Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Д.Энхбат ногооров

УИХ-ын гишүүн Д.Энхбат “Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаа гишүүдийн эгнээнд жагсаж буй. Тэрбээр Ногоон намын дарга хэмээх нэрийг хэл амтайхан үүрч яваагийн хувьд ногоон өнгө орсон бүх зүйл байгаль хамгаална гэсэн утгатай гэж боддог бололтой. Тиймдээ ч ногоон өнгөтэй гэсэн бүхэн рүү ухасхийдэг болсон юм байх.  “Ураны үйлдвэр байгуулах ёсгүй” хэмээн дуусдаггүй яриа өрнүүлж, “Засгийн газар Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх гэж хичээгээгүй. Энэ хууль байгаль хамгаалах шилдэг арга” гэж эсэргүүцэж суугаа нь ингэж бодоход хүргэв. Тэгэхээр түүнийг “Ногоон” гэхэд хилсдүүлсэн болохгүй байх. Өөрөө ч энэ нэрдээ маш “хайртай”. Тиймээс ч “ногоон” нэрээ хадгалахын тулд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр хурал хаяж гарч, байгальд хайртайгаа нотлохыг хичээсэн байж болох талтай. Эрхэм гишүүн “Урт нэртэй” хуулийг бүхэлд нь хүчингүй болгох гээгүй. Хэрэгжих боломжгүй хуулийг сайжруулж, байгалиа хамгаалж, баялгаа ашиглах гэж буйг мэдэж л баймаар. Гэхдээ нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа гишүүдийн эгнээг нэгээр зузаатгачихвал “Ногоон намын дарга байж бай­галийн эсрэг үйлдэл хийж байна” хэмээн  иргэний хөдөлгөөнийхөнд чичлүүлж,  иргэдэд буруу ойлголт төрүүлчих вий гэж айсан ч юм бил үү.  Тэгээд л хаана “Ногоон үйл явдал” болж байна, тэнд гялтайж явсан нь имижтэй нь зохицоно гэж бодсон бололтой. Байгаль ногоороод сайхан байгаа ч ногоон өнгө харахаар л Д.Энхбат гишүүн санаанд ороод байх болж. Тэр ч бас ногоорч байгаа даа. 

Р.САРАНГОО

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж