Төсвийн алдагдал тав дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.09.11-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдал тав дахин нэмэгджээ

Үндэсний Статистикийн хорооноос наймдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн мэдээллийг хүргэлээ. Статистикийн мэдээллийг нийгэм, макро эдийн засгийн чиглэлээр танилцуулдаг уг хурлаас онцлох хэдэн үзүүлэлт бий.

1.Цалин

2.Ажилгүйчүүд

3.Инфляци

4.Чанаргүй зээл

5.Төсвийн алдагдал


ДУНДАЖ ЦАЛИН 850 МЯНГАН ТӨГРӨГ

Өмнө нь дурьдахад дараах тооцоог Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 35 400 аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр гаргасан гэдгийг сануулъя.

Тогтмол хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажиллагсдын дундаж цалин 850 мянган төгрөг байна. Ингээд ажиллагсдын цалингийн үзүүлэлтийг ангилан хүргэе.

Цалинг хүйсийн байдлаар ангилбал:

Эм – 804 мянган төгрөг

Эр – 904 мянган төгрөг

Өнгөрсөн зургадугаар сарын тооцоотой харьцуулж үзвэл эрэгтэй, эмэгтэй ажилчдын цалингийн хэмжээнд өөрчлөлт оржээ. Тухайлбал, өнгөрөгч зургадугаар сард эр – 920 мянган төгрөг, эм – 780 мянган төгрөгийн цалинтай гэж дунджилж байсан юм.

Компанийн бүтцээр ангилбал:

1-9 хүртэлх ажилтантай – 570 мянган төгрөг

200-аас дээш ажилтантай – 1 133 мянган төгрөг

Цалингийн хэмжээгээр ангилбал:

11 хувь – 192-300 мянган төгрөг

19 хувь – 300-500 мянган төгрөг

20 хувь – 500-700 мянган төгрөг

50 хувь – 700 мянган төгрөгөөс дээш цалинтай

Салбараар ангилбал:

  • Уул уурхайн салбар ажилтан – 1 700 000 төгрөг

  • Менежер – 1 600 000 төгрөг

  • Зочид буудал, зоогийн газар, орон сууц аж ахуйн салбар – 700 000 төгрөг

  • Ой, загас агнуурын салбар 400 000 төгрөг


46 ХУВЬ НЬ БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛТОЙ

Сүүлийн саруудад ажилгүй иргэдийн тоо буурсан гэх дүн гарч эхэлжээ. Тухайлбал, өнгөрөгч наймдугаар сард 30.4 мянган бүртгэлтэй ажилгүй иргэн байгаа гэж дүгнэсэн байна. Энэ нь өмнөх оноос 7.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Дараах байдлаар ангилжээ.

Ажилгүй иргэдийг хүйсээр ангилбал:

Эм – 55.1 хувь

Эр – 45.9 хувь

Насаар нь ангилбал:

60 хувь – 35 хүртэлх настай

40 хувь- 35-аас дээш настай

Мөн ажилгүйчүүдийн 46 хувь нь бүрэн дунд боловсролтой гэх дүн гарсан байна.               


ИНФЛЯЦИ 0.1 ХУВИАР ӨСЧЭЭ

Наймдугаар сарын хувьд инфляцийн хэмжээ өмнөх сараас дөнгөж 0.1 хувиар өссөн гэх мэдээлэл хийв. Харин сэтгүүлчдийн зүгээс 0.1 хувь гэдэгт шүүмжлэлтэй хандаж байсан юм. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн халааснаас гарах мөнгөний урсгал өсч байхад 0.1 хувь гэдэг бодитой эсэхэд эргэлзэж байв. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос дараах байдлаар инфляцийг тооцдог гэв.

Ямартай ч энэ аргаар тооцвол инфляцийн түвшин өмнөх сараас 0.1 хувиар, харин өмнөх жилээс зургаан хувиар өссөн болж таарч байна. Наймдугаар сарын хувьд инфляцийн өсөлтөд сургалтын төлбөр, гурилын үнийн нэмэгдэл голчлон нөлөөлжээ.

Тодруулбал, сургалтын төлбөр 2015-2016 оны хичээлийн жилд 23 хувиар өссөн нь инфляцид нөлөөлсөн байна. Мөн энэ зун гантай байснаас тариалалтад сөргөөр нөлөөлсөн. Тиймээс гурилын үнэ ч нэмэгджээ. Гэхдээ тавдугаар сараас хойш өргөн хэрэглээний барааны үнэ харьцангуй тогтворжиж ирсэн гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооны Нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг онцлов.

Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарын хувьд есөн аймагт буурсан дүр зураг ажиглагджээ. Тухайлбал, өргөн хэрэглээний барааны үнэ Дундговь аймагт хамгийн өндөр байна. Харин Ховд аймагт хамгийн бага байгаа аж.


ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ТАВАН ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Чанаргүй зээлийн хэмжээ өсчээ. Үүнийг ингэж тайлбарлав. Банкинд буй зээлийн 100 төгрөг тутмын 14 нь чанаргүй зээл байна. Өөрөөр хэлбэл, банкны хэмжээнд чанаргүй зээл 865 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сараас таван хувиар өссөн үзүүлэлт юм. Ер нь чанаргүй зээлийн хэмжээ өндөр байгааг судлаачид онцлов.

Жишээ нь зургадугаар сард л гэхэд чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оноос 19 хувиар өссөн байв. Тэгвэл энэ удаад 39 хувиар өссөн болж таарч байна.


ТӨСВИЙН АЛДАГДАЛ ТАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Наймдугаар сард төсвийн алдагдал тав дахин өссөн үзүүлэлттэй байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого    3 576.8 тэрбум төгрөг болжээ. Ингэснээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байгаа аж.

Төсвийн алдагдал огцом нэмэгдсэн шалтгааныг Үндэсний статистикийн хорооноос ингэж тайлбарлалаа.

Эдийн засгийн өсөлт саарсантай төсвийн алдагдлыг холбон тайлбарлаж байна. Мөн татварын орлого бүрдүүлэлт буурсан нь үүнд нөлөөлжээ. Тухайлбал, татварын ихэнх хувийг эзэлдэг Нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээ л гэхэд 216 тэрбум төгрөгөөр буурчээ. Энэ нь төсвийн алдагдалд томоохон нөлөө үзүүлсэн гэв.


Доорх инфографикаас Монгол Улсын нийгмийн салбарын статистикийг харна уу.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж