Манай орны боловсролын салбарт Засгийн газраас дэвшүүлэн тавьсан “Зөв Монгол хүүхэд”, “Ном”, “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор нүүдлийн номын сангийн “Ногоон морь” аялал энэ удаа баруун аймгийг зорьлоо. Аялалыг БСУШЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, “Go Help” Олон улсын хүмүүнлэгийн байгууллага хамтран зохион байгуулж байна. Боловсрол соёлын аялал Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын төв болон сумдаар үргэлжилнэ. Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог эцэг, эхчүүд, багш нар, албан хаагчдад лекц уншиж, өнгөрсөн жил АНУ-ын ард түмэнд тоглож үзүүлсэн шүлэг, дуу, үлгэрийнхээ чуулбараас сонирхуулах юм байна. Ардчилал, зах зээлийн шинэ тогтолцооны үед хамгийн чухал нь чөлөөт сонголт байдаг учраас хүүхдүүдэд чухам ямар ном уншуулбал тэднийг оюун сэтгэлгээний ямар түвшинд хүргэх боломжийн талаар эцэг эх, багш нартай санал солилцож, зөв шийдэлд хүрэх зорилготой ажээ.
Ухаант өвөг дээдэс маань ирээдүй хойч үеэ хийморьлог оюунт мэргэн хүмүүс болгох талаар байдаг бүхнээ зориулсаар ирсэн түүхтэй. Тийм ч учраас шинэ зууны оюуны хүлэг болсон нүүдлийн номын сангаа “Ногоон морь” хэмээн нэрлэж, 24 дэх жилийнхээ аян замд гарч байна. Эдүгээ Монголын бүх аймгийн нутаг дэвсгэрээр аялж, хөдөөгийн хүүхдүүдэд шинэ зууны ном хүргэж, нийтдээ 120 мянга гаруй км замыг туулаад байна. Тийнхүү хүүхдийн оюуныг дээдэлсэн “Ногоон морь” орон нутгийн боловсролын байгууллага, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдэд туслахаар хүлгийн жолоог залж буйг зохион байгуулагчид бидэнд дуулгалаа.
Энэ аяллалыг “Go Help” олон улсын хүмүүнлэгийн байгууллага ивээн тэтгэж байна. Тус байгууллага нь 2009 оноос хойш хүмүүнлэгийн төслүүд хэрэгжүүлж байгаа ба Налайх хотод хүүхдийн номын сан байгуулан ажиллаж, “Морьтой үлгэр” явуулын номын сан бий болгон, хөдөө орон нутгаар аялуулж, хүүхдийн номын талаар лекц уншуулах зэрэг ирээдүй үеийнхнийг оюунлаг зөв Монгол хүүхэд болоход нь туслах гэгээлэг ажлууд санаачлан хийж байгаа аж.
Ч.БОЛ