Алтны уурхайнууд ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Алтны уурхайнууд ажиллаж эхэллээ

Засгийн газар холбогдох дүрэм, журмыг нь гүйцэд боловсруулж батлаагүй зэрэмдэг хуулиар далайлган алтны уурхайнуудыг өнгөрсөн сарын дундуур хаагаад байсан билээ. “Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөнд нэгдсэн аж ахуйн нэгжүүд уг үйлдлийг хууль бус гэж үзэн өнгөрсөн даваа гарагт Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. Шаардлагад “Хай­гуулын болон ашиглалтын хү­чин төгөлдөр тусгай зөвшөөрөл бү­хий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ сарын 9-ний дотор сэргээхгүй бол шууд ажиллаж эхэлнэ” хэмээн тусгасан байв. УИХ, Засгийн газар “Урт нэртэй” хуулийн учрийг олж чадахгүй бие бие рүүгээ түлхэж суух хооронд уг хугацаа нь дуусч компаниуд ажлаа эхэллээ. Тодруулбал, Өвөрхангай, Булган, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ болон Хэнтийн бүс нутагт алтны шороон ордод хайгуул болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаад үүдээ түгжүүлсэн бүх компани өчигдөр өглөөний 09.00 цагаас нэгэн зэрэг ажлаа эхэлсэн байна. Тэдний нэг болох Сэлэнгэ аймгийн Ерөө сумад үйл ажиллагаа явуулдаг “Ди Зэт Энд Ай” ХХК-ийн захирал Т.Дарамдорж “Уурхайгаа лацдуулсан бүх компани өнөөдрөөс /өчигдрөөс/ ажиллаад эхэлсэн. Одоогоор төрийн эрх бүхий байгууллагын зүгээс ямар нэгэн хориг саад учруулаагүй. Угаасаа бид урьд нь ч хуулийн дагуу ажиллаж байсан. Одоо үргэлжлүүлэн ажиллаж байгаа нь ч хууль ёсны үйлдэл учраас төрийн зүгээс дахин элдэв дарамт ирэхгүй байх гэж найдаж байна” гэлээ. Засгийн газар анхнаасаа буруу хөдөлсөн болохоор компаниудын энэ үйлдэлд ямар хариу барихаа мэдэхгүй байгаа бололтой. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийнхэнтэй утсаар холбогдож, одоо хэрхэх талаар асуухад “Судалж, шалгаж байгаа. Сайн мэдэхгүй байна…” гэх мэт бөөрөнхий  хариу өглөө. Ямар нөхцөл байдал үүсвэл ямар арга хэмжээ авах талаар  төрийн байгууллагууд ямар ч төлөвлөгөө байдаггүй нь эндээс харагдаж байна. Дараагийн нүүдлээ тооцоогүй хууль баталсан шигээ “Компаниуд ажиллаад эхэлбэл яах вэ” гэдгээ бас л тооцоогүй аж.

Ер нь яах ч билээ. Хэдийгээр төрийн эрх бүхий байгууллага лацдаад явсан ч үйл ажиллагаа явуулах эрхтэй компаниуд ажлаа эхэлснийг буруутгах аргагүй. “Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөнийхөн Засгийн газрын 299 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан ажлын хэсгээс зохион байгуулсан ажил /уурхайнуудыг лацадсан/-ыг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1.3, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6-д заасныг зөрчиж, Монгол Улсад татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан” гэж тайлбарласан. Тодруулбал, лицензийг нь цуцлах шаардлагатай бол нөхөн олговрыг 100 хувь төлөх, төлөөгүй тохиолдолд лиценз цуцлахыг хуулиар хориглосон гэсэн үг. “Урт нэртэй” хуулийг хамгаалагчид одоохондоо чимээгүй байгаа ч “Алтны компаниуд төрийн шийдвэрийг зөрчиж, дур зоргоороо авирлалаа” гээд асуудал үүсгэх гэж оролдох байх. Гэхдээ хэн нь хэнийхээ эрхэнд халдаад байгааг эрүүлээр харж, бодитоор үнэлж дүгнэх цаг болсон. Ёстой л “Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ” гэдэгтэй адил юм болоод байна. Ямартай ч алтны компаниуд энэ удаад шийдвэртэй алхам хийж, ажлаа үргэлжлүүлж эхэллээ. Гэхдээ тэд зөвхөн хувийн эрх ашгийн төлөө бус, салбарынхаа олон мянган ажилчид хийгээд тэдний ар гэрийг гудамжинд гаргахгүй, төсвийн орлогыг тасалдуулахгүй, жинхэнэ байгаль сүйтгэгч “нинжа” нарт лицензит талбайгаа тавьж өгөхгүйн тулд ийм шийдвэр гаргасан гэцгээж байна. Харин төрийнхөн төөрөгдөлд орж, цаг үеийн хамгийн тулгамдсан асуудлаа хойш тавьж, туг цэнгүүлэх, наадам найруулах гэх мэт аар саархан зүйлээр оролдсон шиг сууна.   

Ч.ДАШДЭЛЭГ
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж