Өмнөд Солонгос БНАСАУ хоёрын хооронд сүүлийн өдрүүдэд хурцадмал байдал дахин үүсээд байгаа. Хэрэг явдлыг эргэн сануулахад Өмнөд Солонгосын цэргийнхэн Хойд Солонгосын тавьсан явган цэрэг эсэргүүцэх минанд өртөж дэлбэрсний дараа өмнөдийнхөн хил дээрх чанга яригчуудаа идэвхтэй ажиллуулж эхэлсэн.
Харин Пхеньяны зүгээс чанга яригчуудаа унтраахгүй бол буудаж устгана хэмээн анхааруулаад байсан.
Энэ ч ёсоор Умард Солонгосын зүгээс хил дээрх чанга яригчууд руу их буугаар буудаж устгасан байна.
Харин хариуд нь Өмнөд Солонгос хойд хөршийнхөө хилийн район руу хэдэн арван бага оврын пуужин харваж их буугаар галласан. Сүүлийн 10 гаруй жилийн турш өмнөдийнхөн хил дээрээ чанга яригч байрлуулж Кимийнхний гэр бүлийн дарангуйллын эсрэг ухуулга сурталчилгааг цацдаг байсан юм. Мөн зурагт хуудас бүхий бөмбөлөг идэвхтэй хөөргөсөөр ирсэн.
Тухай бүрт нь БНАСАУ-ын зүгээс эсэргүүцлээ илэрхийлж байсан бөгөөд нэг бус удаа ийнхүү харилцан буудалцсан тохиолдлын шалтаг болж байв.
БНАСАУ-ын төв телевизээр зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлэх тухай Ким Чен Ун удирдагчийн тушаалыг уншиж танилцуулсан тухай Ренхап агентлаг мэдээлсэн. Тэгвэл Өмнөд Солонгос ч мөн адил байлдааны бэлэн байдалд армиа шилжүүлээд байгаа.
АНУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс төлөөлөгчдөө даруй Сөүл рүү нисгэж хоёр улсын цэргийн мэргэжилтнүүд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байгаа тухай БНСУ-ын телевизүүдээр мэдээлжээ. Буудалцааны чимээ нийслэл Сөүлд сонсогдсон гэжээ.
Учир нь умард руу харвасан пуужингуудыг Сөүлийн ойролцоох хилийн район болох Геонжи аймгаас харвасан гэнэ.
Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдааныг хийлгэж ард нийтэд хандан айж сандрахгүй байх, иргэдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангах талаар мэдээлэл хийжээ.
Ким Чен Уны талийгаач эцэг Ким Чен Ирийн засаглалын үед хоёр улсын хилийн дэргэдэх арлын ойролцоо олон цагийн турш их буугаар буудалцаж байдал нэн хурцадмал болж байсныг уншигчид санаж байгаа байх.
Тэгвэл Ким Чен Ун засгийн эрхийг авснаас хойш 2014 оны дөрөвдүгээр сарын 01-нд мөн харилцан буудалцаж байсан юм. Тэгвэл залуу удирдагч ажлаа авснаас хойш ийнхүү хоёр дахь удаагаа солонгосчууд харилцан буудалцаж байна.
Хурцадмал байдлыг намжаах үүднээс бямба гаригт хоёр талууд хэлэлцээрийн ширээний ард суусан бөгөөд 10 цаг үргэлжлээд зогссон юм. Хэлэлцээ өнөөдөр үргэлжлэх бөгөөд Улаанбаатарын цагаар 15.00 цагаас эхлэх аж.
Хэлэлцээний явцад ямар үр дүн гарсан талаар мэдээлэл байхгүй байгаа бөгөөд Өмнөд Солонгосыг ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Хван Чин, Хоёр орнынэгдлийн хэргийн сайд Хон Ен Пе нар төлөөлж байна. Хойд Солонгосын төлөөлөгчөөр Өмнөд Солонгосын асуудал хариуцсан өндөр тушаалтан Ким Ян Гон, Умардын ардын армийн улс төрийн газрын захирал Хван Бен Со нар иржээ.
Н.ЦЭНД