МАН-ынхан нефтийн үйлдвэрийн талаар ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

МАН-ынхан нефтийн үйлдвэрийн талаар ярилцжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд болж Монголд нефть боловсруулах үйлдвэрийг яаралтай байгуулах тухай Эдийн засгийн бодлогын байнгын хорооныхоо саналыг сонсчээ. Хятад руу түүхийгээр гаргаж байгаа нефтийг дотооддоо боловсруулах үйлвэрийг хурдан хугацаанд байгуулах талаар олон хүн санал дэвшүүлсэн байна. Удирдах зөвлөлийн хурал дээр УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн шатахууны хомсдлоос гарах хамгийн бодитой, шийдэж болох асуудал бол эхний ээлжинд гадагш экспортлож байгаа түүхий нефтийн 50 хувийг хилийн цаана боловсруулаад эргүүлээд авдаг байх нь хамгийн хялбар зам. Эндээс ажлаа эхлэх нь зүйтэй гэжээ. Хурлаас УИХ дахь МАН-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд нефтийн үйлдвэр барих ажлыг яаравчлуулах чиглэл өгөх нь зүйтэй гэсэн байна.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Удирдах зөвлөлийн дэргэдэх Эдийн засгийн бодлогын байнгын хорооноос оруулсан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай төслийг хэлэлцэж тогтоол гаргахыг дэмжжээ. Үйлдвэр байгуулахад 600 сая ам.долларын баталгааг Засгийн газраас гаргаж өгөхөөр болсныг тус хурал дээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт мэдээлсэн байна. Хэрэгтэй зээлийг хаанаас авахыг судалж үзэх ёстой гэнэ. Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна Чойбалсанд бага оврын үйлдвэр байгуулах нь зүйтэй гэсэн санал гарсан байна. Эхний ээлжинд үйлдвэр барихыг хариуцсан төрийн өмчит компани байгуулах ажээ. Чойбалсанд барих үйлдвэрт Тамсагаас олборлож байгаа нефтийг боловсруулах юм байна. Харин Дархан-Уул аймагт барих үйлдвэрт гаднаас авах түүхий нефть боловсруулна гэдгийг Д.Зоригт сайд танилцуулжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж