Хятадын уналт тоглоом байгаагүйг дахин сануулав

Хуучирсан мэдээ: 2015.09.12-нд нийтлэгдсэн

Хятадын уналт тоглоом байгаагүйг дахин сануулав

Хятад, Японы эдийн засгийн уналт үргэлжилж буй талаарх мэдээлэл өчигдөр гарсны дараа хөрөнгө оруулагчид дахин сандралдав.

Цаашид Хятадын эдийн засаг унасаар байвал бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт Төвбанкуудад үүсээд байгаа юм. Тухайлбал, Шинэ Зеландын Нөөцийн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулж 2.75 хувьд хүргэжээ. Цаашид Бээжингийн төлөв байдал муудвал тэд дахиад хүүгээ бууруулахад бэлэн байгаа юм.

Ийнхүү эрсдэл үүсч буйн гол шалтгаан нь Хятадын хэрэглээний инфляц өссөн ч үйлдвэр­лэлийн үнэ буурч байгаа нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэгддэг энэ улсад дефляц буюу үнэгүйдэл нүүрлэж мэдэхийн дохио болоод байна. Үүнээс гадна Японы зах зээлийн гол үзүүлэлт болох хөрөнгийн зардал тодорхойгүйгээр унасан нь томоохон дуулиан тариад байна. Олон улс эдийн засгийн сорилттой тулгарч байна. Ийм ч учраас ANZ банк дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан төлөвөө бууруулж тооцохоор болсноо зарлалаа. Ингэхдээ 2016-2017 онд дэлхийн эдийн засаг 3.5 хувиар өснө гэсэн тооцоогоо өөрчлөхгүй байхаар шийджээ. “Өмнө нь бид дэлхийн эдийн засаг 2017 онд дөрвөн хувиар өснө гэж тооцож байсан. Гэвч одоо тулгараад байгаа эрсдэлүүд үүнийг боломжгүй гэдгийг харуулж байна” хэмээн тус банкны эдийн засагчид тайландаа дурджээ. Энэ хооронд хөрөнгө оруулагчид Шанхайн хөрөнгийн зах зээлийн индекс өснө гэсэн хүлээлттэй байсан ч уналттай тулгарч байна. Хэдийгээр Засгийн газраас гаргаж буй тусламжууд хангалттай нөлөө үзүүлж чадахгүй байна. Зөвхөн Ази бус Австралийн хөрөнгийн зах зээлийн индекс 2.2 хувиар унасан бол Өмнөд Солонгосынх 0.1 хувиар буурчээ. Харин Японы Никкей индекс 2.9 хувиар унасан байлаа. “Японы Төвбанкнаас ирэх сард зах зээлээ дэмжих үйл ажиллагаа явуулахаар зэхэж байгаа. Гэвч энэ нь инфляцийн байнд хүрэхэд хангалтгүй юм” гэж Токио дахь Норинчукиний судалгааны хүрээлэнгийн ахлах эдийн засагч Такеши Минами хэлжээ.

Ийнхүү Хятадын уналт тоглоом байгаагүй гэдгийг батлах үйл явдлууд ар араасаа өрнөж байна.

 Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж