Эдийн засаг нь жилдээ 100 гаруй тэрбум ам.доллар эргэлддэг ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрэнтэй хиллэдэг билээ, бид. Зах зээлийн энэхүү аварга тогооноос дорвитойхон “шанагадах” боломж нь чөлөөт бүс гэдгийг эдийн засагчид, бизнесийн салбарынхан ярьдаг. Монгол Улс 10 гаруй жилийн өмнөөс Чөлөөт бүсийн хуулийг баталсан ч өгөөжтэй хэрэгжүүлж чадахгүй байсаар өнөөдрийг хүргэлээ.
ОХУ-тай Алтанбулаг боомтоор холбогдож худалдаа, эдийн засгийн том гарц нээх чөлөөт бүсийг сүр дуулиантай эхлүүлсэн ч одоогоор тэнд нэг ч зоос эргэлдүүлж чадаагүй байна.
Тэгвэл БНХАУ-тай ч чөлөөт бүсээр “хиллэж”, хөрөнгө оруулагчдыг татах Засгийн газрын шийдвэрийн дагуу Замын-Үүд чөлөөт бүс байгуулсан нь өдгөө бүтээн байгуулалтын шатанд явж байна гэсэн албаны тайлбартай. Өмнөд, хойд энэ хоёр чөлөөт бүсийн талаар бид өмнө нь газар дээрээс нь цуврал сурвалжлагууд бэлтгэснээ уншигч танд хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа “Халх гол” чөлөөт бүс, түүнийг тойрсон мэдээллийг тоймлов.
Халх гол бол Дорнод Монголын нутаг, дэлхийд үлдсэн сүүлчийн хялганат хээр Монгол орны хамгийн үржил шимт хөрстэй газар гэгддэг. УИХ-аас Монгол Улс зөвхөн худалдаа, арилжааны чөлөөт бүсээс гадна хөдөө аж ахуйн салбараар зах зээлд “тоглогч” байх зорилгоор өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдөр “Халх гол” чөлөөт бүсийг байгуулах тогтоолыг гаргасан юм. “Халх гол” чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоож, чөлөөт бүсэд дагаж мөрдөх технологийн болон амьтан ургамлын хорио цээрийг журмыг батлахыг Засгийн газарт даалгажээ. Мөн хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэд бүтцийг байгуулах тухай ч дурдсан байна. Энэ төслийн санаачлагч нь Хүнс, хөдөө аж ахуйн яам. Тэд тариаланчдаа дэмжиж, импортын төмс, хүнсний ногооноос дотоодынхоо ижил төрлийн бүтээгдэхүүнийг хамгаална. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх эхлэл энэхүү чөлөөт бүс гэсэн санааг УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр ярьж байв. Гэвч УИХ-ын энэ шийдвэр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэрийн дор газраа гадныханд худалдах гэж байна гэсэн байр суурьтай хуульчид Үндсэн хуулийн цэц, АТГ-т хандлаа. Мөн энэхүү чөлөөт бүс байгуулагдсанаар Монгол Улс ямар ч ашиг хүртэхгүй гэсэн судалгааг ч иргэний нийгмийн байгууллагууд олон нийтэд мэдээлэв. Тиймээс “Халх гол” чөлөөт бүсийн эргэн тойронд болж буй үзэл бодлын зөрүүтэй үйл явдлыг тоймлов.
“Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө”
Орон нутгийн иргэдийн төлөөлөл, хуульчидтай хамтран чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байгаагаа мэдээлсэн юм.
-Халх голын 500 мянган га-д чөлөөт бүс байгуулна гэсэн шийдвэрийг УИХ гаргасан байхад дөнгөж 49 мянган га-д газар тариалан эрхэлнэ гэж Р.Бурмаа сайд мэдээлсэн. Үлдсэн 451 мянга га газрыг яаж ашиглах нь тодорхойгүй байна. Чөлөөт бүс болчихвол захирагчийг сонгож, тухайн захирагч нь чөлөөт бүсэд ямар чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулахыг шийдэх эрхтэй болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хууль, дүрэм, журам онцгой статустай бүс нутагт үйлчлэхгүй болно. Энэ нь нутгаа харийнханд зүгээр өгсөнтэй адил эрсдэл дагуулна. Халх гол орчимд амьдардаг малчин айл өрхийг албадан нүүлгэж, хууль зөрчих гэж байна. 100 километрийн урттай, 50 километрийн өргөнтэй 500 мянган газрыг шууд хориотой бүс болгох нь Монгол Улсын Үндсэн хуулийн 18 дугаар зүйлд зааснаар нутгийн иргэдийн чөлөөтэй зорчих, түр болон оршин суух эрхийг зөрчинө. Тиймээс энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц болон АТГ-т хандана.
“Монгол Улсад ашиггүй”
Хөдөлмөрийн үндэсний намаас УИХ-ын тогтоолын дагуу судалгаа явуулжээ. Энэ талаар тэд олон нийтэд байр сууриа илэрхийлсэн юм.
-Манай улсад өгөх ашгийн талаар судалгаа хийсэн. Гэвч энэ чөлөөт бүсийг байгуулах нь манай улсад бүх талаараа ашиггүй гэсэн дүн гарлаа. Тухайлбал, татвар, газрын төлбөр авахгүйгээр барахгүй үржил шимт, түүхт нутгаа гаднынханд мөлжүүлж дуусах аюултай. Чөлөөт бүсийн газрын хэмжээ уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа нийт эдэлбэр газраас 25 дахин том, Монгол Улсын 7.1 сая иргэнд өмчлүүлэхүйц хэмжээний том газар. Чадамжгүй УИХ-аас гаргасан энэ шийдвэрийг эсэргүүцэх болно.
“Нэг сөөмийг ч гадаадынханд өгөөгүй”
Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Бурмаа хэвлэлд өгсөн ярилцлагаараа хариулсан.
-Гадныханд газар өглөө, өгөх гэж байна гэсэн мэдээллүүд тарж байна. Эдгээр мэдээллийг өгч байгаа хүмүүсийг ерөнхийд нь харах юм бол сонгуульд нэр дэвших шоу болгож олон түмний анхаарлыг татах гэсэн оролдлогууд хийж байна. Нөгөө талаар тариалан эрхлэхдээ технологио алдаад хөрсөө муутгачихаад одоо болохоор Халх голын сайхан хөрсөнд санаархсан, тийшээ газар авчих юмсан, дарамт шахалт үзүүлж байгаад тэнд авахсан гэж санагалзсан зарим нэг хүмүүсийн сонирхол байна. Энэ бүхэнд би хариуцлагатайгаар хэлэхэд Халх голын 500 мянган га газраас нэг сөөмийг ч гадаадын иргэд, байгууллагад өгөөгүй. Тийм зүйл байхгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин