Наран орой шингэж, өглөө хүүшлэх Алтай нутаг

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Наран орой шингэж, өглөө хүүшлэх Алтай нутаг

Замд гарлаа

Зуны
дунд сарын шинийн нэгний өглөө буюу улс даяараа тэмдэглэсэн “Эх үрсийн
баяр”-ын маргааш нь “Монгол хүн-2020” хэлэлцүүлэгт оролцохоор Говь-Алтай
аймгийг зорих томилолт авсан сэтгүүлчид өглөө 05 цаг гэхэд “Зориг”-ийн
хөшөөтэй хэмээн нэрлэгддэг Ардчилсан намын үүдэнд цуглав. Хаа сайгүй
ундааны сав, элдэв хог хөглөрч, хотын амьдрал эхлэхээс өмнө ажиллах
ТҮК-ийнхэн дэрсэн шүүр түрдэг тэргэндээ түүртсэн шинжгүй ажиллана. Хөл
ихтэй баярын маргааш байсан болоод ч тэр үү эсвэл нийслэл хотын маань
өглөө бүр ийм байдаг юм болов уу гэж бодлоо. Хотын замын түгжирэлээс
өмнө аян замдаа гарна гэсэн бидний бодол талаар боллоо. Учир нь дизель
түлш. Бидний хөлөглөж явах машинууд маань бүгд энэ ховордсон “идээ”-г
хүртдэг гэнэ. Хэд хэдэн шатахуун түгээхээр очсон боловч эрэл мухардаж
байлаа. Их хот хөдөлгөөнд орж зам түгжирч эхлэхэд “Дизель түлш дууссан”
гэсэн самбар өлгөсөн нэгэн шатахуун түгээх станцад ховордсон “идээ”
байгаа бололтой манай цувааны ахлагч наймаа хийхээр боллоо. Бүх
машиныхаа “ходоод”-ыг дүүргэж ачааны машин дээр бас нэлээд нөөц бэлтгэж
аваад бид замдаа гарлаа. Өглөө эртлэн боссон болоод ч тэр үү эсвэл
хөдөөгийн салхинд цохиулсандаа ч тэр үү хар замаар давхих машиндаа
бүүвэйлэгдэн нам унтжээ. Сэртэл манай цувааныхан хотоос гараад 300 орчим
километрт орших Хөгнө Хан уулын өврөөр орших байгалийн үзэсгэлэнт Элсэн
тасархайд түр амраад цааш хөдөллөө. Өвөрхангай аймгаар дайран өнгөрч
Баянхонгор нутгийн нидрүүлэг шиг болсон шороон замд оров. Зуны дунд сар
гарч байгаа ч гэсэн хонгор нутаг гантай, энд тэнд дэрс шиг сөртийх
хялгана, бутыг эс тооцвол малын эрүү хөдөлгөх ногоо алга.

Хангай говийг холбосон Байдрагийн гол

Үд
хэвийж байхад Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг Байдраг голын
дагуух Хөх эргийн гарамд хооллохоор буудаллаа. Хоол­ны гэрүүдэд нь
хоолоо захиал­чихаад Байдраг голын эрэг дээр амарцгаалаа. Хангайн
нуруунаас эх авдаг Байдрагийн гол Баянхонгор аймгийн таван сумын нутгаар
310 км урсаж, Бөөн цагаан нуурт цутгадаг Монгол орны томоохон голуудын
нэг. Сүүлийн жилүүдэд Байдраг голын сав газарт алтны олборлолт хийснээс
болж голын ус эрс багассан гэнэ. Одоогоос 20-иод жилийн өмнө Байдраг
голд баруун талаас Загийн гол, зүүн талаас Өлзийтийн гол, 99 горхи
цутгаж тээврийн жолооч нарт энэ голоор гарна гэдэг хүндхэн давааны нэг
байсан гэдэг. Тоотойхон хэдэн гарамаар л гарах боломжтой байсан гол
өнөөдөр морьтой, мотоцикльтэй, хүүхэд, хөгшид гээд хэн ч хаагуур ч
гарчихдаг болжээ. Гэхдээ л байгаль юм хойно хангайн нутгаар бороо их
орсон үед Байдрагийн гол хилэгнэж Хөх эргийн гарам-ын айлууд буурь
сэлгэдэг аж. Байдрагийн голоо даган нутагладаг эндэхийн айлууд цайны
газар, дэн буудал, дугуй засвар, худалдаа наймаа гээд аян замын
хүмүүсийн бүхий л хэрэгцээг хангаад олон жилийг үджээ. Бидний захиалсан
хоолыг 20-30 минутад хийчихжээ. Порц ихтэй, үнэ хямдтай жинхэнэ монгол
цуйван, хоолоо дагаад халуун хар нь үнэгүй. Хүн бүр өөрт ногдох хувиа
барсангүй. Хээрийн хүн хээгүй гэдэг хойно үлдсэн хоолоо гялгар уутанд
савлуулаад замдаа гарлаа.

Тойрсон тал, төөрсөн аялал

Одоо
бидний өмнө ус ч уул, айл ч амьтан үгүй чилийсэн хоёр тал бий. Энэ хоёр
талыг барж байж л Говь-Алтай аймагт хүрнэ. Нэг нь Шалын хоолой, нөгөө
нь Дэлгэрийн тал. Нийлээд 280-д километр. Шалын хоолойн дэржигнүүртэй
замаар явах машины тоос бараг л 10-д километр сунаж байсан болохоор
цувааныхан нэлээд зайтай цуварч байлаа. Хааяа давсаг суллаж тамхилах
гээд машинаас буухад сауны хаалга нээгдэж байна уу гэлтэй халуун агаар
амьсгаа боогдуулж, шаахайн улыг халуун элс нэвт төөнөнө.  Машинаас
буусан хэргээ хурдхан амжуулаад л машиндаа сууж салхи татуулан давхихад
сая л нэг амьсгаа жигдэрч зүйрмэглэх нь зүйрмэглэж, туршлагатай жолооч
маань зэрэглээтсэн талд сунах зах хязгааргүй замаа ширтэнэ хааз
гишгэсээр. Гурван цаг орчим давхиж Шалын хоолойг тууллаа. Одоо
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Дэлгэрийн тал эхэллээ. Бас л урт
тал. Дэлгэрийн тал дуусаад л аймгийн төвд хүрэх гэнэ. Аз ч гэх үү эз ч
гэх үү манай жолооч цуваанаасаа түрүүлж яваад Дэлгэрийн талыг тойроод
шууд л Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг уул ус, ургамал мод
жигдэрсэн баянбүрдэд ороод ирлээ. Элбэг устай горхи урсаж, улиас,
хайлаас, тоорой ургасан, айлууд нь хайс хатгаж ногооныхоо талбайг
хамгаалсан харагдана. Энэ баянбүрдийг Хүрхрээ гэдэг ажээ. Нутгийн хүнээс
зам асуулаа. Бид 60-д километр тойрч байж Сутай хайрханы өврөөр явж,
алт илрээд нинжа сүрэглээд байдаг Бигэр сумаар дайрч байж аймаг орох
гэнэ. Чилийсэн талаар давхиж байхаар уул устай газраар явах нь мань
мэтэд сонирхолтой санагдана. Цувааныхандаа хэл дуулгах санаатай гар
утасны сүлжээ орсон газрыг нутгийн хүнээс асуувал энүүхэнд хөх уулын
хормойд гэнэ. Энүүхэнд гээд байгаа хөх уул нь багаар бодоход л 20-иод
километр. Энэ үү хэмээн тэр хөх уулыг нь заана лавлахад, тиймээ манай
хүүхдүүд өдөрт хэд хэдэн удаа утсаар ярих гээд л гүйгээд байдаг гэлээ.
Цаст Сутай хайрханы өврөөр явсаар Бигэр суманд ирлээ. Сумынхан нам гүн.
Говь-Алтай аймгийн таван хүн тутмын нэг нь Бигэрт нинжа хийдэг, зундаа
нинжа хийхээр ирсэн хүмүүсийн тоо 15 мянгад хүрдэг гэнэ. Бигэр сумаас
аймаг ортол 110 километр байгаа ажээ.

Алтаар гагнагдсан алтай нутаг

Нар
шингэж байхад аймгийн бараа харагдлаа. Бигэр сумаас аймаг руу орох
замыг алтны наймаачид “хаасан” харагдана. Аймаг орох хүн бүрээс л алт
асуух аж. Цагийн бүслүүрээс болоод Алтай нутагт орой нар шингэж, өглөө
хүүшлэж мандана. Бидний буусан буудал яг захынхаа хажууд. Нам гүн
буудалд буужээ гэж бодож байтал үгүй юмаа. Бямба гаригт зах нь амардаг
болохоор л тэгсэн гэнэ. Ням гаригийн өглөө нам гүнийг эвдэн цагаан
хоолойгоор,
-Алт авна, алт авна  гэж цуурайтууллаа. Удсан ч үгүй хот
явна, хонь, ямаа зарна  гэсээр зарлалууд үргэлжилсээр. Аймгийнхан
цугладаг ганц газар энэ. Ихэнх залуус нь биллярд тоглож өдрийг барна.
Аймгийн захыг сонирхон жаал алхлаа. Хамгийн гүйлгээтэй бараа хятадын
ногоон түмпэн, хувин хоёр бололтой. Энэ барааг л зарсан лангуу олон.
Арга ч үгүй биз дээ. Аймгийн таван хүний нэг нь нинжа гэхээр. Нутгийн
брэнд болох “Алтай” дарс, “Бигэр” виски, сулийн болон сулхирын гурил
сонирхов. Сулийн, сулхирын гурил нэг килограмм нь 10-15 мянга гэнэ.
Ходоод болон элэг муутай хүмүүст таарсан эд аж. “Алтай” дарс, “Бигэр”
вискиний хувьд эмчилгээний журмаар өглөө оройдоо хүртэхэд юм юманд л
сайн гэнэ. Гадныхан ирэх сургаар наймаачид нь брэнд бүтээгдэхүүнээ
жаахан шаглачихна. Захынх нь үүдээр мотоцикль болон машинтай хүмүүс
халтуур хүлээнэ зогсоно. Аймаг дотроо явахад  мотоцикль бол 1000 төгрөг,
машин 1500 төгрөгөөр үйлчилнэ. Аймгийн төвөөр явлаа. Гаднаас ирсэн
хүмүүсийн хамгийн их очдог газар нь “Алтайн бахархал” толгой. Хотынхоор
бол Зайсан толгой юм уу даа. Ус ховордсон газар боловч хотод ч ховорхон
усан оргилууртай. Аймгийн 70 жилийн ойгоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 200
сая төгрөгөөр иж бүрэн усан оргилууртай болгосон нь энэ гэнэ. Усан
оргилуур нь 380 вольтын 11 мотортой, шөнөдөө гэрэлтэх гэрэлтэй өдөрт 30
киловатт цахилгаан “уудаг”, голдуу баяр ёслол, томоохон зочид ирсэн үед л
ажилдаг эд. Ус нь хатуулаг ихтэй, IV зэрэглэлийн хатуулагтай ус
хэргэлдэг, гэр хорооллын өрхүүд нэг литр усыг гурван төгрөгөөр, орон
сууцны айлууд нэг кв/метр талбайн халаалтыг 1980 төгрөгийн үнэтэй авдаг
аж. Нутгийн хүмүүсийн яриагаар Алтай нутагт сүүлийн жилүүдэд бороо хур
орох нь эрс цөөрсөн нь алттай холбоотой гэнэ. Алтай нутгийн өвгөд
алтандаа гар хүрэх нь бүү хэл хөндөхөөс ч зүрхшээдэг байсан, алт газрын
гагнаас учраас алттай оролдохыг цээрлэдэг, алт дагаж гамшиг нүүрлэнэ
хэмээн хуучилна.

М.НЯМСАЙХАН
Эх сурвалж: "Ардын эрх" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж