Палестины төрийн далбаа НҮБ-д мандана

Хуучирсан мэдээ: 2015.09.11-нд нийтлэгдсэн

Палестины төрийн далбаа НҮБ-д мандана

 

НҮБ-д Палестины төрийн далбааг мандуулахыг Ерөнхий ассамблейн санал хураалтаар шийдлээ. Ерөнхий ассамблейн 119 орон Палестины төрийн далбааг НҮБ-д мандуулахыг дэмжсэн бол АНУ, Израйль тэргүүтэй найман орон эсэргүүцсэн байна. Харин Их Британи, Европын холбооны бусад гишүүд санал өгөхөөс татгалзжээ. Ийнхүү НҮБ-ын төв байрны өмнөх олон орны төрийн далбааны хажууд Палестины төрийн далбаа мандахаар боллоо. НҮБ дэх Палестины төлөөлөгч Рияд Мансур хэлэхдээ “Энэ бол Палестин улсыг хүлээн зөвшөөрүүлэх, тусгаар тогтнолыг бататгахад чухал алхам боллоо” хэмээжээ. Палестины төрийн далбааг энэ есдүгээр сарын сүүлээр ерөнхийлөгч Махмуд Аббас илтгэл тавихтай зэрэгцэн НҮБ-ын байрны гадна мандуулах аж.

 

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2012 онд Палестинд гишүүн бус ажиглагч орны статус олгосон нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд том дэмжлэг болсон юм. Үүний дараа өнгөрсөн онд Палестины тусгаар тогтнолыг 20 гаруй орон хүлээн зөвшөөрсөн нь Израйлийн зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулсан юм. Хамгийн сүүлд Ватикан өнгөрсөн тавдугаар сард Палестин улсыг хүлээн зөвшөөрснөөр нийт 135 орон палестинчуудын тусгаар тогтнолыг хүлээн аваад байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж