Украины ойролцоо цэргийн бааз барьж эхлэв

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

Украины ойролцоо цэргийн бааз барьж эхлэв

 

ОХУ Укрианы хилийн ойролцоо том цэргийн бааз барьж эхэлсэн тухай Reuters мэдээлж байна. ОХУ-ын Белгород мужийн Солоти тосгоны гадна 300 га талбайд цэргийн бааз байгуулах ажлыг энэ долоо хоногт эхлүүлсэн аж. Энэ нь Укрианы хилээс 25 орчим км зайтай аж. Тус газар зэвсгийн агуулах, казарм, сургуулилтын талбайгаас гадна  усан сан, цанын зам, спорт зал,  дэлгүүр хоршоо, орон сууцны хороолол зэргийг цогцоор байгуулах зураг төслийг “zakupki.gov.ru” сайтад нийтэлжээ.

 

Цэргийн бааз барьж буй гэх Солоти тосгоны ойролцоо газарт төмөр хашлага босгож байгааг “Reuters” агентлагийн сэтгүүлч сурвалжлахаар очсон ч “Укрианы тагнуул” хэмээн хөөсөн гэнэ. Тэнд ажиллаж буй хүмүүс “энэ газар нууц байгууламж” барьж байгаа гэхээс өөр зүйл хэлээгүй аж.

 

Украины зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөнд ОХУ зэр зэвсэг болон цэргээ илгээн оролцсон хэмээн НАТО хардаж, буруутгагддаг. Харин ОХУ-ын албаныхан Укрианд цэргийн ажиллагаа явуулаагүй гэж эрс няцаасаар ирсэн юм. Украины зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлснээс хойш 8000 орчим хүн амь үрэгдсэн гэж тооцдог.

 

Энэхүү цэргийн бааз бэлэн болохоор 3500 цэрэг байрлах гэнэ.

 

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж