Л.Гансүх нарын гэх хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүхэд өчигдөр/IX.10/ 10.30 цагаас эхэлсэн ч шүүгдэгч нарын өмгөөлөгчид болох Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу нар шүүх болоод бүрэлдэхүүнээс татгалзсанаар хурал үргэлжлэх боломжгүй болсон. Мөн өмгөөлөгчид шүүхэд дээрх хүсэлтээ бичгээр гаргаж өгөх байсан ч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нар үүргээ биелүүлээгүй хэл чимээгүй алга болсон. Ямар учраас шүүх, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хүсэлтээ хуулийн дагуу бичгээр шүүхэд өгөөгүй гэх асуудлаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр “Өнөөдрийн хурлаар Авлигатай тэмцэх газар хуурамчаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан баримтыг дэлгэж байна. Тодруулбал, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоогийн “Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид Татварын ерөнхий газрын нягтлан бодогчоор урьдчилан бодуулсан дүгнэлт дээр гарын үсэг зуруулсан” гэх ярианы бичлэг байна. Энэ нотлох баримтыг би прокурорт өгсөн ч шүүхэд баримтыг өгөөгүй байна лээ. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг дундаас нь сугалсан гэсэн үг. Шүүх, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргаагүйн тухай тайлбарлахад шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд энэ хүсэлтийг Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцэх практик туршлага бий. Гэтэл өөрөөс нь татгалзах хүсэлтийг ерөнхий шүүгч М.Алдар өөрөө шийдэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй шүү дээ. Албан бичгээ өгөх гээд явж байтал хурлыг хойшлуулсан, шүүх бүрэлдэхүүнээс татгалзахыг зөвшөөрөхгүй гэсэн шийдвэрийг гаргасан байсан. Хүсэлтээ өгөөгүй байхад яаж асуудлыг шийдсэнийг гайхаж байна. Намайг өмгөөлөгчийн ёс зүйн алдаа гаргасан гэж 788 мянган төгрөгөөр торгосон. Энэхүү торгуулийг эсэргүүцэж байгаа болохоор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргана” гэж мэдээллээ.
Д.ЖАРГАЛ