Хоёр нүүрт сөрөг хүчин

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

Хоёр нүүрт сөрөг хүчин

Хоёр нүүрт сөрөг хүчин

Өчигдөр хэлснээ өнөөдөр мартаж, маргааш үгүйсгэн ой санамжаа алддаг өнөө цагийн Солонгосын савангийн дуурийн “оргил” үзэгдлийн хам шинжийн “тархалт” Төрийн ордноо нүүрлэжээ. Мэргэжлийн эмч нарын хэлснээр, зөөлөн хэмнэлтэй биеийн дасгал нь BDNF буюу тархины сурах, тогтоох чадварыг хариуцдаг уургийг нэмэгдүүлдэг. Харин тогтмол алхдаггүй хүмүүст ой санамжаа алдах эмгэг их тохиолддог гэнэ.

Гэхдээ ой санамжаа алдах үзэгдэл халдварлахгүй агаад удамшихгүй. Тэгвэл зорилго хийгээд чиг баримжаа, бодол болоод үзэл санаа нэгтэй хүмүүст ташраараа ой санамжаа алдана гэж байх уу. Ийм шинж тэмдэг илэрч байсан тохиолдол одоохондоо шинжлэх ухаанд бүртгэгдээгүй гэнэ.
Гэтэл Монгол ардын намын /МАН/ гишүүд ой санамжаа гээчихсэн үү, олон нүүрнийхээ аль нь “ориг” болохыг олохоо байсан уу, намрын өдрүүдэд хаврын тэнгэр шиг хачин ааш, авир гаргах болов.

2014 оны дөрөвдүгээр сарын 10. Энэ өдөр давхар дээлтэй, шинэчлэлийн Засгийн газрын сайд нарын зургийг нүүрэндээ баг болгон зүүсэн МАН-ын залуус, удирдлагуудынхаа хамтаар “Дампуурсан төр засаг давхар дээлээ тайл” сэдвээр хоёр албан тушаалд нэг хүн байхын хор холбогдлыг уламжлал, шинэчлэлийг хослуулан харуулсан соцреализм гэмээр “тайлан тоглолтоо” тавив.

Ингээд “Засгийн газрын 19 сайдын 17 нь буюу 89.5 хувь нь УИХ-ын гишүүний давхар дээлтэй байгаагаас шалтгаалан парламент, Засгийн газар хоорондын уялдаа холбоо алдагдаж, Монгол Улс засаглалын хямралд нэрвэгдээд байгаа гэж үзжээ. Иймд “Давхар дээлтэй гишүүд”-ийн дээлийг нэн яаралтай тайлахыг УИХ-аас шаардав”.

Энэ үеэс л эхлэн шаардлага хүргүүлж, давхар дээлээ тайлахгүй бол огцрохыг Н.Алтанхуягийн засгаас шаардаж, ээлж дараалан огцруулах саналаар УИХ-ын даргыг тойгдсон. Зун нь чадаагүй дээлээ өвлийн эхэн сард тайлуулж дөнгөсөн.

Тэдний тэмцэл, тоглолтын үр дүнд ч бүтцээ өөрчлөхөөр төсөл өргөн барьсан Н.Алтанхуяг тойрхоо зуруулсан юм. Ингэж тэд улсын эрх ашгийг умартан байж давхар дээлийг үгүй хийх эхний алхамдаа амжилтанд хүрсэн юм.

Эрх баригчид ч УИХ-ын гишүүдийн 1/3-ийг бүрдүүлж буй хүчтэй сөрөг хүчинтэйгээ мэдэж дараагийн Засгийн газарт урихгүй бол хол явахгүй гэдгээ ойлгон хамтрах санал гаргасан билээ. Гэтэл хаврын халуунд эхэлсэн нь давхар дээлийг эсэргүүцэх тэмцлийнхээ үндсэн үзэл баримтлалаа МАН-чууд “мартсан” юм. Ингээд шинээр томилогдсон зургаан сайдынхаа хоёрт нь давхар дээл өмсүүлж амжив.

Өөх өгөөд өөрийншдөггүй гэгч болж МАН-аас томилогдсон сайдууд нь ажлаа хийхээс илүүтэй дээвэрт нь толгой хорогдож байж засгаа баалахад бүхнээ зориулав. Давхар дээлийг тайлуулах тэмцэл нь аажимдаа юуг ч хамаагүй, өөрөөсөө бусдыг шүүмжлэхээр солигдсон нь тэр.

Засгийн газартаа урьж, голлох зургаан яамыг өгснөөр огцруулах асуудал намжина гэж тооцсон ч эрх баригчдын бодсон талаар болов.

Ардчилсан намынхан /АН/ ч зүгээр суугаагүй. Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж зургаан сайдыг нь засгаас гаргах шийдвэр гаргасан.

Ингээд ээлжит бус чуулган зарласны дараа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Бид “давхар дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдох нь буруу гэдэг байр суурийг баримтална. Бид 2013 оноос хойш энэ байр сууриа баримталж ирсэн” гэж ердөө хоёр хоногийн өмнө мэдэгдэж байлаа.

Хачирхалтай нь маргааш нь буюу өчигдөр УИХ-ын гишүүдэд давхар дээл өмсүүлэхэд кнопоо зориулах нь тэр.

“УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын сайдаар ажиллах нь чуулганы хуралдаандаа суудаггүй, хурал тасалдаг, өгсөн үүрэг даалгаварт хойрог ханддаг. Иймд одооноос хуулийг хэрэгжүүлээд явах ёстой” гэж уриалж байсан УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдад нэр дэвшихэд хүртэл хэлээ “хазаад” өнгөрөв. Давхар дээлний оронд С.Эрдэнийн “хууль бусаар халсан хүмүүсийг ажилд нь эргүүлэн авах уу” ч гэх шиг хачин юм донгодоод сууж байх жишээтэй.

Ингэж л МАН олон нүүртэй айлын авгай шиг авир гаргаж сууна. Ой санамжийн хувьд тааруухан дурсамжийг нь хөндөхөөр дуугаа хураадаг нь тэдний гэм биш зан. МАХН гэдэг нэрээ сольсон нь ч түүнтэй холбоотой. Хэлмэгдүүлэлтийн хар бараан жилүүдийн хэдэн мянгаар нь гэмгүй иргэдийг хядсан эмгэнэлийн төлөө тэд өнөө хэр нь уучлалт гуйгаагүй. Тэр бүхэнтэй жил бүрийн есдүгээр сарын 10-нд холбогддог болохоор нэрээ солих шийдвэрийг ч гаргаж 1921 онд хувьсгал хийсэн “Монгол ардын нам” гэх гавъяатай нэрийг авч, Японы тагнуул гэж хэлмэгдүүлсэн Д.Бодоо, С.Данзан нараа ч дахин шүтэх болсон юм.

100 орчим жилийн өмнөх байтугай 24 цагийн дотор суурин дээрээ эргэж, хоёр нүүр гаргадаг энэ намыг өнөөгийн өнгө төрх.

Өнөөдөр өөрсдийнхөө хэлснийг мартаж, ард түмнээ мангар мэтээр аашилж буй тэд маргааш Монголоо мартаад гадаадад гарахгүй гэх баталгаа үнэндээ алга.

Тиймээс л МАН-ынханд өгөх зөвлөгөө байна. Өнөөдөр ярьснаа маргааш мартаад байвал ганган машинаа гараашид нь орхиод зүгээр л алх. Долоо хоногт 30-40 минут алхахад л ой санамж алдах эрсдлээс урьдчилан сэргийлнэ гэх эмчийн зөвлөгөөг уламжлах байна. Та нартаа гэж аминчлан захихад, ой санамжаа алдах өвчний 21% нь тохиолдолд биеийн тамир, хөдөлгөөн дутагдлаас үүдэлтэй байдаг аж.

Дахиад илүү хошуулахад, биеийн тамир тархины багтаамжийг нэмэгдүүлдэг гэнэ лээ шүү, улстөрчид өө.

Л.ТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж