Д.Сугар дошин дээрээ томров

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Д.Сугар дошин дээрээ томров

Бид “дошин дээрээ атаман байх” гээчийг жинхэнэ утгаар нь үзүүлдэг болжээ. Төрийн өм­чийн хорооны үүдэнд өчиг­дөр түр саатах зуур тун омог­шил тө­рүүлэхээр зүйл үзэв. Төрийн өмчийн хорооны дар­га Д.Сугартай уулзахаар Япо­ноос төлөөгчид иржээ. Сураг  тавибал Япо­ны “Тоёо” компани, тус улсын Монгол Улс дахь Элчин сайдын яамны төлөөлөгчид болж таарлаа. Харин тэд орж ирснээсээ хойш 10 минут гаруй хугацаанд Д.Сугар даргыг хү­лээн үүд сахин зогсоцгоолоо. Тэднийг хүлээх зуур төрийн хувцас өмссөн хамгаалалтын албаныхан маань малгайгаа ч өмсөлгүй, таахалзан сууж байв. Харин япончуудыг дагуулж яваа орчуулагч эмэгтэй нэлээд ичиж байгаа харагдлаа. Учир нь тэд Д.Сугар даргатай 11.00 цагт уулзах байж л дээ. Япончууд эхнээсээ залхаж эх­лэв бололтой гар цүнхээ газар тавиад зогсоцгоолоо. Ядахдаа цайны газраас хоолны үнэр түгж байсан нь япончуудыг тавгүйтүүлж байв. Арга ч үгүй биз. Тэд цагийн хуваарьтай хооллодог, дээр нь Засгийн газрын байранд хоолны үнэр гарах ёсгүй гэсэн итгэл үнэм­шилтэй байдаг хүмүүс шүү дээ. Гэхдээ яая гэхэв. Нэгэнт л Д.Сугар даргын “дош” юм чинь цаг барих эсэх нь түүний хэрэг. Тийм болоод л цагаа барихгүй жаахан гэдийгээ биз Тун саяхан даа. Солонгос-Мон­голын бизнес форум боллоо. Форумд Солонгосын эдийн засаг, бизнесийн нэр хүндтэй төлөөлөгчид ирэв. Манай талаас Ерөнхий сайд, Сангийн дэд сайд, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга нарын нэр нөлөөтэй эрхмүүд очлоо. Форумыг солонгосчууд зохион бай­гуулж байсан болохоор зо­хион байгуулалтын хувьд өөлөх зүйлгүй байв. Харин ма­най Үндэсний хөг­жил, шинэт­гэлийн хорооны дарга өөрөө бэлдсэн үү, хүнээр бичүүлсэн үү гэлтэй илтгэлээ индэр дээр гарч бушуухан хэлчихээд эргээд суудалдаа ч суулгүй, үүд рүү чиглэн яарлаа. Мань эр гадныхнаас, тэр тусмаа хөрөнгө оруулагчдаас залх­сан байх. Бараг л гүйгээд гарсан даа. Энэ мэтээр бид Мон­голдоо сайхан амьдрах цаг иржээ. Хэдхэн жилийн өм­нө гадныхныг царайчлахаас өөр зүйл мэддэггүй байсан бид өнөөдөр ямар ч хөрөнгө оруулагчийг “амбаардаад”, ал­гадаад явуулчихаар чадалтай болжээ. Бахархах, омогших сэтгэл ямар ихээр төрж байна гээч. Зүгээр ч юм уу.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж