Хуучирсан мэдээ: 2015.09.12-нд нийтлэгдсэн

Зам дагаж хөгжил

Монгол Улсын баруун хязгаар нутагт орших ховдчууд өчигдөр Төрийн ордноо чуулж хөгжлийн бодлогоо тодорхойллоо.

Улсын хэмжээнд сүүлийн хоёр жил дараалан эдийн засгийн өсөлт саарч, энэ онд ДНБ-ийн 3 хувьтай тэнцэх төлөв гарсан бол Ховд аймгийн хувьд өсөлттэй байх нь. Сүүлийн дөрвөн жилийн статистик мэдээгээр аймгийн хэмжээнд эдийн засгийн өсөлт нь тогтмол өсчээ. Тодруулбал, 2011 онд эдийн засгийн өсөлт нь ДНБ-ийн 10.4 хувь, 2012 онд 19.18 хувь, 2013 онд 29.5 хувь, 2014 онд 32.4 хувьтай гарсан нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнтэй холбоотой аж. Үйлдвэрлэл дотроо хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсчээ. Аймгийг сумтай холбох хатуу хучилттай авто зам тавигдсан нь хөгжлийг далласан байна. Одоогоор 16 сумаас гурав нь буюу Дуут, Мөнххайрхан, Чандмань сумд авто замтай хараахан холбогдоогүй. Энэ ажлыг эрчимжүүлж чадвал бүх сумд аймагтай авто замаар холбогдоно.

Аймгийн Засаг даргынх нь танилцуулгаар бол Алтайн бүсийг дагуулж эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Газар зүйн байрлалын хувьд Алтайн бүс нь ОХУ, Хятад, Казахстан гурван улсын хилийн бүстэй холбогддогоороо онцлог. Энэхүү давуу талыг хөгжилд ашиглах зорилгоор Ховд аймгийг хөгжүүлэх 2030 он хүртэлх төлөвлөгөөнд дараах ажлыг хийх нь оновчтой гэж үзжээ. Тодруулбал, хилийн хоёр боомтоо байнгын ажиллагаатай болгож, Байтагийн боомт руу хатуу хучилттай авто зам тавьж чадвал Өрөмч рүү нэвтрэх боломж нэмэгдэнэ. Ингэснээр бүтээгдэхүүнээ гадаад зах зээл рүү гаргах гарцтай болох юм байна. Энэ оны наймдугаар сарын 30-ний байдлаар Өрөмчөөс 3000 иргэн Байтагийн боомтоор нэвтрэн орж ирж, буцаж гарчээ. Нэг үгээр хэлбэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой нь эндээс харагдаж буй аж. Нөгөө талдаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэд бүтэц чухал. Иймээс Ховд аймаг-Улаанбаатар хот хооронд МИАТ компани нислэг үйлддэг болох, мөн Ховдоос-Өрөмч, Астана, Новосибирск хот руу нислэг үйлддэг болох. Ховд аймгийн ойролцоо казино, бооцоот тоглоом байгуулах. Олон улсын АН-4 замын коридорыг өгөөжтэй ашиглах.

Булган боомтыг ашигт малтмалын тусдаа гарцтай болгох. Алслагдсан бүс нутаг дахь аж ахуйн нэгжүүдэд тарифын татварын хөнгөлөлт үзүүлдэг байх зэрэг эрх зүйн орчинг бий болгох шаардлага байгааг хөгжлийн бодлогодоо тусгажээ.

Цементийн үйлдвэр ашиглалтад орно

Эдийн засгийн хямралын уршгаар хөрөнгө оруулалт татарч, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж буй нь олон боловч Ховд аймгийн тухайд сайн мэдээ олон аж. Хөрөнгө оруулалтын ажлуудаас дурдвал 8 тэрбум төгрөгийн өртөгтэй цэвэрлэх байгууламж, төмс, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр, цементийн үйлдвэр тус бүр байгуулагдаж байна. Жилдээ 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсноор аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангана. Барилга барих бүрийд Улаанбаатар хотоос энэ төрлийн бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг нь зардлыг улам өндөр болгодог аж. Үйлдвэр ашиглалтад орсноор тээврийн зардлыг бууруулаад зогсохгүй гадагш зарцуулдаг валютыг аймгтаа шингээнэ.

Ажлын байр шинээр бий болох сайн талтай юм. Мөн хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан хамгийн том зорилт нь 2025 он гэхэд аймгийн хэмжээнд 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах “амбиц” юм.

Гол хөрөнгө оруулалтыг хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг дагуулж татахыг чухалчилж байна.

Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд нийт үйлдвэрлэлийнх нь 50 гаруй хувийг зөвхөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эзэлдэг.

Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нар Ховд нутгийн гаралтай бизнес эрхлэгчид хандан аймагтаа арьс ширний боловсруулах үйлдвэр байгуулахад анхаарлаа хандуулахыг хүссэн юм. Баян-Өлгий аймагт ноос боловсруулах үйлдвэртэй бол Ховд арьс шир боловсруулах үйлдвэртэй болж чадвал малын гаралтай түүхий эдийг түүхийгээр нь экспортлох бус эцсийн бүтээгдэхүүн болгон ашиглаж чадсанаар бүс нутгийнхаа хэрэгцээд хангаад зогсохгүй экспортод гаргах өргөн боломж бий. Гол түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид нь малчид байна. Харин бизнес эрхлэгчид нь дэлхийн хамгийн шилдэг орчин үеийн технологийг оруулж ирж үйлдвэрлэл байгуулах ёстой. Ингэснээр байгальд хоргүй технологи ашиглах, мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь олон улсын стандарт шаардлага хангах гээд олон талын ач холбогдолтойг тэд энэ үеэр онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн бас нэгэн чухал сэдэв нь махны экспортыг нэмэгдүүлэх тухай байлаа.

Монгол Улс махны экспортоос жилдээ 800 сая ам.доллар олох боломжтой. Үүнд ховдчууд мөн оролцох боломж бий. Гол нь малаа эрүүлжүүлж, эрүүл ахуйн олон улсын стандартыг хангуулах ёстой.

Махны экспортод оролцсоноор хөдөөгийн малчдын амьжиргаа дээшлэх таатай боломж бүрдэнэ. Энэ чиглэлээр Махны холбооны зүгээс Хятад руу богийн мал гаргах чиглэлээр Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтраад ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, бололвсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт дуулгалаа. Тэрээр Махны холбоог тэргүүлдэг юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Монгол Улсын хөгжлийн стратеги, бүс нутгийн хөгжлийн талаарх төрийн бодлого” сэдвээр илтгэл тавьсан.

УИХ-аас Монгол Улсын хөгжлийн стратеги, бүс нутгийн хөгжлийн талаарх төрийн бодлогыг боловсруулж байгаа бөгөөд үүнд УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн дарга нараар удирдуулсан баг ажиллаж байгаа юм.

Уг бодлогоо танилцуулах үеэрээ С.Бямбацогт гишүүн “Ховд аймаг өөрийн онцлогт тохирсон хөгжлийн бодлоготой байх ёстой” гэдгийг тодотгосон. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл ойрын хугацаанд хэвтээ чиглэлийн авто зам буюу Баян-Өлгий, Ховд, Завханыг холбосон авто зам баригдаж ашиглалтад орвол ховдчууд хүнсний ногоогоо Улаанбаатар хот руу борлуулахаар явахгүй. Баруун таван аймгийнхаа хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаж, тэр хэрээр үйлдвэрлэлээ өргөжүүлэх таатай боломж бүрдэхийг тодотгож байлаа.

Улаанбаатар хотод есдүгээр сарын 10-14-нд Ховд аймгийн өдрүүд арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбоотойгоор “Ховд аймаг-Монгол Улсын хөгжлийн баруун үүд, хөгжлийн гарц, боломж” хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Нутгийн зөвлөл хамтран хийж, тус аймгаас төрсөн улс төр, бизнесийн төлөөлөгчдөөс бүрдсэн 60 гаруй төлөөлөл оролцсон өргөн хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж