Илчит тэрэг тажиганана. Бууж суугчдын холхих нарийн хонгилын нь салхивчууд цөм нээлттэй боловч сэвүүн агаар мэдэгдэхтэй үгүйтэй илбэнэ. Эх оронд минь намар болж байдаг… Гэтэл хөдөөгийн уужим, эргэн тойрон хараа хүрэх энгээр урин сайхан цагийг улмаа уртасгах шиг, зунаан өнгө будаг, анир дуу, тайван налгар ахуй хөдөлгөөнөөрөөн зураглан хоцрох авай. Айл айлын гадаа цөөвтөр боловч адуу мал багшраастай, өрх үүд нь нээлттэй. Хүүхэд багачуул гол ус хөвөөлөн хөхин дэрвэх нь энд тэндгүй. Оройтож айлчилсан хонин жилийн зун алсарч ядан байх мэт, бүр саяхнаас бороо хур байн байн бууж буй тул хойд хоймор нутаг ган гачиг арчин туугдаж, газрын хөрс нэлэнхүйдээн номин ногоон, замын хажуу энгэрийн ойн дунд хаа нэг хэдэн модноо үл ялиг шаргал зүс орох нь уу гэмээр болсон нь хоёр улирлын заагийн байгальд гоо зүүсгэл нэмэн, дахин хэнзэлсэн ногооны үнэр униар анхилах ханхлах нь сайхнаас сайхаан.
Маргааш есөн сарын нэгэн. Хүүхдүүд төдийгүй багш хүмүүнд гэмээнэ сэтгэл хөөрдөг өдөр мөн. Аав ээжүүд номын цагаан үсэгт мэлмий амлах алдрай үрсээн хөтлөн арвис эрдмийн эрэлд мордож, сургуулийн шуугиант танхим амь ордог өдөр өө. Чухам энэ л шалтгаанаар ажлаасаан хоцорч орхивол албан газар ээж аавуудад “хариуцлага ярьж” үл түвддэг тийм л өдөр юм. Бас улсын нийслэлд бол архи охь худалддаг мухлагууд хөшгөөн хаадаг өдөр болдог л …
Чухам ийм цагаар хөгшин залуу хоёр замд гарч өглөө. Уурын тэрэгний бүхээг хэдий нарийн умгар боловч дөрвөн хүн дээр дороон давхарлан аялах хуваарьтай тасалгаанд золоор бус хүн зорчихоор орж ирсэнгүй тул зай завсраар гачигдсангүй. Үүнийг бичигчийг эл хүндтэй аялалд дагуулж явах санал гаргасан хүмүүн монгол түмний танил эрхэм бүлээ. Өтгөс тэрбээр багшийнхаан эснэн мэндэлсний тэгш дэлгэр ой ид дүүрч буй эл өдрүүдэд, нэгэн насныхаан ховор хувьт үйл явдлын гэрч гэгээ болохоор ийнхүү илчит тэрэгний “умгар”-т аялж явнам. Тэгээд бага үдэд эхэлсэн аялал намрын урт өдрийн оройн нарнаар өндөрлөх хүртэл үүх түүх хүүрнэж хуучлан, түүнээн сургаал сургамжаар үе аяхан сүлжиж сүлээд, ууц сүүж чилэв гэж ганц үг ганхийхгүй, хажуулж хэвтэх нь байтугай аль бага үдэд эзэлж тухалсан суудлаан ч сэлгэхгүй шахам хөөрөлдсөөр явтал жанжны хотод хүрчихлээ. Ганзага нийлээчийг нутаг заагдан “Дөл” нэгдэлд тэмээчин бүхүйд багштан нь “Мөс мөнх бус шүү” л гэж захидаг байж. Энэ далд, товч үг, сөрж амьдрахуйн бүхэл гүн ухаан хайрлаж, хилстсэн хувь заяа нь шавь түүнийг бие чанга, сэтгэл хаттай, ухаан хэрсүү болгон өдий зэрэгтэй өсч өндийлгөсөн нь илчит тэрэгний бүхээг дэх өдөрчийн аянаас тодорхой болсоор.
… Буурчийн газрын гурван давхрын цонхоор оройн нарны шунх туяа улаартана. Маргааш тэнгэр сайхан байхын цондон. Басхүү өмнөд этгээдэд, тэргэлтэх дөхсөн сар огторгуйн цээлд хөвж, нарны араас элдэн аялж туулан байх ажгуу. Хурмастын наран саран зэрэг мандаж цагийн сайхныг уяж удаашруулсан хувьтай сайхан өдрийн үдэш ийнхүү зорьсон газрынхаан хаяанд дөтлөн иржээ. Бидний орвол зохих, урьдчилан бэлтгэсэн хоёрдугаар давхрын өрөөнд нэгэн урилгагүй зочин түрүүлж ирээд морилчихжээ. Урилгагүй ч юу байхав, дараахан нь мэдвэл, жинхэнэ урилгатай хүндэт зочны жолооч хөтөч байж л дээ. Харин хажуу тасалгаанд нь, маргааш болох үйл явдлын гол хоёр зочны нэг буугаад аяны тоосоон ч гүвж амжаагүй байжээ.
“Би энэ хүний хүү нь болж төрсөн нь санаандгүй л хэрэг. Хэн ч л гэсэн аль нэгэн айлд, аавын хүүхэд болж төрдөг нь хүний л ёс биз дээ” гэж өнөөх эрхэм зочин, оройн зоогийн үеэр бүгд цуглахад яриагаан эхэлж байна. Даруу хүн бололтой, их эрдэмтний отгон хүү, сайхь академич бээр. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж. Эрдмийн хүмүүний энэ сайхан чанар эцгээс хүүд нь удамласан буй заа. Аав ер нь уур уцааргүй хүн. Харин нэг удаа би аягүй загнуулж билээ гээд тэрбээр дараахь түүхийг ярьж өгөв. “Нэг удаа бүтэн сайн өдөр аав гэртээн юмаан бичээд сууж байтал хөдөөнөөс зорьж ирлээ гээд нэг хүн өглөө арван цагийн алдад манайд ирсэн юм. Тэр хүн аавтай удаан хөөрөлдөж, сонирхсон юмаан асууж хариу сонсон суусаар их удлаа. Аав ч цааргалахгүй бичгийн машинаан пижигнүүлэн номоон бичихийн сацуу тэр хүний хүссэн бүхэнд хариулж ярилцсаар л суув. Нэг мэдэхэд оройн таван цаг болж байна. Тэр хүн аавд нэлээд саад болж буй санагдаад, би тэвчилгүй “Та одоо явж үз дээ” гээд хэлчихэв. Өнөө хүн ч даан удалгүй босч, аавтай үдэлцэх ёс хийгээд гарч одсон. Тэр хүнийг гарсны дараа аав надад маш их уурлаж зэмлэсэн дээ” гэж эртний судлалтан, академич Р. Барсболд гуай дурслаа.
Манагаар өглөө нь биднийг хөнгөн тэргэнд суулган Алтанбулаг руу дөтөлвэй. Морин цаг дөхчихсөн байлаа. Өчигдөр нар улайж жаргасан лугаа адил үнэхээр энэ аядуу тогтуун өдрийн өглөө ахлах ангийн хүүхдүүд хичээлдээн цүнхээн үүрэн гарцгааж, бага ангийнхан нь хэн нэгнээрээн хөтлүүлэн, гартаан баглаа цэцэг атгачихсан цэмцийж явнам. Алтанбулаг сум Сэлэнгийнхээн төвөөс өртөө арай хүрэхгүй зайтай юм. Монголд гурван зуу гаруй сум суурин буй. Харин Алтанбулаг нэртэй нь хуурын чавхдас мэт хоёрхон л байна. Түүний нэг нь энэ Сэлэнгэд, одоо бидний хүрч зорьж буй газар. Их эрдэмтэн, билгүүн төгөлдөр монгол хүү Бямбын Ринчений хүй цөглөсөн тоонот нутаг авай. Алтанбулаг сум ганц бүрэн дунд сургуультай юм байна. Орос ах нар Зөвлөлтийн үедээн энэхүү тоосгон хана тэрэмтэй оюун эрдмийн цэмбэгэр өргөөг барьж бүтээж өгчээ. Ардын засгийн анхны дунд сургуулийн нэг энэ айлын үүх түүх тэртээ нэгэн мянга есөн зуун хорин хоёрдугаар оны намраас эхтэй агаад Сайдын яамны тал бичээч Б. Ринчен “Дэлхийн байдлын тухай” хичээл зааж, ардын багшийнхаан гарааг эхэлсэн түүхт газар юмсанж. Харин 2010 онд Засгийн газрын шийдвэрээр их эрдэмтний нэрэмжит болгожээ. Сургуулийн хичээлийн төв байрны өмнөд этгээд, тотгон тушаа нь “Б. Ринчений нэрэмжит бүрэн дунд сургууль” гэсэн томруун хаяг, хэдхэн хормын дараа болох үйл явдлыг эхлэх хүртэл хэн бүхний нүднээ тусч, давхар мэдээллийг үг хэлгүй дамжуулан байхыг харан, өлгий юундаан дуншин бүхүй хөшөөн зүг, хөл тавих зайгүй бүчсэн олны дундуур зүтгэлэн ойртвол, цагаан хоолой цуурайтан хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэж, хөтлөгч залуу цэнхэр пансан хэвнэг доор нуугданхан байх “гэрэлт бурхны” өлмий тушаа дэвссэн хивс ирмэгдэн хамаа бус үл гишгэлэн хүндэтгэл бишрэлтэй үзэгдэнэ.
Хивсний голд, цэцэгт туузыг хөндлөн гулд татсан агаад төрийн түшээ С. Баярцогт, их эрдэмтний ганц хүү Р. Барсболд, өөрийнх нь хэлснээр Ри багшийнхаан “хамгийн тэнэг шавь” болох Т. Галсан абугай, эдгээрийн хамт Сэлэнгэ аймгийн хоёр дарга Ж. Санжжав, С. Бүрэнбат нар мөнөөхөн туузыг хайчлан цаг түүхийн нэгэн оргил ёслолыг эхлүүллээ. Тууз хэсэг тасаг болсны дараа мөнөөх харцуул суудалдаан эргэж заларсан бөгөөд тун удалгүй дахин босч, хөшөөний нимгэн хөнгөн баринтгийг алгуурхан буулгалаа. Хэн бүхэн нэр усаар нь, суу алдраар нь үл андах их хүмүүн яг л буй биеэрээн сургуулийн гол хаалгаар гэнэт гарч ирээд зогсчих шиг боллоо. Хурсан олон хэдэн хором сүрдэв үү гэлтэй чимээгүй болсноон, хэлэлцсэн юм шиг зэрэг алга нижигнүүлэн, хурайн дуу хадаалаа. Гэрэлт хөшөө түүхэн эзэнтэйгээн гойд адилхан болсон тул ийнхүү хөшөө бус “амьд-нэвтэрхий толь” хэмээн ард түмэндээн өргөмжлөгдсөн их бичгийн хүн буй биеэрээн морилох залрах мэт болсон юм. Хөшөөг хөшүүн, хөдөлгөөнгүй, амьдын амин чанар барагтай хийж бүтээдэг улиг жишиг, урлахуйн түвшний тийм дорд аргацаал энэ цагаас түүх болж хоцорч буйг мэдрүүлэв. Ирвэс нүд, өтгөн хөмсөг, соёо сахал, эрдэмт хүмүүний цэх агаад хурц хараа, ухаалаг бадрангуй царай төрх, цаг наргүй нөр хөдөлмөрийг нь бэлгэдэх сул их үс, донж маяг таацсан сахал ооч, өргөн тэнэгэр магнайд нь, аянгат цагийн үзүүлэн болж буусан нэг урт, хоёр богино ийм гурван тод судал тэргүүтэн ийнхүү билигт эзнээ дахин “төрүүлжүхүй”.
Гэрэлт хөшөөний баринтаг задлахтай хамт нэрэмжит сургууль нь хичээл эрдмийнхээн бүтэн жилийн гарааг эхлүүлж, хөдөөгийн зүс боровтор, шүд хас, ухаан сэргэлэн багацуул дуу хөгжим болж, хуур цуураан эгшиглүүлэн утга бэлгэ нэмэхүй, тэрхүү орчин бүхэлдээн номын гэрлээр улмаа гийгүүлэгдэж, их хүмүүний хишиг өглөгт ивээгдэн, хүн бүр баяр бахдалд умбалаа. Нэгэн нуруулаг хүү, бяцхан охиныг дээр гэгч нь өргөн тэврээд нар зөв дугуйлж анхны хичээлийн хонх цохисон нь цэцэрлэгт дүүгээн хүргээр яваа ахыг санагдуулах хэдий ч хүү нь арван хоёрдугаар ангийн сурагч, тэврүүлж буй охин бол нэгдүгээр ангид орох гэж буй жаал ажээ. Их хүмүүний нэрийг нүүр бардам дуудуулах ирээдүйн эрдэмтэд эдний дунд байгаад итгэх, тийн бэлгэшээх мэдрэмж хүн бүрийн судлаар гүйнэ. Цааш, тооны бэлгэдэл энд амилж байсны заримаас дурдвал, билгүүн эрдэмтний “Монгол хэл” хэмээх хэн бүхний цээжний шүлэг, адбиш тансаг найргийг балчраас идэр нас хүртэлх нийт нэг зуун арван хүүхэд багаасаан том руугаан өгсөх эрэмбээр ээлж дараалан гарч ирээд, эгнэж жагссан байдлаас дуудаж сонордуулвай. Басхүү зууны эрдэмтний ач хүү, герман хэл шинжлээч Б. Лигдэн абугай яг өнөөдөр, буурал аавынхаан нэг зуун арваны сүүдэр зэрэгцэж, хөшөөг нь нээж бүхүй түүхэн өдөр тавин таван насны нь төрсөн өдөр тохиож буйг хөтлөгч сонирхуулан зарлаж байвай.
Их хүн, билигт гүүш эх нутагтаан, зүрхнээсээн өмөөрөгч ард түмэндээн эргэн ирж байнам. Тийм ээ. Хугарч бохирдоггүй босоо заяатай, нүүдэлчин түмэнтэйгээн мөнхийн барилдлагатай, өөртэй нь адилхан хилстэж гүтгүүлж, хал дол үзсэн Монгол бичиг эрдэнээн их хүн маань эгүүлэн авчирч байнам. Есөн сарын нэгний энэ л өдрөөс монгол хүүхдүүд Монгол бичгээн зургаадугаар ангиас эхлэн сургууль дүүргэтлээн сурч судлах эрхтэй болж байна. Монгол төр чухам энэ л онд, Ри багштаны мэндэлсэн түүхэн ойн жилд “Монгол хэлний тухай” хууль шинэ тулгар баталж, Монгол бичгээн монгол хүнд нь эргүүлж өгөх, монгол төр босоо бичгээрээн албан хэрэг хөтлөх он цагийг тодорхой болголоов шүү.
Хөшөөн дээр ямар нэгэн гэрэл бамбар байрлуулаад гэрэлт хөшөө гэж нэрлээгүй. Эрдэмт хүмүүний хөшөө өөрөөн их илч гэрэл юм аа. Алтанбулаг сумын соёлын төвд чуулсан “Эргэн дурсахуй” мэргэдийн уулзалтад сэтгэлээн уудалсан эрдэмтэн өтгөс, түүхч доктор Ө. Бавуу гуай эл мэдрэмжээн илчлэн гаргаж, Ри багштаны энэ хөшөө бол хөшөө ч бус, нэг ёсондоон амилуулж равнайлсан бурхан шүтээн юм хэмээсэн нь нүдээр үзсэн хүнд үнэхээрийн оносон үг санагднам билээ.
“Өвөөгийнхөөн хөшөөг бүтээх, нээх ёслолд оролцсондоон их баяртай байна. Өвөөгөөрөөн бахархаж л байна даа” гэсэн даруугаас даруу, цөөнөөс цөөн, тогтож бодууштай үгийг эл гойд түүхэн дурсгалыг амилуулан шүншиглэсэн уран барималч, ач хүү Барсболдын Дэнзэн гуайгаас арайхийн “салгаж” чадсан нь хүндэтгэлийн зоогийн нэг зүй ёсны сайхан агшин байлаа. Энэ ертөнц дээр учир шалтгаангүй юм гэж огтоос үгүй. Эгэл хүмүүс, Ринчен гуайн үр хүүхэд, ач омболуудаас үндэснийхээн хэл бичгийн төлөөх насан туршийнх нь чиг шугам болсон үндсэн мэргэшлийг нь яагаад залгамжилсангүй вэ гэж харамсан бодлогоширдог байж болох. Харин, бус мэргэжилтэй ч, түүхэн баатарлаг хүмүүний бод биеийн дүр төрх төдийгүй, оюун биеийн нь зан чанар, үзэл санаа хам цогцолж амилсан уран бүтээл туурвисан ач хүүгээр нь бахархахаас аргагүй санагдана. Өтгөс эрдэмтэнд, хожим өөрийнх нь гэрэл сацарсан дүрийг амилуулах уран гартан ач заяасныг аз тавилан, их хүмүүсийн гурван үеийн учиг барилдлага хэмээхээс өөрөөр хэрхин үзэлтэй.
Илчит тэргээр умард хилийн босго тулсан хоёр, эргээд түүндээн аялж явлаа. Ачлалт багшдаан найман тахилтай, алтны өнгөтэй номун хадаг өргөн “золгосон” өтгөс ахайтан, нэгэн насныхаан чухал үйлсийг бүтээсэн хүний бүтэн сэтгэлтэй, бүрэн баяртай буцаж яваад үл эргэлзнэм. Багшийнхаан өгсөн гурван гол даалгаврыг дүнгийн дөмгөөр биелүүлсэн шавьд нь, өөрийнх нь ерөөдөгчлөн эрүүл энхийн цагаан буян, эрдэм авьяасын гэгээн буян, эв эеийн гагнаас буян, эд хөрөнгийн арвис буян, инээд баяслын далай буян арвидан хурж бүхүйг өгүүлэх хэрэг үгүй биз. Харин тэрбээр, өнгөрсөн хавраас хойш сургуулийнхаан гол хаяг таниулгыг хөндлөн бичгээр “хөрөөдсөн”-өөн засаж завдаагүй, бусад хаягийн нь дотор босоо бичиг баахан цөөхөн үзэгдэж буйд үл тал засаж, сургуулийн захирал Б. Эрдэнэ-Очирт өгсөн гэрийн даалгавартаан “дундуур” дүн тавьсан даа. Бас Ри багшийнхаан хүрэл хөрөгний элгэн тушаа хөндлөн үсгээр овог удам, алдар нэрийг нь сийлснийг Монгол бичгийн эртний тиг зурмаар болгон залруулах ээлжит даалгаврыг дэлхийд ганц л байгаа Б. Ринчений нэрэмжит дунд сургуулийнханд өгснийг нь энд, цалгайдаж эс умартах, удахгүй ёсоор нь гүйцэлдүүлэхийн бэлгэшээл болгон зориудлан дурдсу.
Гэрэлт хүмүүний хөшөөн зүг хөврөх, Ри багштайгаан “золгох” хүн зоны хөл энэ өдөр лав татрах янзгүй нь. Бүр нэг биш олон өдрөөр, цагийн дөрвөн орчилд, арван, жарнаар ч энэ үйл үл тасалднам буюу. Хөшөө тийш хандах ардын зам балрахгүй гэдэг сэн билээ. Монголын ард түмний сод хүү, эх орондоон, монгол хүнийг монголоор нь дархалсаар үлдэх эх хэл, босоо бичиг юундаан амин зүрхнээс хайртай энэ их хүмүүний тэнгэрлэг замнал, гундан бууршгүй тэмцэл, мохошгүй хатан зориг эрин зуун дамжин бид бүхнийг ахин дахин гэрэлтүүлсээр, ухаажуулж бахархуулсаар байх нь дамжиггүй.
Б.ЭЛБЭГЗАЯА
Хүн чулууны хөндий-Хүй мандалын өртөө-Алтанбулагийн сургууль.
Хөхөгчин хонин жил, намрын эхин сар.
Холбоотой мэдээ