Иргэдээ талцуулах учиргүй

Хуучирсан мэдээ: 2015.09.09-нд нийтлэгдсэн

Иргэдээ талцуулах учиргүй

УИХ-ын ээлжит бус чуулганаар өнгөрсөн наймдугаар сарын 11-нд хаалттай хэлэлцэж баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль нийгмийг хоёр талцуулаад байна.

Анх удаагаа ял шийтгүүлсэн хүн, өндөр настан, хөхүүл эх, эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдүүд гээд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийг нэг удаа өршөөх тухай хуулинд заасан.

Өршөөлийн хуулийг хэрэгжиж эхлэхийг хүмүүжигсэд болоод ар гэрийнхэн нь хоног тоолон хүлээн суугаа нь лавтай.

Харин энэ хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэгчлэн хориг тавьснаар хоригийг УИХ-ын ээлжит бус чуулганаар дахин хэлэлцэхээр болоод буй. Ерөнхийлөгчийн хоригийг Ардчилсан нам /АН/, Монгол ардын нам /МАН/ хүлээн авахаа мэдэгдсэн хэдий ч өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүд янз бүрийн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан юм. Гишүүдийн олонхи нь хуулийг дахин боловсруулж өргөн барих нь зүйтэй гэдгээ ч илэрхийлж байлаа.

Өршөөл үзүүлэх тухай хуульд ямар хэргүүдийг хамруулсан, ямар хүмүүсийг өршөөхгүй талаар болон Ерөнхийлөгч чухам ямар заалтад хориг тавьсан талаар тодорхой болгох нь зүйтэй болов уу.


Өршөөл үзүүлэх тухай хуульд ялыг бүрэн өршөөх, ялыг хөнгөвчлөн хоёр жилээр хасах хэргүүдийг нарийвчлан тусгасан байна. Санаатайгаар үйлдсэн, хүнд хэргүүдийн ялыг бүхэлд нь өршөөх боломжгүй гэж үзсэн байна. Эдгээр хэрэгт

  • Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэл татан оруулсан

  • Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулсан

  • Танхайрсан бол үндсэн хорих ялаас хоёр жилийг хасч өршөөнө гэж заажээ.


Харин “өршөөхгүй” гэсэн хэргүүдийг дурьдвал,

  • Цаазаар авах ял шийтгүүлсэн хүний ял авсан ч уучлагдан хорих ялаар шийтгүүлсэн

  • Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон бол

  • Тагнуул хийсэн

  • Төр нийгмийн зүтгэлтний биед халдсан

  • Хорлон сүйтгэх, хорлон саатуулсан

  • Хүний санаатайгаар хороосон

  • Хүний биед санаатай гэмтэл учруулсан

  • Хүнийг барьцаалсан

  • Терроризмийг санхүүжүүлсэн

  • Зандалчилсан

  • Галт зэвсэг, мансууруулах бодис, цацраг идэвхт бодис, хар тамхи хилээр оруулж ирсэн, завдсан бол өршөөхгүй гэж тусгасан байгаа юм.


Зарим нам эвсэл, хүмүүсийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригоос болон анх удаагаа ял шийтгүүлсэн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд болоод хүндэвтэр, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бүхий л иргэд суллагдах боломжгүй болох нь гэх хуудуутай мэдээллийг иргэдэд тарааж байна. Магадгүй зориудаар. Угтаа бол Ерөнхийлөгчийн хориг дээрх иргэдийг өршөөхөд огтхон ч саад болоогүй аж. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хориглосноор буюу “Өршөөлд хамруулахгүй нөхцөл байдал”-д нэмэлтээр оруулах хэргүүдийг дурьдвал,

  • Хээл хахууль авсан

  • Төрийн албан тушаалтын албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан

  • Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх

  • Хууль бусаар хөрөнгөжих

  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах

  • Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах

  • Бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа болон яллагдсан иргэдийг өршөөхгүй байхыг хүссэн байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан ч хуулийн дахин шинэчилж, Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг баталсны дараа дахин хэлэлцэх нь зүйтэй гэж цөөнгүй гишүүд үзэж байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригоос болоод 2000 орчим хүнийг өршөөхгүй нь гэх мэдээллийг өгч буй нь тэр.

Үнэндээ УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад багахан нэмэлт өөрчлөлт оруулахад л бүх асуудал шийдэгдэх боломжтой гэнэ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.9-д зааснаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.1.3-д заасан “Өршөөлд хамруулахгүй нөхцөл байдал”-д Ерөнхийлөгчийн хориглосон долоон төрлийн хэргийг нэмэлт өөрчлөлтөөр оруулахад хангалттай юм. Яг ийм байдлаар УИХ-аас 2008 онд Татварын ерөнхий хууль, 2012 Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байсан аж. Одоогийн парламент ч ийм нэмэлт өөрчлөлтийг хийсэн гэсэн үг. Тиймээс яг энэ аргаар буюу УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэмэлт өөрчлөлт хийх нь хамгийн оновчтой арга гэж хуульчид үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу жолоодох эрхээ хасуулсан 81 мянга гаруй иргэний эрхийг энэ сарын 7-ноос эхлэн өршөөж эхэлсэн. Ерөнхийлөгчийн тавьсан хоригт энэ төрлийн хэргийн талаар тусгаагүй учир. Яг энэ жишгээр хориг тавьсан хэргүүдээс бусад хэргийг уучилж өршөөхөд ямар нэгэн хүндрэл бэрхшээл байхгүй юм.

Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй тохиолдолд цаазын ялаар шийтгүүлсэн, онц хүнд гэмт үйлдсэн иргэдээс бусад бүх гэмт хэрэг болон АТГ-т шалгадаж байгаа, яллагдсан хэргүүд гээд бүх хэрэг өршөөгдөх юм. Авлигатай тэмцэх газраас өгч байгаа мэдээллээр нийт 350 тэрбум төгрөгийн 112 хүний хэрэг бүрэн өршөөгдөж улс 350 тэрбум төгрөгөөр хохироод үлдэх гэнэ.

Тиймээс эрхэм гишүүдийг мэргэн шийдвэр гаргаж авлига, албан тушаал, хээл хахуулийн хэргийг өршөөх асуудлаа тусад нь хэлэлцэж, бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн иргэдийн ялыг өршөөхийг ард түмэн хүлээж сууна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж