Нэр бүхий зургаан сайд томилогдсоноор Шийдлийн Засгийн газар бүтэн болсон ч албан тушаалын хуваарилалт дуусаагүй байна. Тодруулж хэлбэл, дэд сайдын томилгоо, цаашлаад Төрийн нарийн бичгийн дарга нарыг ч өөрчлөх асуудал сөхөгдөж болох талтай. Дэд сайд нарын тухайд долоог шинээр томилно. Ингэхдээ гурван дэд сайд Ардчилсан намаас сонгогдох нь тодорхой болж, Гүйцэтгэх зөвлөл тодруулсан. Үүнд Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Н.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ч.Батцогт нар юм.
Үлдэж байгаа дөрвөн дэд сайдын гуравт нь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хүмүүсээ нэр дэвшүүлэх бол нэг суудлыг нь ИЗНН горилно гэх мэдээлэл байна. Одоогоор УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг дэд сайд нарын асуудлыг хэлэлцээгүй байгаа аж. Нам, нам дээрээ энэ асуудлыг эхэлж ярилцах юм байна.
Г.ДАРЬ