
Аль-Кайдагийн хамгийн аюултай удирдагчийн нэг Аль-Завахири Бин Ладены үхлээс хойш анх удаа анхааруулсан мэдэгдэл хийж буй нь энэ бөгөөд АНУ-ын тусгай хүчнийхэн өөр нэг зартай алан хядагчийг устгасны дараа вэб сайтдаа нийтлүүлсэн ажээ. Аль-Завахири 28 минутын мэдэгдэлдээ Аль-Кайдагийн шинэ удирдагчийн талаар огт дурьдаагүй гэнэ.
"Таалал төгссөн Шейхыг Аллах өршөөн хэлтрүүлнэ. Харин Аллахын хүүхдүүд бид түүний замаар замнаж, лалын оронд халдан түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, өөрсдийн хуулиар шийтгэх болно” гэж Завахири мэдэгджээ.
Тэрбээр Арабын ертөнцийг бүхэлд нь нөмрөөд буй хувьсгал, бослогыг дэмжиж, Египтэд Исламын хууль тогтоохыг уриалсан байна.
Завахири Ливид явуулж буй НАТО-гийн цэргийн ажиллагаа Муаммар Каддафийг түлхэн унагаж, барууныхан эрх мэдлээ тогтоохын эхлэл гэж ливичүүдэд сэрэмжлүүлсэн гэнэ.