрээ иртэл миний хамтран ажиллагч маань:
– Уучлаарай би чамд нэгэн юм хэлэхгүй бол болохгүй нь. Хоёулаа өнөөдөр яаралтай цагдаагийн хэлтэс дээр очих хэрэг гарчихлаа. Гэтэл хүмүүс үзүүлэхээр бичигдсэн байдаг яанаа” гэсээр угтлаа.
– Яагаад дуудсан юм бол? гэж намайг асуухад:
– Мэдэхгүй байна гээд нэгэн бичиг үзүүллээ. Бичгийг аваад унштал “Нэр нь үл мэдэгдэх иргэний бичгээр ирүүлсэн гомдлын дагуу таныг манай цагдаагийн хэлтэс дээр дуудаж байна” гэсэн миний нэрийг заасан бичиг байв. Уншиж дуусаад:
– Намайг дуудсан учраас би ажил тараад л очъё чи санаа зовоод хэрэггүй ээ гэвэл:
– Юу ярьж байгаа юм чамайг ганцаар чинь явуулахгүй. Тэгээд ч ажил тараад очихоор хаачихна. Тиймээс би зарим хүмүүс рүү утасдаад цагийг зохицуулж эхэлсэн. Хоёулаа болвол үдийн цайны өмнө очьё, тэгэхэд бүгд байна байх, дуудсан цагт нь очихгүй бол болохгүй гэлээ.
Тэрээр миний хамаг ажлыг зохицуулдаг ер нь л намайг элдэв юманд дайчилахгүйг хичээж үргэлж бүгдийг амжуулж байдаг учраас би “За” л гэлээ. Ингээд хэсэг хүнээ үзчихээд дуудсан газар руу нь хоёр дүнсийсэн юм гараад явж байх замдаа тэр надаас:
– Чи юу гэж бодож байна? гээд санаа алдахад нь:
– Би бас бодоод л байна, ёстой хэлж мэдэхгүй юм даа гэж амандаа бувтнаад урдах замруугаа ширтэн жолоогоо тас атган хурдаа саарууллаа. Хоёулаа бас л дуугуй тус тусийнхаа бодолд дарагдан хэсэг явав. Энэ байдал бол үргэлж ярьж зөвлөж ам хуурай байдаггүйгээрээ хавь орчнийхондоо энэ хоёрын яриа ер нь хэзээ дуусах вэ гэж шогшруулж, доог тоглоом хийлгэж байдаг бид хоёрын хувьд их ховор тохиолдол бөгөөд үнэхээр
хэн хэнийх нь сэтгэл түгшиж байгааг илтгэх мэт. Би элдвийг бодож явав. Хэдэн үзүүлж байсан өвчтнүүдээ бүгдийг санахыг хичээж байлаа. Гэвч тэднээс надад гомдол гаргах хүн байхгүй мэт. Энэ тухайгаа хэлтэл:
– Би ч яг чам шиг бодож байлаа. Гэвч хэн ч санаанд орохгүй байна. Харин эдгэрсэн хүмүүс эмч нар дээрээ очоод элдэв хэл ам гаргаснаас арай …эмч нар…”гээд намайг харахад нь:
– Би ч бас тиймэрхүү юм бодох шахаж байлаа. Гэхдээ
арай үгүй байлгүй дээ эмч бол хүнд туслах сайхан санааг агуулсан хүмүүс байдаг гэвэл:
– Би ч бас чамтай санал нэг, гэвч атаархал гэж нэг айхтар юм байдаг шүү дээ гэхэд нь би:
– Шинэ зууны мэдлэг эзэмшсэн хэдэн зуун мянган, магадгүй хэдэн сая эмчээс хэн нь ч тоож манай хэдхэн Монгол уламжлалт анагаахын эмчид юуг нь атаархах билээ дээ. Тэр
бол уг нь утгагүй асуудал л даа. Бид тэдний үздэг хүмүүсийн ноль ноль хэдэн хувийг л үздэг байхдаа. Гэвч 2 кг хиам хахуульд авсан зэрэг шалтгаанаар эмчийг хорьжээ гэх олон муу мэдээ сүүлийн үед сонсогдох болссон энэ цаг үе нь юу л болоод байна даа гэх мэт элдэвийг ярилцаж сүүлдээ очиж байгаад л учирыг олохоос “Одоо хоёулаа хий юм бодоод яахав дээ” гээд бие биеэ тайвшруулахыг хичээлээ. Миний хувьд зарим шинэ үеийн эмчийн тухай таагүй үг хэлсэн хүнд эмч нараа аль болохоор өмөөрөх зөв ойлгуулахыг хичээсэндээ “Тэр эмч танд бас л туслахыг хичээж байгаа. Гэвч дэлхий нийтийн жишгээр оношлох, эмчлэх арга нь тийм юм шүүдээ тэр эмчийн буруу биш” гэдэг байлаа. Ингээд 11:30 гэхэд цагдаагийн хэлтэс дээр ирэв. Үүдний харуулд бичгээ үзүүлтэл “Санал гомдлыг хариуцсан хэсгийн өрөөний үүдэнд хүлээж бай, дуудахаар нь энэ бичгээ үзүүлээд ор” гэв. Тэнд нь очтол үүдний нь хажууд хүн хоридог бололтой, шалнаас тааз хүртэл бэхэлсэн сараалжин хашлагатай өрөө цоожтой байх нь үнэхээр сүрдмээр. Зарим хүнийг байцаалт авна гэж дуудаад хорьдог гэж ярьж байсныг санаад бүр ч түгшээд ирлээ. Бид хоёр үүднийх нь сандалд ирээд суунгуут би:
– Би чамд нэг бодлоо хэлмээр санагдаад байна чи намайг өөрийнхөө амьдралд тохиолдож байгаа зүйлсээ бич гээд байдаг даа гэвэл тэрбээр:
– Тиймээ! Чи шийдсэн үү би тэгвэл чамаар маш их бахархана шүү гээд надруу их л сэтгэл нь хөдөлсөн, талархсан харцаар харахад нь би:
– Үгүй дээ, тэр талаар арай өөр санаа олсон байсан юм. Бид хоёр хамт 17 жил ажилласныхаа дараа би чамд ингэж хэлнэ дээ гэж ‘’Чи миний хажууд буюу Монгол уламжлалт анагаах ухааны эмчтэй хэрхэн ажиллаж байсан тухайгаа өөрөөр хэлбэл монгол хүн, монгол анагаах ухааныг бодит байдал дээр нь ажиглаж дүгнэлт хийж үнэн бодит байдлыг бичээч гэж” хэлнэ гэж бодож байлаа. Яагаад гэвэл Чингис хааны ач Хубилай хааны хажууд Марко Поло 17 жил ажиллаад дараа нь түүний талаар их олон ном зохиол бичсэн нь одоогийн түүхчдэд их хэрэгтэй гол судалгааны материал болдог. Гэтэл бид хоёр дахин гурван жил ажиллаж чадах боловуу мэдэхгүй байна гэж би хэллээ.
Тэрээр чимээгүй сонсон байснаа “Түй, түй гэж хий нулимсанаа бурханы авралаар өнөөдрийг хүртэл нэг ч санал гомдол элдэв асуудал гарч байсангүй гээд гараа хагас атган сандлаа тогшсноо “Арай тийм муу юм болохгүй байлгүй дээ” гээд гүн санаа алдав.
– За би чамд ямар ч байсан мөрөөдлөө хэллээ шүү
хэмээн би яг л эцсийнхээ гэрээсийг хэлэх мэт яаран хэлэв. Удалгүй хоёр хар хувцастай залуухан цагдаа орж ирсэний нэг нь шууд бид хоёрын урдах хаалгыг онгойлгож ороод үүдээ хаагаад чимээгүй хэсэг болов. Бид хоёр үүдийг тогшин орох зөвшөөрөл хүстэл:
– Хүлээж бай одоо дарга ирэхээр дуудна гэлээ.
Бид хоёр үүдийг хаагаад хоёулаа бие биерүүгээ нүдээ бүлтийлгэн хараад “Дарга ирэхээр дуудна гэнэ үү. Гуйж байгаад даргийг нь ирэхээс өмнө байцаагдчихъя. Мэдээж дарга нь бүр аймаар амьтан л байж таараа. Ядаж залуу хүн байна ямар шалтгаанаар дуудсаныг хэлж өгчих ч юм бил үү” гэж ярилцаад, орж гуйхаар тохиролцон би үүдийг нь тогшиж зөвшөөрөл хүсэхийн далимд:
– Заавал дарга гээд яахав дээ та асууж болохгүй юм уу, тань дээр асуугдчихмаар санагдаад байна хэмээн гуйсан маяагтай хэлтэл ашгүй “Ороод ир” гэлээ. Бид хоёр хоёулаа ороод бичгээ үзүүлтэл:
– Та гадаа хүлээж бай гээд намайг үлдээгээд нөгөөхийг минь гаргачихав.
Тэгээд их л албархаг байдлаас овог нэр, гээд бүгдийг бичин тэмдэглэснээ:
– Та ямар өвчинг яаж эмчилдэг вэ?
– Миний эмчилгээ чинь хүнийг бүхэл нэгэн цогц гэж үзэн оношилж эмчилдэг тул яг тийм өвчнийг эмчилдэг гэж хэлэхэд бага зэрэг хүндрэлтэй байна даа. Яагаад гэхээр бүх л эд эрхтэн чинь хоорондоо холбоотой гэлээ.
– Та тэгээд яг ямар өвчин эмчилдэг гэсэн үг вэ? Одоо үеийн анагаах чинь зүрх судас, элэг, бөөр гээд нарийн мэргэжлийн эмч нартай та тэдний алинд нь харъяалагдана гэсэн үг вэ би ойлгохгүй байна гээд гайхсан маягтай намайг харав. Би хариуд нь:
– Ямар өвчнийг эмчилдэг гэдгээ хариулна гэвэл их л
цаг орох байхдаа. Та ямар нэг өвчний нэр ч юмуу тодорхой хэлээч, ядаж би ямар асуудлаар дуудагдсанаа мэдвэл тодорхой хариулахад бэлэн гэж эрс шийдэмгийгээр шудрагаар хариултал нөгөө цагдаа маань:
– Би танд бүгдийг тайлбарлах шаардлаггүй. Энэ бол нэрээ нууцалсан мэдээлэл учраас бид иргэний гомдолыг барагдуулах үүрэгтэй. Та миний асуултанд л хариулах үүрэгтэй гэж дуу нь ширүүссэнээ:
– Та өдөрт хэдэн хүн үздэг вэ. Өөрөөр хэлвэл хэдэн машин хүн өдөрт ирдэг вэ гэж дахин албаны царайндаа оров. Би ч:
– Өө тэрийг хэлэхэд хэцүү л дээ. Жишээ нь нэг машинтай гэр бүлийнхэн эмээ, өвөө, ээж, аавтайгаа, нэг хүүхэд ирлээ гэхэд гаднаас нь харахад таван хүн машинаас бууж ирж байнаа даа. Гэтэл тэнд ганцхан тэр хүүхэд л үзүүлж байж магадгүй түүнийг яг хэдэн машинтай тэдэн хүн гэж гаргах гэдэг харьцангүй ойлголт л доо. Зарим нь автобус, таксигаар ч ирдэг. Би хүнээс та ямар унаагаар ирэв гэж асууж байсангүй уучлаарай гэж хэллээ.
Ингэж байтал гаднаас дахин нэгэн хүн орж иртэл нөгөө цагдаа босон хувцасаа цэгцэлээд ёслоход нь дарга нь юм болов уу гэж таамаглав. Би эргэн хартал ямар ч байсан ширүүн догшин нэгэн биш бололтой харагдахаар нь бага зэрэг тайвшран түүнтэй хагас өндийн мэндлээд сандлаа тэгшлэн үүдэнд ‘’Машинаа зогсоол дээр тавина уу!” гээд бичиж замын хөдөлгөөнийг чөлөөлж өгвөл сайн байна. Гүйцээ” гэж албаны маягаар хэллээ.
Үүнийг сонсоод бид хоёр бие биерүүгээ харан нэг л итгэж өгөхгүй өөрийн эрхгүй санаа алдав. Лав л миний дотроос нэг чулуу гаргаад хаячих шиг л дотор уужраад явчихлаа. Иймээс бид хоёр нэгэн зэрэг: “Нээрээ юу ингээд л болоо гэжүү? Нээрээ юу. Нэг л итгэхгүй байх чинь, Ёстой баярлалаа” гэж талархалыг дахин дахин хүргэж итгэн ядаж байтал:
“Харин та нарт маш их баярлаж байдаг шүү. Миний ээж бөөрний дутагдалд ороод долоо хоногт 3 удаа бөөр цэвэрлэх аппратанд ордог байсан боловч ээжийн минь бие сайжирч диализыг багасгах нь битгий хэл бие нь улам муудаж дархлаа нь суларч, сульдан хөлөрч байнга ханиад хүрдэг болж эмнэлэг гэрийн хооронд байх болсон нь бидэнд их хэцүү байлаа. Бурханы ачаар та нарын эмчилгээний дүнд шинжилгээ сайжирсаар диализын тоо нь цөөрсөөр сүүлдээ түүнээсээ гараад эмч нь ч цаашид давгүй гэж дүгнэсэн одоо эрүүл саруул амар тайван амьдарч байгаа гэлээ. Бид хоёр “Ээжийг нь овог нэртэй нь хэлээд түүнийг яагаад сүүлийн үед ирэхээ болчихвоо зүгээр л байгаа даа гэж ярилцдаг байсан юм зүгээр бол сайн байна” гэж урамтайхан хэллээ. Энэ эмэгтэй надад үзүүлэх гэж ирэхэд нь бөөрний хүйтэн хий давамгайлснаас судал нь живэнхий, удаан лугших тул хүйтэн өвчнаар тамир доройтсон гэж үзээд эхлээд шууд бөөрийг нь эмчилээгүй. Харин Тунгалаг5, Цагаантан, Анар 4 зэргийг өгч ходоод гэдэсний үйл ажиллагаа, элэг, дэлүүг нь цэвэрлэн, дэмжиж цусны тамирыг нь сайжруулж улмаар бөөрний үйл ажиллагааг дэмжиж Улаан тан, Биеийн илчийг үүсгэх нарны хот мандал, Гоюу 5 мөн Сүгмэл 10г болон Гоюу 7-г архиар даруулж ээлжлэн уулгах зэрэг монгол эм танг өгөхөд бөөр аяндаа тамир хүч орж үйл ажиллагаа нь сэргэж цус болон шээсний шинжилгээ нь сайжирсаар диализынх нь тоо багасаад ирсэн билээ. Өөрөөр хэлбэл бөөрийг аргадах маягаар их л зөөлөн эмчилсэнээ эргэн санаж энэ талаар ярилцсаар нэг мэдэхэд ажил дээрээ ирсэн байв.
ҮРЖИНГИЙН БАЙГАЛЬМАА