Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөл өнөөдөр олон нийтэд хандав. Тэдний зүгээс өнгөрсөн долоо хоногт болсон Шийдлийн цаг уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Хулгай булхайн тухай ярьж, хоточ нохой шиг аашилсан Үндсэн хуулийн бус нэгдэл болох бие даагч гишүүдээс асуухгүйгээр Тавантолгойн асуудлыг шийднэ” гэх мэдэгдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тэдний зүгээс Монголын уул уурхайн томоохон ордын хувь заяаг амин хувийн ашиг сонирхол, гадны бүлэглэлүүдэд үйлчилсэн хэлбэрээр шийдэх гэж буй учраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хариуцлага тооцохыг хүсэв.
Дархан Уул аймгийн иргэдийн төлөөлөл Б.Оюунчулуун “Жишээ нь манай тойргоос гарсан С.Ганбаатар гишүүний хувьд 65 мянган иргэний төлөөлөл. Гэтэл Ерөнхий сайд энэ мэдэгдлээрээ Дархан-Уул аймгийн 65 мянган иргэний сонголтыг үгүйсгэж, дуу хоолойг нь хааж боосон хэрэг” гэв.
Тэдний зүгээс Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ мэдэгдлээрээ Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл зэрэг гурван аймгийн 200 мянга гаруй сонгогчдын хууль ёсны төлөөлөл болсон гишүүдийг хууль бус хэмээн дайрсан гэж үзсэн юм. Дээрээс нь Монгол Улсын нийт иргэдийн эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой уул уурхайн ордуудын асуудалд дээрх гурван аймгийн ард иргэдийн дуу хоолойг тусгах боломжгүй гэдгээ давхар илэрхийлсэн явдал хэмээн иргэдийн төлөөлөл мэдээлэв.
Б.ЗАЯА