Улсын төсвөөс 13 тэрбум төгрөгийг албан тушаалаа урвуулан завшсан гэх хэрэгт сэжиглэгдэж буй Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Өмгөөлөгч Ц.Баасандорж “Л.Гансүхийн зүгээс түүнийг шүүх хурлыг шүүх танхимд, олон нийтэд нээлттэй хийхийг хүсч байна. Хэрвээ ингэхгүй бол шүүх хурал болох хүртэл өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэж байна” гэв. Түүний мэдээлж буйгаар есдүгээр сарын дөрвөнд болох Л.Гансүхийг шүүх хурлыг телевизээр шууд дамжуулан олон нийтэд хүргэх байсан гэв. Гэтэл шүүх хурлыг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийсэн учраас телевизээр шууд дамжуулах боломжгүй болжээ. Тиймээс дараагийн шүүх хурлыг чанга дэглэмтэй хорих ангид бус, шүүх танхимд хийхийг хүсч буйгаа илэрхийлэв.
Л.Гансүхийн зүгээс “Шоронгийн хүйтэн өрөөнд бус Монгол Улсын шүүх танхимд гэм буруугүй гэдгээ нотлуулахыг хүссэн” хэмээн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлсэн юм. Тэрбээр “Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. 48 дугаар зүйлд шүүхийн байгууллагын тогтолцоо сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын дээд шүүхээс бүрддэг. Гэтэл энэ удаад Үндсэн хууль зөрчиж аймаг, нийслэл, сум дүүргээс гадна хорих байгууллагаас бүрдэхээр болоод байна. Сүүлийн үед улстөрийн шинжтэй, олны анхааралд өртсөн шүүх хурлыг Ганц худагт хийдэг болсон. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн асуудал” хэмээн мэдээлэв.
Б.ЗАЯА