Хятад, Вьетнамын маргаан хурцаджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Хятад, Вьетнамын маргаан хурцаджээ

Вьетнам  Хятадын загасчны завь Өмнөд Хятадын тэнгис дэх тус улсын газрын тосны хайгуулын онгоцны кабелийг санаатай тасалсан гэж буруутгаж байсан билээ. Харин Хятад үүний хариуд Вьетнамыг тус улсын загасчдын амь насанд заналхийлж, аюулгүй байдалд халдсан гэж үзсэн юм.

Өмнөд тэнгис дэх Хятад, Вьетнамын эзэмшлийн бүсийн маргаан Вьетнамд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн. Хоёр орны интернэтийн хэдэн зуун  вэб сайтад  бие биенээ буруутгасан мессежүүд гарах болсон гэнэ. Хоёр орны Засгийн газрын сайтууд ч үүнд багтаж байгаа юм байна.

Вьетнамын гадаад хэргийн сайд  Нгуен Пуонг Нга “Хятадын загасчны завь Вьетнамын хайгуулын хөлгийн кабелийг санаатай тасалснаас хойш хоёр долоо хоногийн дараа ийм үйлдэл дахин гарсан” гэж мэдэгдсэн байна. Сайдын мэдээлж буйгаар Вьетнамын эрчим хүчний “PetroVietnam” компанийн хайгуулын хөлөг онгоц тухайн үед цаг уурын шинжилгээ явуулж байжээ.

Вьетнам дээрх хэргийг яавч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд, тус улс дахь Хятадын элчин сайдын яамаар уламжлан Өмнөд тэнгис дэх эзэмшлийн бүсдээ халдахгүй байхыг анхааруулсан байна.  Харин  Хятадын “Синьхуа” мэдээллийн агентлаг дээрх хэргийг өөрөөр тайлбарласан юм. Өнгөрсөн баасан гаригт тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Вьетнамын цэргийн хөлөг онгоц Хятадын загасчны завийг мөрдөн хөөснөөс дээрх хэрэг гарсан” гэсэн юм.

Уг явдлын үеэр Хятадын загасчны завины тор Вьетгнамын хөлөг онгоцны кабельтай орооцолдож, цаг гаруй чирэгдэж явсан гэсэн байна. Энэ явдлыг эсэргүүцсэн вьетнамчуудын жагсаал хөдөлгөөн энэ сарын 5-нд Ханой хотод өрнөсөн юм. Харин тус улсын хакерууд дахин жагсаал цуглаан зохион байгуулахаар интернэтээр уриалж байгаа талаар BBC мэдээлж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж