Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр / 2015.09.10/ тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын Үндэсний музей, Тагнуулын ерөнхий газар, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей хамтран “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. Өнөөдөр /2015.09.10/ Монголын Үндэсний музейд нээлтээ хийсэн тус арга хэмжээнд Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог оролцсон юм.
Тэрээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын төр засаг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдээ цагаатгах, дурсгалыг нь мөнхжүүлэх, хохирлыг арилгах асуудлыг санхүүгийн боломжийн хэрээр барагдуулж ирснийг тэмдэглэн хэлье. Өнөөдрийн байдлаар 31.190 хүнийг цагаатгаж, тэдний ар гэр, үр хүүхэд, ач зээ нар болох 18.000 хүнд 16.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна. Цаашид ч энэ ажил үргэлжлэх болно. Хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх, дурсгалыг нь мөнхжүүлэх хэлмэгдүүлэлтийн хор уршгийг арилгах ажил идэвхтэй явагдаж байгааг энд хэлэх нь зүйтэй” гэлээ. Мөн тэрээр, Монгол Улсын төр, засаг, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, түүний ажлын алба Тагнуулын Ерөнхий газар, төв, орон нутгийн архивууд, шүүх, прокурорын архивууд, аймгуудын салбар комиссуудтайгаа хамтран шалгагдаж цагаатгагдаагүй хэрэг байгаа эсэхийг эцэслэн нягталж шалгах ажлыг зориуд тусгайлан гүйцэтгэж байгааг тэмдэглэн хэлсэн юм.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар хойч үедээ ойлгуулж, хэлмэгдүүлэлтийг дахин давтагдахгүй байлгах зорилгоор тус үзэсгэлэнд улс төрийн хилс хэрэгт 1922-1990 онд хэлмэгдэж, 1939 оноос өнөөдрийг хүртэл цагаатгагдсан 31.1 мянга гаруй иргэдийн төлөөлөл болох 250 орчим хүний гэрэл зургийг дэлгэжээ.
Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.