Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа урлагийн алтан тайзнаа дуулсан 30 жилийн ой 2016 онд тохиох юм. Тиймээс тэрээр 30 жилийн ойдоо зориулсан шинэ цомог, тоглолтууд, амьдрал, уран бүтээлийн амжилт, түүхээ харуулах ном зэрэг олон бүтээл хийхээр төлөвлөжээ.
Үүний эхлэл болгож, тэрээр “Сэхүүн салхи” нэртэй шинэ цомгоороо сонсогчдодоо бэлэг барих гэж байна. Цомогт дуучны хит болон шинэ 10 дуу багтжээ. Тодруулбал, “Сэхүүн салхи”, “Аргагүй амраг”, “Хавар”, “Чи алзахгүй”, “Мөрөөдлийн арал”, “Хатан хаан”, “Бог өвсний дуу” болон Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын хөгжим, СГЗ, Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг “Аав ээж хоёр минь”, УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын хөгжим “Содура” киноны дуу, “Зоргоороо амраг” зэрэг бүтээлүүдээ нэгтгэжээ. Дуунуудын хөгжмийн найруулга, бичлэг, тохируулга зэрэг чухал ажлуудыг “New Star” студийн С.Гантөр, Ядамсүрэн, “White Arch” студийн Т.Мөнх-Оргил, “Ocean Grey” продакшны Ариунболд, Нацагдорж мөн Сингапур улсаас Рагу Раман нарын уран бүтээлчид хийж гүйцэтгэжээ.
Цомгийн албан ёсны нээлтэд зориулсан тоглолтыг энэ сарын 18-нд 20.00 цагт “VLVT” клубт хийх бөгөөд тоглолтонд, амьд хөгжмийн “Random” хамтлаг, үндэсний хөгжмийн “Олонхи” хамтлаг, дуучин Л.Насанбуян, Э.Болор-Уянга нар хамтран оролцох юм байна.
Т.АНУ