Дэлхийн валютын зах зээлд ам.долларын эсрэг олон орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларсаар байна. Тухайлбал, 2015 онд ам.долларын эсрэг Бразилийн реал 28, Туркийн либра 20, Колумбын песо 23, Индонезийн рупий 11 хувиар тус тус ханш буурчээ. Олон орны валютын ханш буурах нь түүхий эдийн үнийн уналттай шууд холбоотой байдаг аж. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ огцом буурсан нь хөгжиж буй орнуудаас валютын урсгал гадагшлахад нөлөөлж байна. Азийн бүс нутагт хөрөнгө оруулалтын орчин сайнгүй байгаа зэргээс түүхий эдийн экспорт, уул уурхайн хөрөнгө оруулалтаас хамаарал ихтэй улсуудын эдийн засгийн үндэсний валютын ханш ам.долларын эсрэг суларч байгаа аж.
Валютын ханшийн уналт зарим оронд ашигтай байдаг. Учир нь валютын ханш сулрах нь экспорт нэмэгдэхэд нөлөөлж, эцсийн дүндээ эдийн засагт дэм болдог байна. Валютын ханш буурах нь тухайн орны эдийн засагт хоёр байдлаар эерэг нөлөө үзүүлдэг аж. Юун түрүүнд валютын ханш суларснаар экспортын өртөг буурч, гадны худалдан авагчдыг татна. Нөгөө талаар импортын өртөг нэмэгдсэнээр дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмждэг байна. Иймээс Хятад улс өнгөрсөн сард юанийн ханшийг хоёр хувиар буулгах арга хэмжээ авсан. “Хятад валютын ханшаа буулгасан явдал нь бусад орноос эдийн засгийн өсөлтийг “хулгайлах” оролдлого” хэмээн “Wall Street” –ийн шинжээч Мухаммед А. Эль-Эриан дүгнэжээ. Хятадыг дагаад Вьетнам улс гурван ч удаа валютын ханшаа буулгасан байна.
Гэвч Валютын ханш сулрах нь улсын болоод компанийн зээлийн эргэн төлөлтөнд хүндээр тусдаг байна. Учир нь тухайн орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулрах тусам ам.доллараар хийгдсэн зээлийг эргэн төлөхөд илүү үнэтэй болдог аж. Ам.долларын ханш сүүлийн 40 жилийн дотор маш хурдтай нэмэгджээ. АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн, эдийн засгийн бодит салбарыг дэмжих зорилгоор сар бүр үнэт цаас худалдан авдаг байснаа өнгөрсөн онд зогсоосон байна. Энэ нь ам.долларын ханш дэлхийн бусад голлох валютын эсрэг чангарахад нөлөөлжээ.
Б.АНХТУЯА