"Ерөнхий сайд аа, миний ярьж байгаа мэдээллүүдийг худлаа гэж батлаад өгөөч" | News.MN

"Ерөнхий сайд аа, миний ярьж байгаа мэдээллүүдийг худлаа гэж батлаад өгөөч"

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

"Ерөнхий сайд аа, миний ярьж байгаа мэдээллүүдийг худлаа гэж батлаад өгөөч"

"Ерөнхий сайд аа, миний ярьж байгаа мэдээллүүдийг худлаа гэж батлаад өгөөч"

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Өнгөрсөн зуны улс төр тогтворгүй байлаа. Уржигдар л Засгийн газар бүрдэж байх жишээтэй. Бие даагч гишүүний хувьд ямар байр суурьтай байв?

-Ний нуугүй хэлэхэд энэ зун ард түмнийхээ төлөө хийе, бүтээе гэдэг улс төр нь их бага явлаа. Үндсэндээ МАНАН дотоодынхоо дайн самууны хөлд яаж чирэгдэхгүй байх вэ. Яаж зохицуулж гарах вэ гэдэг дээрээ ажилласан. Ард түмнийхээ бэрхшээлийг шийдэх гэж гарч ирсэн намууд нь ард түмний гол бэрхшээл болчихож. Дотоод бэрхшээлээ шийдэх гол зодоонтой байсан нь энэ зуны улс төрөөс харагдаж байгаа.

-Бие даагч гишүүд ч гэлээ улс төрийн энэ зодоонд оролцсон юм биш үү. Засгийн газарт сайдын алба авахаар яригдаж байсан?

-“Бие даагчдын зөвлөлд нэг суудал өгнө" гэдэг яриа явсан. Нэгэнт сайд нараа баталчихсан учраас өнөөдөр үнэнийг хэлье. УИХ-ын дарга, Ерөнхий сайд надтай уулзаж сайд болох урилгыг албан ёсоор тавьсан. Тухайн үедээ энэ тухай хэлнэ гэдэг өөрийгөө магтан дуулсан болчих гээд байсан учраас чимээгүй байсан юм. Зүгээр л “Би засагт орохгүй” гэсэн. Ер нь ард иргэд биднийг засгийг сайн чиглүүлээрэй, сайн хянаарай, сайн шийдвэрүүд гаргуулаарай гэж сонгосон.

Энэ утгаараа Засгийн газарт УИХ-ын гишүүн орох нь зохимжгүй. УИХ-ын дарга, Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно. Засгийн бусад гишүүд салбарын хамгийн тэргүүний хүмүүс байгаасай гэдэг байр суурин дээрээ би өнөөдөр ч хатуу байгаа. Цаашид ч хатуу зогсоно.

-Шинэ томилгооны тухайд ямар байр суурьтайй байгаа вэ. Хэр томилгоо болов доо. Дахиад л давхар албан тушаалтнууд томилогдлоо?

-УИХ-ын гишүүд давхар албан тушаал хашиж байгаа явдлыг би байнга эсэргүүцнэ. Өөрөөр хэлбэл байгууллагын дарга хийгээд нябогийн ажлыг нэг хүн хашиж болохгүй. Сайд гэдэг чинь мөнгөний мэдэлтэй хүн. УИХ-ын гишүүн гэдэг бол улс орон хаашаа, ямар замаар явах вэ гэдгийг шийддэг хүн. Саяын томилогдсон зургаан сайдын хувьд бид энэ байр сууриа барьж байгаа ч энэ парламент, Засгийн газарт ажил хийх есхөн сарын хугацаа үлдчихээд байна. Энэ хооронд оруулж ирсэн нэрсийг нь өөрчлөх гээд бужигнаад байвал ард иргэдийн зовлон зүдгүүр тэсэх үү, үгүй юу гэдэг асуулт гарна. Тэгэхээр энэ зургаан сайдыг бурхан тэнгэр ивээгээсэй билээ. Миний хэлж чадах зүйл гэвэл энэ.

-Энэ парламентын турш ярьж байгаа давхар албан тушаалын эсрэг байр сууринаасаа ухарчихсан юм биш үү?

-Би дэмжээгүй. Гэхдээ одоо ажлаа сайн хийгээсэй гэж хүсч байна.

-Тэгвэл Засгийн газар, Ерөнхий сайдын тухайд. Дахиад л АН, Шударга ёс эвсэл хоёр хамтарлаа?

-Хэн ч Ерөнхий сайдаар ажиллаж байхад би хэлэх ёстой үгээ хэлж, засч залруулахыг л хүсдэг. Тэр хүмүүсийг ажлаа өгөөсэй гэдэг бодол надад байдаггүй. Ч.Сайханбилэг дээр ч тийм байр суурьтай байна. Дэндүү том алдаанууд хийсэн дээ. Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг ч би шүүмжилж байсан. Гэхдээ Н.Алтанхуяг Ерөнхий сайд бол Оюутолгойн гэрээг засч, Монголд ашигтай байдлаар явуулах сонирхолтой байсан. Тэр бодлоосоо болж албан тушаалаасаа буусан болов уу гэж боддог.

-Ерөнхий сайдын гаргасан алдаа гэдэгт Дубайн гэрээг нэрлэж байгаа байх. Асуудлыг шийдэхэд та нарын саналыг сонсох шаардлагагүй гэдгээ хэлчихээд байгаа шүү дээ?

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг их болчимгүй мэдэгдэл хийсэн. Өөрөөр хэлбэл “Би бие даагчдын зөвлөлийн үгийг сонсох ёсгүй. Бие даагчдын зөвлөлийн үйлдэл Үндсэн хуулийн бус” гэсэн санаа агуулж хэлсэн. Гэтэл Хөвсгөл, Дархан- Уул, Дорнод аймгийн буюу Монголын 300 гаруй мянган иргэний дуу хоолойг бид Үндсэн хуулиараа төлөөлж байгаа. Ийм болчимгүй үг хэлэхийн оронд Дубайн гэрээн дээр гаргаж тавьж байгаа Рио Т интогийн махчин шувуу шиг үйлдлүүдийнх нь асуудалд тодорхой хариулт өгөх ёстой. Дубайн гэрээний хэдхэн зүйлийг хэлмээр байна. 1.4 тэрбум ам.доллар Монголд орж ирээгүй байхад орж ирсэн юм шигээр өртүүлж бичсэн. Тодруулбал, “Сангийн яам, Татварын газартаа ийм үүрэг өг. Тав хоногийн дотор биелүүл” гэж Рио Т инто бидэнд үүрэгдэж байгаа юм. Нэмээд зургаан тэрбум ам.доллараар Монголын газар нутгийг барьцаанд тавина гэж байгаа. Би Дубайн гэрээний 5.5-ын Б-2-ыг ярьж байна. Тэгээд зургаан тэрбум ам.долларыг Монгол руу оруулж ирэхгүй гэж байгаа юм. Зүгээр л Монголыг барьцаанд тавиад мөнгийг нь өөрсдөө хэрэглэнэ гэсэн үг. Би олон баримт ярьдаг. Энэ тухай Ц.Доржготов гуай “С.Ганбаатар худлаа яриад байгаа юм бол шоронд нь хийнэ үү. Шүүх дээр нь хатаана уу. Шийтгээч энэ хүнийг. Үнэн ярьж байгаа бол Ч.Сайханбилэгийг шоронд хий" гэж бичсэн байна билээ. Би үүнд нь баярлаж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг нэг талд нь гаргаж өгөөч гэж энэ нийгмийн оюуны толь болж яваа Өдрийн сониноор дамжуулан хэлмээр байна.

-Ерөнхий сайд хэлэхдээ Оюу толгой гэдэг популистуудын бөөсний сэдэв болчихсон гэж байсан. Популистууд хэт их популизм хийснээс болж яриад байгаа 1.4 тэрбумаас ч их мөнгө цаашаа урссан гээд байгаа?

-Баруунд “Мэдээ хүргэгчийг битгий алаарай” гэсэн үг бий. Оюутолгойн гэрээ Монголд нэг ч төгрег оруулж ирэхгүй байна. Тэр баялгийг өм цөм аваад гарч байна. Гэтэл Ч.Сайханбилэг “Популистуудаас болж гацлаа" гээд байгаа. Тэр гацсан гээд байгаа Оюутолгой өнгөрсөн жил 1.9 тэрбум ам.долларын орлого олсон. Харин тэдний амласан шиг мөнгө манайд огт орж ирэхгүй байгааг л бид хэлээд байгаа юм. Ер нь гуравхан бие даагч энэ тухай ярьсны төлөө Рио Т инто мөнгөө Монгол руу оруулах уу үгүй юу гэж бодож байгаа юм бол Засгийн газар байх ямар шаардлага байгаа юм. Бас энэ жилийн гуравдугаар сарын 30-ны байдлаар 570 сая ам.долларыг олчихоод байгаа. Үүний талаас илүүг нь алтнаас авсан. Миний ярьж байгаа энэ мэдээллүүд худлаа гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг батлаад өгөөч.

“Тэд юу ч олоогүй байна. Хамаг ажлыг нь Ганбаатар гацаагаад байна” гэж л яриад байх юм. Би вэб сайтаар өдөр бүр орж бүх зүйлийг нь хардаг. Ерөнхий сайд үүнийг хянаж байх ёстой. Нэг л зүйлийг хэлэхэд Чилийн Сангийн сайд Монголд ирсэн. Тэр хүн “Ерөнхий сайд бид хоёр оффистоо ажилладаггүй. Бидний хийдэг гол ажил бол Чилид хөрөнгө оруулалт хийсэн компаниуд дээр очиж хэдэн тонн баяжмал гарч байна. Хэдэн цаасны орлого орж ирэх вэ гэдгийг уурхайн аман дээрээс хянадаг. Яагаад гэвэл Чили орны сургууль, цэцэрлэг, идэх хоол бүгдээрээ тэр уурхайгаас хамаардаг” гэж хэлж байгаа юм.

Харин манай Ерөнхий сайд хамгийн том уурхайгаа бөөстэй зүйрлээд явж байна. Ч.Сайханбилэг сайдын хувьд Оюутолгой бөөс байж магадгүй. Бидний хувьд энэ орд чинь ажлын байраа, сургууль, цэцэрлэг барих, тэтгэвэр, цалингаа нэмэх боломж. Эрдэнэт 25 жилийн турш бүх төрийн албан хаагчдын цалин, сургууль, цэцэрлэгийн санхүүжилт, хилийн манаанд зогсч байгаа цэргүүдийн мөнгийг дааж байгаа. Гокоос дөрөв дахин том Оюу толгой Монголд олигтой мөнгө оруулж ирэхгүй байна гэдэг бол бөөстэй харьцуулах асуудал биш.

-Улстөржилт нь хэтэрч том төслүүд явахгүй байгаа юм биш үү?

-Оюу толгой огт гацаагүй. Бүх ажлаа төлөвлөгөөнөөсөө давуулан биелүүлж байгаа. Гацаж байгаа гэж тэд ярих дуртай. Гацсан юм бол түүнийгээ нотол. Хэдхэн сарын өмнө Рио Тинтогийн босс Монголд ирсэн. Тэгэхдээ “Бид нэг сая тонн зэсийн баяжмалыг гаргасныхаа баярыг тэмдэглэх гэж ирлээ" гэж байгаа юм. Сая тонн зэсийн баяжмал гаргасныхаа баярыг ингэж тэмдэглэж байна. Тэд явдгаараа явж байна. 2009 оны аравдугаар сарын 3-нд “Маргааш 10 мянган ажлын байр бий болгоно. Хүн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэсэн. Битгий гацаагаарай, Ганбаатар аа. Монголын ДНБ-ий гуравны нэгийг Оюу толгойгоос оруулж ирнэ” гэж, “Өдөр бүр алдаж байгаа нэг сая ам.долларын төлөө Ганбаатар мэтийн хүмүүсийг буудаач ээ” гэсэн зүйл ярьж хуурсаар байгаад гэрээ байгуулсан.

2009 онд бид өргүй ард түмэн байлаа. Өнөөдөр бид 27 тэрбум ам.долларын өрөнд орчихлоо. Бидэнд 1.2 сая хөдөлмөрийн насны хүн байна. 470 мянга нь гудамжинд ажилгүй явж байна. 140 гаруй мянган хүүхэд цэцэрлэггүй сугалаа сугалж байна. Гаргалгаа нь Оюутолгойгоосоо олигтойхон мөнгө олох шаардлагата й болж байгаа биз. Германы  Зен гэх эрдэмтэн ирэхдээ “Эцэс төгсгөлгүй зээлээр амьдрахаа болиоч. Уул уурхайн гэрээнүүдээ эргэж хараач. Зээл авна гэдэг бол өнөөдөр тоглож байгаа хүүхдийнхээ ирээдүйгээс их хэмжээний мөнгийг хулгайлж байгаа явдал” гэж байсныг ч хэлмээр байна.

-Энэ асуудлуудыг шийдэхийн тулд та бүхэн засагт орох ёстой байсан юм биш үү. Гаднаас нь хашгичсанаас дотор нь ороод гардаж хийвэл амжилттай байна биз дээ?

-Нэг сайхан нартай өдөр бидний дундаас нэг нь төрийн гурван өндөрлөгт хүрч байж л шийдвэр гаргана. Одоо бол салбарын хамгийн тэргүүний хүмүүс сайд хийх ёстой. Энэ бол зарчим. Хөдөлмөрийн салбарынхаа ажлыг би дэндүү мэднэ. Ороход дорвитой ажил хийж чадна гэдэгтээ ч итгэдэг. Заримдаа сайд болчихмоор санагддаг. Гэхдээ надад зарчим гэдэг зүйл бий. Анх байсан байр сууринаасаа ухрах нь хамгийн зохимжгүй явдал. Надад Хөдөлмөрийн сайд болохыг хүчтэй санал болгож байсан нь үнэн. Энэ салбарын зовлон жаргалыг сайн мэднэ. Үйлдвэрчний эвлэлд долоон жил болохдоо олон тэмцэл хийж байсан. Хүмүүсийнхээ цалинг дөрвөн удаагийн тэмцлээр нэмж байлаа. Бензиний үнэ 200 төгрөгөөр өсөхөд нь 250 төгрөгөөр буулгаж байлаа. Тэтгэврийг гурван удаа нэмсэн. Тэр үед Ганбаатар бараа, материалын үнийг хөөрөгдчихлөө гэж баахан балбуулдаг байсан болохоос биш өөр зүйл байгаагүй. Харин үйлдвэрчний эвлэлийн ажлыг өгснөөс хойших хугацаанд цалин, тэтгэвэр огт нэмэгдээгүй байж юмны үнэ яагаад 70 хувь өсч байгаа юм.

-Төрийн гурван өндөрлөгийн аль нэгийг авч байж шийдвэртэй ажиллана гэлээ. Ерөнхийлөгч болж байж л өнөөдөр ярьж байгаагаа ажил хэрэг болгох юм уу?

-УИХ-ын гишүүн ч гэсэн шийдвэр гаргах албан тушаал. Бие даагчид УИХ-ын гишүүнийхээ ажлыг ч сайн хийж байгаа гэж боддог. Сөрөг хүчин болж байгаа зарим намууд оногдсон ажлаа үнэхээр хийж чадахгүй байгаа. МАН болоод бусад намууд чадахгүй байна. МАН сөрөг хүчин гэдгийн учир утгыг одоо ч ойлгохгүй байна. Зөвхөн тендердэж, идэж уусаар олон жил болчихож. АН дотоодынхоо дайн самуунд үнэхээр сөхөрч, туйлдаж байна. МАНАН Монголыг баллаж байна. Миний хувьд бие даагчид бид ажлаа чин сэтгэлээсээ хийдэг. Биднийг шүүмжлэл өрнүүлээд эхлэхээр популизм хийлээ гэдэг. Би хогийг хог гэж хараад хогийн сав руу хийх дуртай. Түүнээс биш “Яасан хөөрхөн хог вэ” гэж хэзээ ч хэлж чадахгүй. Бидний ярьж байгаа бүхэн үнэн учраас хүмүүсийн дэмжлэгийг хүлээдэг болов уу л гэж бодох юм.

-Таныг Хөдөлмөрийн үндэсний намын хүн гэдэг тухайд ямар тайлбар хийх вэ?

-Би парламентын намуудтай ч дотно байдаг. АН, МАН дотор ч ойлголцож эдийн засаг, реформ шинэчлэлтийн талаар ярилцдаг найзууд бий. Саяхан ИЗНН-ын томоохон арга хэмжээнд оролцсон. Үүнтэй ижил Хөдөлмөрийн үндэсний намын Монголоо аваръя гэсэн нийгмийн зүтгэлтнүүдтэй хоёр ч удаа уулзаж яриа хийж байсан.

-Намын гишүүнчлэлийн тухайд?

-Тэр талаар ярихад арай эрт байна. Бие даагч байна гэдэг хэцүү. Шүүмжлүүлнэ бас ганцаардана. Гэхдээ зовлон жаргалаа сэтгүүлзүйн салбарынхантайгаа хамтраад ард түмэндээ ойлгуулаад явахад ажил их урагштай байдаг. Үүнийгээ МАНАН-д хичээл зааж байна гэж ойлгодог. Тэд бүлэглэж, мөнгөөр улс төр хийдэг бол бид ойлголцол дээр улс төр хийхийг хичээдэг.

-Бас таныг Ерөнхийлөгчөөс бусдыг нь шүүмжилдэг гэж ярих юм билээ?

-Би шүүмжилж байснаа санахгүй байна. Гэхдээ хэлэх ёстой зүйлээ хэлдэг. Ялын дээд хэмжээг халах бодлого барихад нь би асар хүчтэй шүүмжилж байсан удаатай. Яагаад гэвэл цаг үе хүнд, зарим нэг залуугийн хувьд ухамсар ихээхэн дорой байгаа учраас цаг үеэ олсон уу гэдгийг бодооч ээ гэсэн байр суурьтай байсан юм. Гэхдээ Ерөнхийлөгчийг шүүмжлээд байх зүйл бараг байхгүй дээ. Захиргааны, гүйцэтгэх шатны ажил хийдэггүй учраас шүүмжлээд байх асуудал гардаггүй байж ч мэднэ.

-Хамгийн сүүлд тантай холбоотой гарсан бас нэг яриа бол сайн дурын эмч нарын ард өөрийнхөө нэрийг байршуулсан гэдэг?

-Энэ асуултыг асуугаасай гэж бодож байлаа. Япон эмч нарыг урьсан нь үнэн. Урилгаа сошиал орчинд тавьснаар шуугиан намдсан шүү дээ. Тэгээд ч тэднийг урьснаар Монголд яг ямар дайн явагдав гэдгийг олж харахыг хичээсэн. Их өрөвдмөөр. Бидний яриад байгаа гол хүний дор ажилладаг хүмүүс тэр цуурхлыгтарааж байсан шүү. Улс төрийн зарим нэг арчаагүй бүлэглэлүүд үүнийг хөөрөгдөж байгаа гэж ойлгосон ч болно. Ер нь бол Япон эмч нарыг урьснаараа Монголд ямар ч гай дуудаагүй. Харин ч Дархан-Уул аймгийн 1500 хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйгүзсэн, эмчилсэн. Монгол оронд хүүхдийн шүдний асуудал ноцтой байдалд хүрчихсэн байгаа шүү дээ. Гурван жил дараалан 30 эмч ирж ажиллаж байгааг бас хэлье. Одоо миний урилгаар олон улсын зүрхний эмч нар болон Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийнхэн Дарханд очно. Хүүхдүүдийн төлөө хийсэн сайн үйлсийг минь тэгж харлуулсанд би харамсаж байгаа. Авилгатай, тендертэй, лицензтэй, албан тушаалтай холбогдоогүй ийм  хүнийг муулах гэтэл хүүхдиин шүд үзүүлсэн гэдэг асуудал л гарч ирсэн юм байна л даа.

-Тэгвэл Өршөөлийн тухай хууль одоо ч эцэслэн шийдэгдээгүй байна. Бие даагчид энэ хуульд ямар бодлого, бодолтой байгаа вэ?

-Өршөөлийн хууль дээр айхтар хүчтэйгээр байр сууриа илэрхийлэхгүй байгаа ч хамгийн анх эсэргүүцэж мэдэгдэл хийсэн гишүүн нь би. Мөнгө угаасан, авлига авсан, албан тушаалтнууд хулгайгаа дарах гэж байгаа юм байна гэдгийг нь хэлсэн. Бидний энэ үзэл санааг дэмжиж хориг гарч ирсэн болов уу гэж харсан. Үүгээрээ зөвхөн авлига, албан тушаалын хэргийг л өршөөхгүй гэсэн санаагаа хэлж байгаа юм шүү. Харин мэргэжилтнүүдийн ярьж байгаа, хуулийн хүрээнд харж үзэх ёстой хэсгийг нь зайлшгүй өршөөх ёстой. Нэг ёсондоо Өршөөлийн хуулийг хэсэгчлэн эсэргүүцэж байгаа гэсэн үг. Өршөөлийн хуулийн анхны хувилбарыг санаачлагч нь би. Засгийн газраас санал авахад өөрчлөгдөөд ороод ирсэн юм.

-Хурдхан шийдэхгүй бол хүлээлт их байна?

-Ирэх долоо хоногт эцсийн байдлаар шийдэх байх. Хоригийг хүлээж аваад задалж ярих ёстой. Эцсийн шийд яаж гарах бол гэдэгт намуудын наймаа битгий орчихоосой гэж хүсч байгаа.

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж