“Бүх зүйл хуулийнхаа дагуу явах ёстой”

Хуучирсан мэдээ: 2015.09.11-нд нийтлэгдсэн

“Бүх зүйл хуулийнхаа дагуу явах ёстой”

“Бүх зүйл хуулийнхаа дагуу явах ёстой”

Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар тодруулга мэдээлэл авахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцлаа.

-Хууль зүйн байнгын хороогоор Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр зарим гишүүнээс хоригийг хаалттай хэлэлцэх саналыг гаргасан. Хуулиараа Ерөнхийлөгчийн хоригийг яаж хэлэлцэнэ гэж заасан юм бол?

-Үндсэн хуульд зааснаар төрийн нууцад хамаарахаас бусад асуудлыг ард түмний өмнө нээлттэй хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Энэ бол ардчилсан, эрх зүйт төрийн зарчим. Нөгөө талаас иргэд нууцад үл хамаарах мэдээллийг олж авах эрхтэй. Төрийн аль ч байгууллага, албан тушаалтан иргэний энэ эрхийг хүндэтгэж, хангаж ажиллах ёстой. Сая батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдээд олон түмэнд нээлттэй болчихсон, Ерөнхийлөгчийн хориг нээлттэй байгаа. Иймд иргэдээсээ нууж, хаагаад байх зүйл байхгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг нээлттэй, ил тод хэлэлцэх нь зөв гэсэн олонх гишүүдийн гаргасан саналтай байр суурь нэг байгаа.

-Зарим гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 4.1, 7-р зүйл бүхэлдээ хүчингүй болж, Өршөөлийн хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах боломжгүй гэж ярьж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ тийм ч ээдрээ төвөгтэй, маргаад байх асуудал биш. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.8-д “хоригийг хүлээн зөвшөөрөх”, 31.9-д “хоригийг хүлээж авах” гэсэн хоёр ялгаатай ойлголт бий. Дэгийн тухай хуулийн 31.8-д зааснаар хоригийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд хориг тавьсан зүйл заалтыг хүчингүй болгож, шаардлагатай тохиолдолд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулж батална гэж заасан. Харин дэгийн тухай хуулийн 31.9-д зааснаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авбал холбогдох байнгын хороо Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэхээр заасан. Энэ тохиолдолд хуулийн төсөлд ЗГ, бусад газраас санал авахыг шаардахгүй гээд заачихсан. Тэгэхлээр Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэгийн тухай хуулийн 31.9-д зааснаар хүлээн аваад зохих нэмэлт өөрчлөлтийг Өршөөлийн хуульд оруулах болов уу. Учир нь, Монгол Улсын Үндсэн хуульд хоригийг хүлээн зөвшөөрөх биш, хүлээн авах гэсэн хууль зүйн ойлголт бий. Бусад хуулийн нэр томъёо, агуулга Үндсэн хуулийн үзэл баримтлал, нэр томъёонд бүрнээ нийцэх учиртай.

-Ер нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байсан тохиолдол байдаг юм уу. Зарим хүний ярьж байгааг сонсохоор болохгүй юм шиг ойлголтыг олон нийтэд төрүүлээд байна?

-Тийм жишиг бий. Тухайлбал, 2008 онд Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд өмнөх Ерөнхийлөгч хориг тавьсан байдаг. УИХ уг хоригийг хүлээж аваад уг хуульд зохих өөрчлөлтийг оруулж байсан. Энэ парламентын үе буюу 2012 онд Ерөнхийлөгч Шүүхийн захиргааны хуульд хориг тавьж, УИХ хоригийг хүлээн авч холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байдаг. Тиймээс Үндсэн хууль, дэгийн хууль, өмнөх жишгээ харгалзсан ч Өршөөлийн хуульд тавьсан хоригийг УИХ хүлээн аваад, холбогдох заалтыг хүчингүй болгохгүйгээр Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдвэрлэх бүрэн бололцоо бий. Ингэж байж гэмээнэ Ерөнхийлөгчийн тавьсан хориг бүтэн болох юм.

-Байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхийлөгч зөвлөхөөрөө дамжуулж хориг тавьсандаа уучлалт гуйсан гэж цахим ертөнцөөр яригдаад байна?

-Тийм зүйл байхгүй. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр миний хэлсэн үгийг гуйвуулж байгаа хэрэг. Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьсныхаа төлөө уучлалт гуйх шалтгаан байхгүй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригийг нь УИХ гуйвуулахгүйгээр бүрэн бүтэн хүлээн авах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа.

-Байнгын хорооны хуралдааны үеэр З.Баянсэлэнгэ гишүүн Ерөнхийлөгчийг хориг тавьж байгаа юм уу, хуулийн төсөлд санал өгч байгаа юм уу гэсэн утгатай асуулт асуугаад байсан?

-Хориг болон санал нь тэс өөр ойлголтууд. Ерөнхийлөгчийн тавьсан хориг бол хуулийн төсөлд өгдөг санал биш. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Ерөнхийлөгчийн байр суурь, бодлого, Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх гэж ойлгох нь зөв байх. Нөгөө талаас хоригийн асуудал батлагдсан хуультай холбогдон яригддаг бол, саналыг тухайн хуулийг батлагдан гарахаас нь өмнө төсөл байх үед нь өгдөг.

-Хуралдааны үеэр зарим гишүүнээс Ерөнхийлөгчийг Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлах хүсэлтийг гаргаж байсан. Болохгүй гэж үү? 

-Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан бол холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн төслийг холбогдох байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцүүлнэ гээд заачихсан. Тиймээс бүх зүйл хуулийнхаа дагуу явах ёстой.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Баярлалаа.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж