Цагаачдын хямралд хэн буруутай вэ?

Хуучирсан мэдээ: 2015.09.08-нд нийтлэгдсэн

Цагаачдын хямралд хэн буруутай вэ?

 

Европын холбоо 1990-ээд оны Балканы дайнаас хойш анх удаа түүхэндээ байгаагүй асар олон дүрвэгсдийн хөлд нэрвэгдээд байна. Олон зуун мянган цагаачдын шилжилт хөдөлгөөний улмаас хүндхэн байдалд ороод буй Европын орнуудын засгийн газрууд энэхүү хямралыг зогсоох арга замыг эрэлхийлж байгаа ч бие биенээ буруутгасан өнгө аяс бүхий мэдэгдлийг хийцгээж байна.

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ асуудлаар өнгөрөгч баасан гаригт Алс Дорнодын эдийн засгийн форумд оролцож үг хэлэхдээ байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Европ руу ирэх дүрвэгсдийн тоо эрс нэмэгдэж, цагаачдын хямрал үүсэх болсон нь АНУ-ын Ойрхи Дорнодод явуулж буй бодлогын үр дүнтэй шууд холбоотой” гэсэн юм.

 

Мөн Германы “DW” сонинд нийтлэгдсэн мэдээлэлд Европ тивд үүссэн дүрвэгсэд, цагаачлалын хямралыг АНУ зориуд, санаатайгаар дэгдээсэн. Энэ бол Америк, Европын холбооны орнуудын улстөрийн түрэмгий, ухаалаг бус бодлогын үр дүн. Өрнөдийн улстөрчид сүүлийн хэдэн жилд Ойрхи Дорнод, Хойд Африкт харгис хэрцгий, аймшигт дайн дэгдээсэн. Тэд үнэндээ НАТО-гийн дор нэгдэн өөрсдийн ашиг сонирхлыг бүхнээс дээгүүр тавьж, хүчтэй өрсөлдөгчдөө тогтворгүйжүүлэхийг оролдон, түүхий эдийн орд газруудыг булаан эзлэх бодлого явуулж байна. Тиймээс энэ хямралыг шийдэхэд АНУ шийдвэрлэх байр суурьтай оролцох ёстой хэмээн бичжээ.

 

Үндэстэн дамнасан корпорациуд зориудаар Ойрхи Дорнод, Хойд Африкт тогтворгүй байдал үүсгэсэн. Ливи, Сири, Иракаас дүрвэгсэд олноороо Европ руу тэмүүлж, эдгээр орны аюулгүй байдалд нөлөөлнө гэдгийг олон улсын шинжээчид эртнээс таамаглаж, сэрэмжлүүлж байсан юм.

 

Гэхдээ дүрвэгсдийн хямралаар далимдуулж мөнгө олдог томоохон бүлэглэлүүд ч бий гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Европ руу дүрвэгсэд, цагаачдыг зөөвөрлөх нь сайтар төлөвлөсөн, өндөр ашигтай бизнес. АНУ шууд 7-14 мянган еврог хөтөч, зөөвөрлөгч, хөлөг онгоцтой хүмүүст төлдөг гэжээ.

 

 

Дайн дажинтай бүс нутгаас дүрвэн тайван амьдрал хайн Европын орнуудыг зорих цагаачид асар их эрсдэлтэй тулгардаг. Энэ онд л гэхэд далайд живж амиа алдсан цагаачдын тоо хэдэн мянгаар тоологдож, Газрын дундад тэнгис үнэндээ дүрвэгсдийн оршуулгын газар болж хувираад байгаа юм.

 

BBC агентлагийн мэдээлснээр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 28-ны хооронд Европын орнуудад нийтдээ 322,914 цагаач иржээ. Эдгээрээс 209,457 нь Грек улсад, 111,197 нь Италид, 2,166 нь Испани улсад тус тус нэвтрээд байна. Харин ирэх замдаа 2,432 хүн амиа алдсан байна.

 

 

Дүрвэгсдийн дийлэнх хувийг эзлээд буй Сирийн иргэдийн хувьд энэ оны есдүгээр сарын 6-ны байдлаар нийтдээ 4 сая 88 мянга 99 сири иргэд эх орноо орхин дүрвэжээ. Эдгээрийн 1,938,999 нь Турк улсыг зорьсон бол 1,113,941 нь Ливан, 629,266 нь Иордан, 249,463 нь Ирак, 132,375 нь Египет зэрэг хөрш зэргэлдээ орнууд руу дүрвэсэн бол 24,055 нь Ливи улсыг зорьжээ.

 

 

Хэдийгээр Унгар улс цагаачдыг хил нэвтрүүлэн Австри, Герман зэрэг орнууд тэднийг нааштайгаар хүлээн авч эхэлсэн ч  Ром, Афин одоо болтол хүлээж авахаас татгалзан, бусад орнууд хүндрэлтэй байгаагаа учирлацгааж байна.

 

Эдгээр орнууд хүнлэг сэтгэл гарган цагаачдыг хүлээн авч болох ч өөрийн улсын иргэдийн аюулгүй байдал, ажлын байр, нийгмийн халамж зэрэгт сөргөөр нөлөөлөх олон үр дагавар гарах болно гэдгийг онцолж байгаа юм.

 

Н.ЦЭНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж