Дэлхийд данстай “Westlife” хамтлаг

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Дэлхийд данстай “Westlife” хамтлаг

Дэлхий дахиныг байлдан дагуулж явсан, өнөө хэр нь алдрын оргилд байгаа хэмээн зүй ёсоор үнэлэгдэж буй Ирландын алдарт “Westlife”хамтлаг нь 1998 оны долдугаар сарын 3-ны өдөр Brain McFadden,Nicky Burne,Kian Egan, Mark Feehily, Shane Filan нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ.
Анх хамтлагийн гоцлол дуучин нь Shane, Markхоёр байсан бөгөөд тухайн үедээ хамтлагийн 14 сингл Их Британид номер нэг хит болж, нэг жилд дөрвөн дуу нь хит парадын нэгдүгээр байрт жагссан нь түүхэнд байгаагүй амжилт байлаа.
Мөн тус хамтлагийн гаргасан хамгийн анхны долоон сингл дэлхийн хит парадад нэгдүгээр байрт орж, дэлхий даяар 40 сая сая гаруй хувь цомог борлуулсан байдаг.Ирланд залуустай “Америкийн шүтээн” шоуны шүүгч, Их Британийн алдарт продюссер болохSimon Cowell гэрээ хийж,тэднийг оддын байр суурьт хүргэж байсан бол өдгөө тэдний менежерээр Loui Walsh ажилладаг.
2008 онд хамтлагийн гишүүд 30 наснаас доош, хамгийн баян оддын жагсаалтын есдүгээр байрт бичигдэж байсан бол хөрөнгийн хэмжээгээрээ жагсаалтын 13 дугаарт жагсч байжээ.
Дээрдурьдсанчлан хамтлагийн гаргасан 14 сингл Британийн чартад тэргүүлж байсан нь Elvis Presley, домогт “Beatles” хамтлагийн дараа орсон амжилт ажээ.Хамтлагийнхны хүртэж байсан шагнал урамшууллуудаас дурьдвал “Ирландын хамгийн шилдэг хамтлаг”,”Жилийн хамгийн шилдэг дуу”,”Британид хамгийн их цомог худалдаалсан хамтлаг” зэрэг олон шагнал бий. “Westlife”хамтлаг уран бүтээлээ туурьвиж эхэлснээс нэг жилийн дараа өсвөр насныхны сонсдог поп дуунаас олныг хамарсан поп дуу, уянгын балладыг түлхүү хийх болжээ.

Анх байгуулагдсан түүх:

“Westlife”хамтлагийг байгуулагдахаас өмнө Kian,Mark,Shane нар гурван найзын хамт зургаан хүний бүрэлдэхүүнтэй “IOU”хэмээх хамтлагтай байсан гэнэ. Тэрхүү хамтлагтайгаа "Together Girl Forever" хэмээх дуугаа хүртэл гаргаж байсан ч амжилт олоогүй байна. Харин алдарт хөвгүүдийн хамтлаг болох “Boyzone”-ийн менежер Louis Walsh хөвгүүдийг олж харснаар хамтран ажиллах санал тавьжээ.
Хамтлагийн хоёр ч гишүүн хамтлагаа орхисны дараа Дублин хотноо сонгон шалгаруулалт зарлаж, Nicky, Brain нарыг авснаар“Westlife” хамтлаг бүрдсэн байна. Ийнхүү “Westlife”хамтлагийн 1999 онд анхны“Swear It Again” синглээ гаргав.

Мөрөөдөл биелсэн нь

“Westlife” хамтлаг 1998 онд Дублин хотноо болсон “Boyzone” хамтлагийн тоглолтыг нээж байснаараа хамгийн анхны тэсрэлтээ хийж байсан юм. 1999 оны гуравдугаар сард гаргасан анхны сингл болох "Swear It Again" нь гарсан даруйдаа Англи, Ирландын чартыг хоёр долоо хоногийн турш тэргүүлж, дараа дараагийн синглүүд "If I Let You Go", "Flying Without Wings" өмнөх амжилтуудыг давтаж нэгдүгээр байрт бичигдэж байлаа."Flying Without Wings" дуу нь “Warner Brothers” студийн бүтээсэн  "Pokemon 2000″ киноны дуу болжээ. “Westlife” хэмээн даруухан нэрлэсэн анхны цомог нь 1999 оны арван нэгдүгээр сард гарч Их Британид хоёрдугаар байрт жагссан ажээ. Гэвч гуравдугаар байрнаас шууд л 37 дугаар байр луу буусан нь Британийн хөгжмийн түүхэн дэх хамгийн хурдан уналтад орсон цомгоор шалгарсан бөгөөд хамтлагийн гаргаж байсан цомгуудаас нэгдүгээр байрт бичигдээгүй цорын ганц цомог болон хоцоржээ. 1999оны арван хоёрдугаар сард"I Have A Dream","Seasons In The Sun", "Fool Again", зэрэг хит дуунуудаа ар араас нь гаргаж, хоёрдахь цомгоо гаргахаас өмнө Англи болон Азийн улсуудаар аялан тоглолт хийжээ.
Харин жилийн дараа хоёрдахь цомог болох "Coast to Coast" нь худалдаанд гарч Британийн номер нэг болсон бөгөөд амжилтаараа охидын хүч болох “Spice Girls"”-ийг ардаа орхижээ. Тус цомогт нь орсон "Against All Odds (Take a Look at Me Now)", "My Love" зэрэг синглүүд нь хит парадад тэргүүлж,  “Жилийн хамгийн шилдэг дуу” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн юм. 2001 онд хамтлагийн хөвгүүд "Where Dreams Come True Tour" нэртэй анхны аялан тоглолтоо эхэлсэн юм.
Гуравдахь цомог болох  “World Of Our Own”  2001 оны арваннэгдүгээр сард шүтэн бишрэгчдийнх нь гарт очлоо. Цомогт багтсан "Uptown Girl", "Queen of My Heart" "World of Our Own" зэрэг дуунууд нь бүгд л Их Британы чартад тэргүүн байрыг эзэлсэн байна. 2002 онд “Westlife”хамтлаг хоёрдахь дэлхийг тойрсон аялан тоглолт болох “World Of Our Own Tour”хийж эхэлсэн ажээ.

Брайн хамтлагаа орхисон нь

2002 онд хамтлагийн залуус “Unbreakable" синглээ гаргасан нь мөн л тэргүүн байранд бичигдлээ. Энэ үед тус хамтлагийг тарж байгаа гэсэн цуурхал гарсан учир үүнд няцаалт өгөхийн тулд хамтлагийнхан арваннэгдүгээр сард хамгийн шилдэг дуунуудаасаа бүрдсэн “Unbreakable – The Greatest Hits Vol. 1” нэртэй түүвэр цомог гаргаж, гурав дахь дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхэлжээ.
Жилийн дараа “Westlife” хамтлаг студийн дөрөвдэхь цомог болох “Turnaround”-аа олны хүртээл болгосон байна. цомгийн дуунууд мөн л чартад тэргүүн эгнээнд жагсч байсан юм. Харин 2004 оны гуравдугаар сарын 9-ний өдөр хамтлагийн гишүүн Brain McFadden хамтлагийнхаа дөрөвдэхь дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээс гурван долоо хоногийн өмнө хамтлагаа орхилоо. Гэр бүл болон өөрийн соло карьерийг түлүү үзэх болсон Brain-ийг ийм шийдвэр гаргасан өдөр хамтлагийнхан хэвлэлийн бага хурал хийж, тус бүр өөрсдийн сэтгэлийн үгээ хэлж байсан юм. Хамтлагаасаа гарсан даруйдаа өөрийн анхны соло сингл болох "Real To Me" гаргасан нь Их Британийн чартад нэгдүгээр байрт бичигджээ. Тэрбээр анхны цомог болох "Irish Son"-оо Sony Music хөгжмийн студитэй хамтран гаргасан билээ. Brain цааш хэд хэдэн сингл гаргасан боловч тэрхэн үедээ л амжилт олсон байна.

Хамтлагийн дараагийн уран бүтээлүүд

Brain-ийг хамтлагаасаа гарснаас сарын дараа “Westlife” хамтлаг "Turnaround Tour" аялан тоглолтоо эхэлж, дараахан нь хамтлагийнхан дөрвүүлээ гаргаж буй анхны цомог буюу хамтлагийн тавдахь цомог “Allow Us to Be Frank” нэртэй жааз дуунаас бүрдсэн цомгоо худалдаанд гаргалаа. Энэхүү цомогт багтсан нэг ч бүтээлүүдээ Их Британид гаргаагүй бөгөөд ,Европын бусад оронд дуунуудаа хит болгохыг илүүд үзжээ. Мөн "The Number Ones Tour" нэртэй аялан тоглолтоо Европын орнуудаар хийсэн бөгөөд энэхүү аялан тоглолтынхоо дараа дөрвөн сар гаруй амарч,уран бүтээлээ түр завсарлажээ.
2005 онд “Face To Face” цомгоороо, эл цомгийнхоо "You Raise Me Up" дуугаар их урлагтаа буцан ирлээ. Энэхүү цомог, сингл хоёр нь Их Британид нэгдүгээр байранд бичигдлээ. Энэ хамтлагийн хувьд цомгоороо ч , синглээрээ ч тэргүүн байранд орсон анхны тохиолдол байсан юм. "You Raise Me Up" сингл нь хамтлагийн залууст “Жилийн хамгийн шилдэг дуу” шагналыг дахин авчирсан байна. Дараалан гаргасан бусад синглүүд нь төдийлөн амжилтад хүрээгүй бөгөөд “Westlife” хамтлагийн залуус тус цомгийнхоо аялан тоглолтоор Англи, Ирланд, Австрали, Азийн орноор аялсан байна. “Westlife” хамтлаг анх удаа Хятадад очиж тоглолтоо хийжээ.
2006 оны сүүлээр “Westlife” хамтлаг “Sony BMG” студитэй таван цомог бичүүлэх гэрээ хийн наймдахь цомог болох “The Love Album”хэмээх хайрын дуунаас бүрдсэн шинэ цомгоо гаргалаа. Шинэ цомгийнх нь дуунууд нэдүгээр байрт бичигдсээр амжилтаараа Elvis Presley, “Beatles” нарын ард бичигдсэн байна. Шинэ цомгийнхоо аялан тоглолтыг энэ удаад Австрали, Өмнөд Африкийн улсуудаар хийсэн аж.
2007 оны арван нэгдүгээр сарын тавны өдөр хамтлагийн есдэхь цомог болох“Back Home” цомгоо худалдаанд гаргалаа. Эл цомог чартыг тэргүүлж, Их Британийн хамгийн сайн борлуулалттай цомгоор шалгарчээ. Ээлжит аялан тоглолтоо 2008 оны хоёрдугаар сард зарласан бөгөөд энэ удаа Шинэ Зеландын хотуудаар түлхүү тоглосон байна.
Хамтлагаа байгуулсны арван жилийн ойг тохиолдуулан “Westlife” хамтлагийнхан “10 Years Of Westlife” нэртэй тусгай концертоо дэлхийн 33 дахь, Европын дөрөв дэхь том цэнгэлдэх хүрээлэнд 2008 оны зургаадугаар сарын 1-нд тогложээ. Нийт 82300 хүн цугласан нь хамтлагийнхны хувьд хамгийн олон хүний өмнө тоглосон тоглолт байлаа. Энэхүү амьд тоглолтын DVDхудалдаанд гарсан даруйдаа борлуулатаараа амжилт үзүүлсэн байна. Мөн хамтлагийн арван жилийн ойн хүрээнд “HarperCollins UK” хэвлэлийн компани  “Westlife” хамтлагийн талаарх "Westlife – Our Story"нэртэй ном 2008 оны зургадугаар сарын 16-ны өдөр худалдаанд гаргажээ. Номоо бичихийн тулд хамтлагийн гишүүн бүр гурван сарын хугацаа зарцуулсан бөгөөд энэ арван жилийн туршид шоу бизнесийн ертөнцөд байсан талаараа, мөн хувийнхаа амьдралын талаар бичсэн байна. Тус номонд хамтлагийн гишүүдийн ховор олонд харагдаж байгаагүй гэрэл зургууд орсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж