SOS: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2015.09.04-нд нийтлэгдсэн

SOS: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Аляскад гурав хоногийн хугацаатай айлчлалаа эхлүүлээд байгаа юм. Тэрээр айлчлалынхаа эхний өдөр цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд нэн даруй яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг уриалсан байна.


Аляскийн Анкорэйж хотод Хойд туйлын орнууд болон туйлын бус орнууд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх дээд хэмжээний уулзалтанд оролцож байна.

Энэ уулзалтыг АНУ-ын Төрийн Департаментаас санаачлан ивээн тэтгэж байгаа юм. Аляскийн мөсөн гол хайлж, далайн түвшин нэмэгдсээр байгаа нь дэлхийн нийтийн өмнө тулгамдсан аюул болж байна.


Хэдийгээр цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа боловч үр дүн муутай байгааг Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн юм.

Мөн цаг уурын өөрчлөлтийн эсрэг гэрээ хэлэлцээр байгуулахад бусад улс орнууд идэвх чармайлттай байхыг уриалжээ.

Барак Обама “Бид хичээл зүтгэл гаргаж байгаа боловч цаг уурын өөрчлөлт үүнээс ч түргэн явагдаж байна. Бид хангалттай арга хэмжээ авч чадахгүй байна гэсэн үг. Өнөөдөр би энд дэлхийн хамгийн том эдийн засагтай, дулаан ялгаруулалтаараа 2 дугаарт ордог улс орны удирдагчийн үүднээс ирсэн. АНУ дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд үүрэг хүлээж, хүндрэл бэрхшээлийг шийдэхийн тулд туслах болно” гэжээ.


Энэ хооронд Анкорэйж хотын цэнгэлдэх хүрээлэнд байгаль орчныг хамгаалагчид жагсаал хийсэн байна. Тэд хойд мөсөн туйлд газрын тос олборлож байгааг эсэргүүцжээ.


Дэлхийн цаг уурын өөрчлөлт түүнчлэн хүний үйл ажиллагааны улмаас Грийнландын мөсөн бүрхүүл бүрмөсөн хайлах нь хэдийнэ тодорхой болсон гэж эрдэмтэд үзэж байна. Хэрвээ ингэх юм бол далай тэнгисийн түвшин 7 метрээр нэмэгдэх аюултай юм. Олон орны эрдэмтэд Дэлхийн цаг уур өөрчлөгдөж байгаа гэдэгтэй санал нэгтэй байна. Гэхдээ тэдний зарим нь "дэлхий дахины дулаарал" гэсэн нэр томъёог бий болгоод, үүний улмаас галав юүлж, дэлхий өртөнц сүйрэх тухай таамаглал дэвшүүлж байхад өөр хэсэг эрдэмтэд удахгүй "мөстлөгийн шинэ үе" эхэлнэ гэсэн таамаглал дэвшүүлээд үүний улмаас дэлхий өртөнц бас л сүйрнэ гэж үзэж байгаа ажээ. Гурав дахь хэсэг эрдэмтэд, цаг уурын дулаарлаас болж өртөнцийн мөхөл зайлшгүй болно гэдэгт эргэлзэж байна. Тэдний бодлоор бол энэ сэдвээр шуугиан дэгдээж байгаа хүмүүс  улс төр, санхүүгийн болон өөр бусад ашиг хонжоог хийж байгаа аж.


Манай гаригийн цаг агаар үргэлж өөрчлөгдөж байдаг Өнөөдөр дэлхийн дундаж температур цельсийн 15 хэмтэй тэнцүү байгаа билээ. Эрдэмтдийн мэдэж байгаа тоо баримтаас харахад, дэлхийн дундаж температур цельсийн 7 хэмээс 27 хэм хүртэл хэлбэлзэж байжээ. Гэвч байгалийн жам ёсны цаг бусын гэнэтийн дулаарлаар солигдож байна гэж олон эрдэмтэд сэтгэл түгшиж байна.


Хүний үйл ажиллагаа хэт дулаарлыг үүсгэж байгаа нь дэлхий дээрх амьдралыг тэтгэгч гол эх үүсвэр болсон цаг уурын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна гэж тэд тайлбарлаж байгаа юм. Хүлэмжийн хийн үзэгдэл гэж юу вэ? Хүлэмжийн хий гэж нарны эрчим хүчийг дэлхийн агаар мандлаас гаргахгүй барьж байдаг тодорхой хэдэн хийн бодисыг хэлнэ. Гэхдээ хүлэмжийн хий ерөөсөө байхгүй байсан бол дэлхий дээр хэт хуйтэрч амьдрал бий болж чадахгүй байх байсан. Хамгийн чухал хупэмжийн хийд усны уур тооцогдоно. Агаар мандал дахь усны уурын хэмжээ бараг өөрчлөгдөггүй тул хүний үйл ажиллагааны дүнд үүсдэг хүлэмжийн хийн дулааралд усны уур бараг нөлөө үзүүлдэггүй.


Харин хүлэмжийн бусад хийнүүд болох нүүрсхүчлийн давхар исэл үйлдвэрийн болоод хөдөө аж ахуйн үйл ажиллагаа түүнчлэн түлшийг шатааснаас агаар мандалд уүсэж хуралддаг. Гэтэл эдгээр хийн агаар мандал дахь хэмжээ аажмаар нэмэгдсээр суүлийн 200 жилийн дотор нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ гэхэд 30 хувиар өссөн байна.


Агаар мандалд ийнхүү хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж байгаа нь дэлхийн дулааралд хүргэж байгаа гэдэгтэй ихэнх мэргэжилтнүүд санал нэгтэй байгаа юм.



Дэлхийн цаг агаар хэт дулаарч байгаа гэсэн баталгаа нотолгоо байна уу?


XIX зууны эцсээс эхлэн цаг уурын байдлыг шинжлэх ухааны үүднээс судалж эхэлсэн билээ. Энэ үеэс хойш хуримтлуулсан судалгааны дүнгээр XX зууны туршид дэлхийн дундаж температур цельсийн 0.6 хэмээр нэмэгджээ. Мөн энэ хугацаанд манай гаригийн далайн усны түвшин 10-20 сантиметрээр дээшилсэн байна. Далайн усны түвшин нэмэгдсэн нь туйлын мөс хайлсантай холбоотой. Антарктид тив болон Хойд мөсөн далайн орчмын мөсөн бүрхүүлийн хэмжээ улам бүр шуугдан багассаар байгаа нь илт болж, эрдэмтдийн ажиглалтаар Хойд мөсөн далайн мөсний зузаан хавар намрын улиралд арван жилийн өмнөхтэй харьцуулбал 40 хувиар нимгэрсэн байна. Хэдий тийм ч дулаарлын энэ хандлага дэлхийн бүх бүс нутагт адил бус байгаа. Жишээ нь, Антарктидын зарим нутагт хүйтрэх үзэгдэл ажиглагдсан байна. Үүнээс гадна, газрын гадарга дээр болон агаар мандлын доод давхарга болох тропосферын бүсэд дулаарал харилцан адилгүй явагдаж байгаа аж.



Дэлхийн дулаарал хэдэн хэм болтлоо нэмэгдэх вэ?


Хэрвээ агаар мандалд хүлэмжийн хийг ялгаруулах явдлыг зогсоохоор эрс шийдвэртэй арга хэмжээ авахгүй юм бол 2020 он гэхэд дэлхийн цаг агаар дунджаар цельсийн 1.4-5.8 хэмээр нэмэгдэж магадгүй гэж эрдэмтэд үзэж байгаа.



Дулаарлаас цаг агаар хэрхэн өөрчлөгдөх вэ?


Бүх дэлхийн хэмжээгээр цаг уурын гамшигт үзэгдлийн тоо хэмжээ, цар хүрээ эрс өөрчлөгдөх болно. Халуун дулаан улирал илүү удаан үргэлжилж, ган гачиг илүү олонтаа тохиолдоно. Эрдэмтдийн үзэж байгаагаар, дэлхийн дулаарлаас болж орох борооны хэмжээ нэмэгдэх боловч, дэлхийн зарим бүс нутагт ган гачиг илүү их болох магадлалтай ажээ. Далай тэнгисийн усны түвшин нэмэгдэж, хар салхи, цунами гарах тохиолдол ихэссэнээр гамшигт үерийн тоо ч нэмэгдэж магадгүй юм. Гэхдээ цаг агаарын энэ өөрчлөлт нь дэлхийн янз бүрийн бүс нутгуудад өөр өөр давтамж болон цар хүрээтэй явагдах учир урьдчилсан таамаглал хийхэд маш бэрхшээлтэй ажээ.



Дэлхийн дулаарлын хор уршиг ямар байх вэ?


Дэлхийн дулаарлын улмаас ундны ус хомсдож, хөдөө аж ахуй эрхлэх нөхцөл эрс өөрчлөгдөж, үер, хар салхи, ган гачиг зэрэг байгалийн гамшгийн улмаас олон хүний амь үрэгдэж болох юм. Цаг уурын өөрчлөлтөнд дасан зохицож чадахгүй ядуу улс орнууд хамгийн их хохирол амсана. Түүгээр ч зогсохгүй амьдрах орчин нь дасан зохицохын аргагүй, хэтэрхий хурдан өөрчлөгдөх учраас ургамал амьтны бүхэл бүтэн төрөл аймаг устаж үгүй болно гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм. Ундны цэвэр ус дутагдаж, хоол хүнсний нөөц багассаны улмаас дэлхийн олон оронд хэдэн сая хүн хижиг өвчнөөр өвчилж магадгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулсан байна.



Бид юуг мэдэхгүй байгаа вэ?


Дэлхийн цаг агаар дулаарч байгаа явдалд хүний хүчин зүйлийн нөлөө хэр зэрэг байгааг мэргэжилтнүүд одоогоор нарийн тооцоолж чадаагүй байна. Мөн агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ, дэлхийн дулаарал хоёрын хоорондын харилцан хамаарал эрдэмтдэд одоохондоо тодорхой бус байгаа билээ. Дэлхийн дулаарлын тухай янз бүрийн таамаглал өөр хоорондоо ихээхэн зөруүтэй байдгийн нэг шалтгаан нь энэ юм. Дэлхийн дулаарлын улмаас цаг уурын олон өөрчлөлт гарч байгаагийн зарим нь цаг уурын өөрчлөлтийг улам хурдасгах аюултай юм. Жишээ нь, мөнх цэвдэг хайлсны улмаас агаар мандалд ихээхэн хэмжээний мөтан хий ялгарч, энэ нь эргээд хүлэмжийн хийн хэмжээг нэмэгдүүлж байгаа юм. Гэхдээ зарим нэг хүчин зүйл дэлхийн дулаарлын нөлөөг саармагжуулж болох талтай байгаа аж. Жишээ нь, температур нэмэгдэхийн хэрээр ургамлын өсөлт хурдсаж ингэснээрээ агаар мандлаас илүү их хэмжээний нүүрсхүчлийн хийг авах боломжтой болох юм. Эдгээр сөрөг болон эерэг үйл явцын эцсийн үр дүн нь ямар гарах талаар эрдэмтдийн дунд нэгдмэл нэг байр суурь байхгүй байна.
 

Н.ЦЭНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж