Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 8-9-ны хооронд зохион байгуулсан “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг сурвалжилсан сэтгүүлчид 700 мянган төгрөг авсан тухай тамга тэмдэггүй баримт олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ асуудлаар сэтгүүлчид гомдол гаргасны дагуу, хотын захиргаанаас холбогдох байгууллагуудад хандаж, мэдэгдэл хүргүүллээ. “Уг мэдэгдэлд олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн ашиг хонжоо хайсан зарим жиргээчид, өмнө нь ажлын хариуцлага алдсан хүмүүс эдгээр арга хэмжээг гутаах зорилгоор гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулж байна. Олон нийтийн сүлжээгээр тараасан нэр бүхий хэвлэлийн байгууллагын сэтгүүлчид 200 ба 500 мянган төгрөг олгосон гэх гарын үсэг зурсан баримт нь хуурамчаар үйлдэж тараасан зүйл байна. Иймд энэхүү хууль бус үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно” гэжээ. Мөн энэхүү баримт нь сэтгүүлчдийн нэр төрд халдсан явдал болсныг хотын захиргаанаас мэдэгдэж албан ёсоор уучлалт гуйсан байна. Харин хуурамч гарын үсэгтэй баримтыг хэн ямар зорилгоор тараасан асуудлыг хууль хяналтынхан үнэн зөвөөр тогтооно гэдэгт найдаж байна.
Ж.НЯМСҮРЭН