Наснаасаа хэтэрсэн мэдрэмж

Хуучирсан мэдээ: 2015.09.08-нд нийтлэгдсэн

Наснаасаа хэтэрсэн мэдрэмж

Aurora Films”-ийн найруулагч Б.Чингүүний бүтээл “Гэр бүлийн хөрөг” богино хэмжээний кино “London short film awards” наадмын шилдэг бүтээлийн нэгээр шалгарчээ. Тус наадамд 100 гаруй уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэн бөгөөд наадмын шилдэг эмэгтэй гол дүрд Ононгийн дүрд тоглосон У.Цасжин охин нэр дэвшжээ. У.Цасжин “Хөгжилтэй гэр бүл” олон ангит инээдмийн кинонд тоглосон бөгөөд гурван жилийн өмнө “Х түц” продакшны “Сэрүүн хасын нууц” драмын жүжигт бяцхан охины дүрийг чадварлаг бүтээсэн юм.

Хойд аавдаа ад үзэгдэж, хүчирхийлэлд өртөж зодуулдаг хөөрхийлөлтэй охины дүрийг чадварлаг бүтээсэн тэрээр хэлэхдээ “Үнэхээр аймаар. Уг нь зодуулсан ч уйлахгүй, тэвчээртэй, шазруун дүр гаргах ёстой. Гэхдээ яг зоддог хэсэг дээр нь би тэсэхгүй уйлчихсан. Түүнээс болоод найруулагчийнхаа итгэлийг алдаж, миний оронд өөр хүүхэд тоглуулчих вий гэсэн айдас төрж байсан. Тэгээд кинон дээрээс уйлсан чигээрээ гарсан. Манай эмээ, өвөө хоёр тоглосон киног маань үзээд зөндөө уурласан. Өвөө бүр босч ирээд “Энэ нэг юм чинь хүүхэд алаад хаячихлаа” гээд байсан. Эмээ хүртэл кино үзээд их уйлсан байна лээ” хэмээсэн юм. Цасжин охин өөрийн биеийг бага гэж гололгүй У.Шекспирийн хүүхдэд зориулсан хялбарчилсан зохиолуудыг бүгдийг уншиж дуусгажээ. Үүгээр ч зогсохгүй кино зохиол хүртэл бичиж буй гэнэ. Ирээдүйд Холливудын хэмжээний алдартай жүжигчин болохыг мөрөөддөг У.Цасжин охины хүсэл тун ойрхон биз ээ. “Наснаасаа хэтэрсэн мэдрэмж, авьяас, бас ухаантай. Ирээдүйн сор болох жүжигчин” хэмээн урлагийн томчуудад үнэлэгддэг гэнэ лээ.

 Б.ХОНГОРСАЙХАН

Эх сурвалж: TV ZONE

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж