Өнгөрсөн долдугаар сарын 09-ний өдөр Улсын их хурал Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн өргөн барьсан "Халх гол" чөлөөт бүс байгуулах тухай төслийг хэлэлцэж, дэмжин УИХ-ын 75-р тогтоолыг батлан гаргасан байдаг. Гэвч Улсын их хурал "Халх гол" чөлөөт бүс байгуулах тухай тогтоолоо батлахдаа иргэдийн саналыг тусгаагүй. Мөн энэ тухай ямар ч мэдээлэл өгөөгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.17-р зүйл буюу төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй гэсэн зэрэг Үндсэн хууль, Газрын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэн, нутгийн иргэдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Мөн хууль зөрчин тогтоолыг баталгаажуулан гарын үсэг зурсан Улсын их хурлын дарга З.Энхболд, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарыг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандан шалгуулахаар болсон юм.
Харин Р.Бурмаа сайд дээрх мэдээллийг няцааж, "Халх гол" чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоолыг хууль, журмын дагуу баталж, хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн энэхүү чөлөөт бүс байгуулах төслийг эрдэмтийн олон удаагийн судалгаа, нутгийн удирдлагуудын хүсэлт, олон нийтийн санал асуулгад үндэслэн боловсруулж батлуулсан аж. Тодруулбал 2011 онд Халх голд чөлөөт бүс байгуулах саналыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь дэмжсэн бол 2014 онд Дорнод аймгийн засаг дарга нутагтааа чөлөөт бүс байгуулах хүсэлтийг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт тавьж байжээ. Харин өнгөрсөн гуравдугаар сард Дорнод аймгийн засаг дарга өөрийн нутаг дахь хилийн боомтуудаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх хүсэлтийг Засгийн газарт тавьж, шийдвэрлүүлсэн байдаг байна.
Халх голын 500 мянган га-д чөлөөт бүс байгуулна гэсэн шийдвэрийг Улсын их хурал гаргасан. Гэвч дөнгөж 49 мянган га-д газар тариалан эрхлэнэ гэж Р.Бурмаа сайд мэдээлсэн. Энэ нь үлдсэн 451 мянга га газрыг яаж ашиглах нь тодорхойгүй байна. Мөн чөлөөт бүс болчихвол захирагчийг сонгож, тухайн захирагч нь чөлөөт бүсэд ямар чиглэлээр ямар үйл ажиллагаа хэрхэн явуулах вэ гэдгээ шийдвэрлээд явах эрхтэй болно. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль, дүрэм, журам энэхүү онцгой статустай бүс нутагт газарт үйлчлэхгүй болно. Энэ нь эргээд нутгаа харийнханд зүгээр өгсөнтэй адил эрсдэл дагуулна гэж нутгийн иргэдэд өмгөөлөл, хуулийн зөвөлгөө өгч буй Г.Батбаяр үзэв.
Харин Р.Бурмаа сайдын мэдээлснээр дээрх 500 мянга га газар дотор одоогоор 49 мянган га-д нь дотоодын компаниуд газар тариалан эрхлэдэг гэнэ. Чөлөөт бүсэд зөвхөн газар тариалангаар хэмжигдэхгүй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм байна. Чөлөөт бүсдээ үйлдвэрлэсэн эрүүл, органик бүтээгдэхүүнээ бусад улсад экспортлоно. Мөн импортын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг орлож, дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангана гэсэн зорилтыг дэвшүүлжээ. Үүнээс гадна Бразил, Филиппин зэрэг хөдөө аж ахуйн чөлөөт бүс нь амжилттай ажиллаж яваа улсуудаас туршлага судалж, мэдлэгт суурилсан инновацийг нэвтрүүлнэ гэж салбарын яам нь тооцоолсон байна.
Ирэх долоо хоногт Улсын их хурлаас томилогдсон ажлын хэсэг "Халх гол" чөлөөт бүстэй танилцахаар явна. Энэ үеэрээ тус сумын засаг дарга хууль бусаар дур мэдэн 20-30 мянган га атар газрыг бусдад өгсөн зэрэг мэдээллийн дагуу хяналт, шалгалтыг хийх юм байна. Гэвч нутгийн иргэдийн төлөөлөл Халх гол орчимд амьдардаг малчин айл өрхийг албадан нүүлгэж, хууль зөрчих гэж байна. 100 километрийн урттай, 50 километрийн өргөнтэй тус 500 мянган газрыг шууд хориотой бүс болгох нь Монгол Улсын Үндсэн хуулийн 18-р зүйлд зааснаар нутгийн иргэдийн чөлөөтэй зорчих, түр болон оршин суух эрхийг зөрчинө гэсэн байр суурийг илэрхийллээ.
Чөлөөт бүсийг байгуулсан тохиолдолд хил орчмын улсууд визгүй зорчино. Ингэснээр БНХАУ, БНСУ-ын иргэд үй олноор орж ирнэ. Монгол Улсын Үндсэн хуулинд заасанчлан нийт хүн амын гурван хувьтай тэнцэхүйц буюу нэг улсаас 90 мянган хүн Монголд орж ирэх боломжтой болно. Энэ нь эргээд үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Эдийн засгийн хувьд ч ашиггүй гэсэн тайлбарыг иргэдийн төлөөлөл Г.Батбаяр хуульч хийсэн. Харин Р.Бурмаа сайд дээрх тайлбарт сонгуульд нэр дэвшихээр олны анхаарлыг хандсан сэдвийг хөндөж, өөрсдийгөө олонд таниулж байна. Мөн намайг шантаажилж, Халх голын бүс нутагт ашигтай газар тариалангийн талбайг авах сонирхолтой нөхөд ч олноор буйг хэллээ. Гэхдээ тэрбээр гадны иргэд 30 хоног визгүй Монгол Улсад зорчих болно. Ингэхдээ гурван сая төгрөгийн орлогыг "Халх гол" чөлөөт бүсэд оруулна. Одоогоор Өмнөд Солонгос улс Халх голд махны, сүүний фермүүдийг буцалтгүй тусламжаар барьж өгнө. Мөн 200 га газар хүлэмжийг тохижуулж, газар тариалангийн усалгааны технологийг шийдсэн загвар хөдөө аж ахуйн фермийг бэлэглэхээр ажиллана гэдгээ мэдээллээ.
Газрын тухай хуулийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Гэвч "Халх гол" чөлөөт бүсийн 500 мянган га газар дотор Халх гол сумын 3200 гаруй малчин өрх, нүүдэллэн амьдардаг. Энэ нь малчдын ашиглаж буй газрыг, чөлөөт бүс болгох газартай давхцуулж, хууль зөрчсөн гэж УИХ-ын 75-р тогтоолыг эсэргүүцэгчид үзжээ. Гэхдээ бусад холбогдох хуулиндаа тухайн газрыг буюу их хэмжээний газрыг гадаад, дотоодынхонд түр хугацаагаар ашиглуулах эсэхийг Улсын их хурал бүрэн эрхийнхээ хүрээнд шийддэг. Харин тухайн газрыг бусдад, эзэмшүүлэх, өмчлөх нь хууль бус гэж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тайлбарлав.
"Халх гол" чөлөөт бүсийн асуудлаар нийгэмд үүссэн асуудлаар хоёр талын байр суурийг баримттайгаар та бүхэнд ийнхүү хүргэлээ. Ямартай ч Улсын их хурлаас томилогдсон ажлын хэсэг ирэх долоо хоногт Халх гол суманд ажиллах юм. Үүний дараа чөлөөт бүсийн газрыг хэрхэн, яаж хувааж иргэн аж, ахуй нэгжид ашиглуулах вэ гэдгийг Засгийн газар хэлэлцэж шийдэх юм байна. Тодруулбал Засгийн газраас "Халх гол" чөлөөт бүсэд баримтлах тусгай, дэглэмийг технологийн дагуу гаргаж, журам батлах юм. Үнэхээр сүүлийн өдрүүдэд бусад хэвлэлээр цацагдсан шиг Солонгос, Хятад, Япон улсын иргэд үй олноороо тус чөлөөт бүсэд орж ирэхгүй. Мөн дээрх улсуудад нэг ч га газар, худалдаагүй, өмчлүүлээгүй гэдгийг салбарын сайд нь хариуцлагатайгаар мэдэгдлээ. Харин "Халх гол" чөлөөт бүс байгуулах тогтоол хэрэгжээд эхэлвэл тус газарт улсынхаа эдийн засгийг эргэлтэнд оруулах хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, бүс бий болно. Үүнийгээ дагаад орон нутгийн иргэд ажлын байртай болж, Халх гол сум дэд бүтцэд холбогдож, тухайн газарт бүтээн байгуулалтын ажил өрнөнө гэж төсөл санаачлагч Р.Бурмаа тайлбарласан юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД