
Одоогоор Фернандо Алонсо тавдугаат, Фелипе Масса наймдугаар байрт бичигдэж байна. Харин зохион бүтээгчдийн цомд 93 оноотой гуравдугаар байрт явж байгаа нь үргэлж манлайлагчдын нэг байсаар ирсэн тус багийн хувьд том асуудал болж байгаа юм. Гэтэл тэдний өрсөлдөгч “Рэд Бүлл” 222, “Макларен” 161 оноотой байна.
Гэхдээ “Феррари”-гийн техникийн албаны орлогч захирал Пат Фрай одоо гол өрсөлдөгчидтэй тэргүүн байрын төлөө өрсөлдөх боломжтой болсон гэж үзэж байгаа аж. Тэрбээр “Бусад багуудтай ойртож очсон гэж бодож байна. Монакогоос Канадын гран-при хүртэл урт хугацаа байхгүй ч багуудад аеродинамиктаа ямар өөрчлөлт оруулах вэ гээд хийх зүйл их байгаа. Бид энэ тойрогт тусгай далавч ашиглах болно. Машины дарах хүч илүү болно. Тэгэхээр бид бусадтай ялгаагүй хурдтай болно гэж найдаж байна” хэмээжээ.
Алонсо өнгөрсөн долоо хоногт энэ улирлын хамгийн шилдэг үзүүлэлт болох хоёрдугаар байрыг эзэлж, Монакогийн гран-пригаас 18 оноо авсан. 2005 болон 2006 оны дэлхийн аварга нисгэгч одоо 69 оноотой явж байгаа нь өрсөлдөгч Феттелиэс 74 оноогоор дутуу болж байна. Герман нисгэгч энэ жилийн зургаан уралдаан тавд нь түрүүлж, Шумахераас хойших анхны ноёрхлыг тогтоож байгаа гэхэд болно.
Гэхдээ улирал талдаа ч ороогүй байгаа учраас “Феррари” өөрсдөдөө боломж байгаа гэж үзэж байна. Тиймээс сүүлийн гурван уралдаанд оноо аваагүй байгаа Массаг тэргүүн эгнээнд багтдаг нисгэгчдийн тоонд эргээд ирнэ гэж найдаж байгаа ажээ.